Өнөөдөр зарим мужид гэрийн хорио цуцлагдаж, бизнестээ эргэн орж байна. 22 сая хүнтэй, аялал жуулчлал дээр амь зуулга нь тогтдог Флорида муж алдарт Майами бийчээ нээж, эргэн тойрных нь зоогийн газрууд, жижиг бизнесүүд үүд хаалгаа сөхөв. Зай барих, нүүрний хаалт хийх зэрэг шаардлага тавьж буй ч ард иргэд тийм амархан дасахгүй янзтай будилж л байна. Хориг тавигдах шийдэл дээр америкчууд 2 янзын байр суурьтай, зарим нь эсэргүүцээд, зарим нь дэмжээд, яг юу болох нь тодорхой мэдэгдсэнгүй. Трамп Ерөнхийлөгч өчигдрийнхөө яриандаа "Цар тахлаас амсах хохирол 70, 80 бүр 100 мянга ч байж магад. Энэ бол ёстой аймшиг" гэж цөхөрсөн янзтай хэлэв. Уг нь сарын өмнө хохирлыг 60, 70 мянга дээр хазаарлан зогсоож чадна гэж нэлээд итгэлтэй хэлж байсан даа. Бизнесүүд нээгдээд, олон хүн ил гарч, ичигсэд хөдлөх мэт хөдөлгөөнд ороход цар тахлын тархалт ахин дэгдэж, хохирол 200 мянгад хүрч магад гэж үзэж буй юм билээ. Гол нь халдвар авсан өвчтөнг олж тогтоох (contact tracing) ажил урагштай явахгүй, алхам тутамдаа хүний эрх, хувийн нууц зөрчих болоод удаашраад байна. Ардчилсан орны нэг зовлон үүнд оршиж байна.

Амралтын өдөр дуртай номоо эргүүлж тойруулан харж сууна. Эх хэлээ эрхэлж сурсан, орос хэлийг цэргийн онцгой дэгээр, англи, япон хэлийг амьдралын зайлшгүй шаардлагаар үзсэн нэгэн тул орос ном барьж авбал нэг л яарах сэтгэл төрөөд, шуурхай уншдаг сонин дадалтай болчихсоноо өөрөө ч сайн мэддэггүй билээ. Хөх нуурын монгол, сүмбэ хамба Ишбалжирын 8 боть сүмбүмийн 1-р боть болох Галбарвас модон хэмээх зохиолыг ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын төвдч эрдэмтэн Р.Е.Пубаев 30 орчим жил харьцуулан судалж, "ПАГСАМ-ЧЖОНСАН: памятник тибетской историографии XVIII века" гэсэн нэртэй энэхүү номыг 1981 онд хэвлүүлжээ. Саяхан захиалж авсан энэ номыг бариад авлаа. Галбарвас модон судрыг төвдч П. Ням-Очир орчуулж, түүнийг өөд болсон хойно төвдч Б.Няммягмар хянаж, төвдч Г. Ням-Очир хэвлэн олны хүртээл болгосон билээ. Пубаев энэхүү "Дээдийн ном Энэтхэг, Төвд, Хятад, Их Монголын оронд дэлгэрсэн түүх Галбарвас модон" судрын гар бичмэлээр үлдсэн В.П.Васильевын орос орчуулга, Сарат Чандра Дасын англи орчуулгыг Ишбалжирын төвд эхтэй тулгаж тус шүүмж номоо бичсэн ажээ. Хүн төрөлхтний соёлын түүхэнд үнэт хувь нэмрээ оруулсан сүмбэ хамба Ишбалжирын бүтээлийг задлан шинжилсэн энэхүү номыг амтархан уншиж эхлэв. Хувийн сонин гэвэл ийм байна.

Өчигдөр Майн нэгний жагсаал хөрөнгөтний газар болж, зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс энд тэнд эмх замбараагүй жагсаж, ажлын хамгаалалтыг сайжруулж, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардсан байна. Харин хүчээр тараалаа, барилаа гэж дуулдсангүй. Бодвол болдог юм болдгоороо тайван болоод өнгөрсөн янзтай. Сан Франциско хотын дарга Лондон Брийд 8 мянга орчим буудлын өрөөг гэр оронгүй хүмүүст зориулан гаргахаар төлөвлөөд, 2 мянга орчим өрөө бэлдэж, мянга гаруй орон гэргүй хүмүүсийг оруулж, ажлын гүйцэтгэл нь урагш муутайхан яваа ажээ. Үүнд бухимдсан гэр оронгүй хүмүүс хотын захиргааны хавийн замыг хааж, корона вирусээр өвчилж үхсэн хүний дүр эсгээд, шар цэцэг тэвэрч, зам дээр хэвтэж, бухимдлаа тайлжээ. Хотын захиргаа хичээж буй ч хийдэг хэд нь цөөн тул ажил нь урагшлахгүй байна гэнэ. Өдөр намайг хотын захиргааны араар гарахад зам сайхан чөлөөтэй болсон байна билээ.

Майн баярын цас, шороотой хуйсгануур өдөр бид туг лоозон бариад, гар хөлөө бээрүүлэн барин, ёстой нусан дарцаг болж жагсдаг байж билээ. Даян дэлхийн үгээгүй ядуус нэгдэгтүн! Майн нэгэн мандтугай! Мао Цэдүн сөнөтүгэй! Манай сургууль хөгжтүгэй! гээд амандаа орсныг орилж, аль болох зугаагаа гаргадаг байв. Мао гэснээс мориор сургуульд явдаг байсан намрын нэг сэрүүн өдөр хичээлдээ иртэл ангийн багш маань "Өнөөдөр Мао Цэдүн үхсэн, хичээл орохгүй, та нар чөлөөтэй тоглож болно" гэж хэлж, магнай хагартал баярлуулж билээ. Түүнийг ер мартдаггүй юм. Олон улсын ажилчдын баярын энэ өдөр манай энд зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс ажлын нөхцөл, цалин хөлсөө сайжруулахын төлөө жагсаал хийнэ гэнэ. За ингээд их зохиолч Д.Нацагдоржийн адил Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэх нээ. Түүнийг Германд сурч байснаас хойш бараг 100 жил өнгөрсөн ч ядуусын тэмцэл яг хэвээрээ байна уу даа.

Дэлхийн улс орнууд их хэмжээгээр Хятадын бараа нийлүүлэлтээс хамаарч байснаа ухаарч засах оролдлогыг хийж эхэлж байна. Quad бүлэглэлийн гишүүн улсууд Япон, Америк, Автрали, Энэтхэг улсууд дээр нь Вьетнам, Солонгос, Тайван зэрэг азийн орнуудыг нэмж оруулж, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх тал дээр ярилцаж эхэллээ гэжээ.

Цар тахал тархаж дэлхий сандарч байгаа ч сайн сайхан зүйлс жамынхаа дагуу үргэлжилсээр.

Хэдийгээр олон ажил бизнес түр хаалгаа хааж, зарим нь ажилчдаа цөөлсөн нь ч ажилч, сэтгэлтэйгийнхээ ачаар монголчууд маань ихэвчлэн авч үлдсэн хэдхэн ажилчид дотор нь орчихсон гялалзуулж байнаа.

Солонгос улс хатуу хөл хорионы дараа дүрэм журамтайгаар нээгдэж эхэлжээ. Уулзалт хуралд оролцогсод бүгд маск зүүх ёстой, ресторанд хоол идэхдээ ширээнд зэрэгцэж эсвэл зиг заг хэлбэрээр солбиж сууна, зочныг гарсны дараа зочид буудлын өрөөг 15 минут агааржуулах, зоо парк, аквариумд хүмүүс бие биеэсээ 6 алхам зайтай байх гэхчилэн бараг бүх зүйлд дүрэм гаргажээ. Өнгөрсөн 4 дэхэд христийн сүм үйл ажиллагаагаа эхэлсэн ба бүх хүн маск зүүх, дараа нь мөрлөж тогтоохын тулд ирциыг нариын саын бүртгэх заавар өгчээ. Хүүхдийн сургуулиуд хаалттай хэвээрээ байна. Олон зааврыг ч Солонгосчууд үг дуугүй сайн дураараа сайн мөрдөнө дөө.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу