Ажил ч эхлэж, раажав хүүгээ ч сонсож явна. Америк улсад цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 2 саяд ойртож, нөгчигсдийн тоо бум хүрэв. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш оролцсон олон дайн тулалдаанд амь үрэгдэгсдийн тоог энэ хохирол хол давжээ. Дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, төрийнхөө тугаа гудайлгасан амралтын дулаахан өдрүүдэд Калифорниа мужийн олон арван мянган хүн далайн хөвөөгөөр салхинд гарч, бие сэтгэлийн алжаалаа тайлахдаа хүн хоорондын зайгаа сайн барьсан хэмээн мэдээлэв. Дүрэм журмаа ухамсартайгаар дагаж буй нь үнэн бол нэн сайн хэрэг дээ.

Америкийн ихэнх мужууд, түүний дотор Калифорни муж маань тодорхой шатанд эдийн засгаа нээлээ. Мужийн захирагчийн гаргасан шатлалаар бид 2-р шатандаа буюу дэлгүүр, ресторан (зааландаа үйлчлүүлэгч хүлээж авах), казино гэхчилэн ихэнх бизнесүүд энэ 7 хоногт, зарим нь 5-р сарын сүүлээр, 6-р сарын эхэнд ажиллаж эхлэхээр болжээ. 3-р шатанд буюу сүм хийд, фитнэс, парти, концерт гэхчилэн олноор нэг дор цугларах үйл ажиллагаанууд нээгдэх ёстой ч одоогоор олон христийн сүмийн пасторууд нийлж Калифорнийг шүүхэд зарга мэдүүлсэн ба 5/31 гэхэд зөвшөөрсөн зөвшөөрөөгүй үйл ажиллагаагаа нээхээ мэдэгджээ.

Бидний амьдарч буй Сан Франциско хотод уг нь цар тахлын тархалт харьцангуй бага байгаа юм. Удахгүй хориг тавигдахаар юу болохыг эс мэднэ. Цар тахал дэлгэрч эхэлснээс хойш энд 2320 хүн халдвар авч, 40 хүн нүд аньсан байна. Бэй Аэриагийн хэмжээнд бол үүнээс их, Калифорниа мужийн хувьд 90102 хүн халдвар авч 3660 өөд болсон. Ийм үед эдийн засгаа нээх нь эрсдэл мэдээж дагуулна. Халдвар 2 дахь давалгаа үүсэх, халдварын шинэ голомтууд бий болохыг хэн байг гэх вэ? Гадуур явж буй хүмүүсийг хараад байхад маск хийсэн нь нэн цөөн харагдана. Бүгд л Трамп Ерөнхийлөгчийг дуурайдаг юм уу бүү мэд.

Өнөөдөр амралтын хоёр дахь өдөр. Раажав хүүгээ сонсолгүй, гайтай хар коронагийн мэдээнээс холдон чихээ амрааж, гэр орондоо босон суугаа элдэв юм ухаж түнхээд, амралтын цагаа өнгөрөөв. Хоёр жилийн өмнө ээжийг өөд болсны дараа хэдэн эрхи, пад хийж буян хурааж, мани тоолоорой хэмээн ойр дотны хүмүүстээ өргөсөн билээ. Бөөр нь дутахаар нь үлдээсэн модон падны хоёр хэсэг бэлдмэл байв. Бөөр хийчихээр хиймэл үрэл олсон ч нүх нь нарийдаад хэлхэж чадахгүй, нүхийг нь томсгох гэхээр лазан хөдлөөд, боож тавиад, тэгээд таг мартчихжээ.

Өглөө үүр хаяарахад зүүдлээд сэрчихлээ. Банжаагийн цагаан толгойтой хайнагийн үнээнд долоолгож, хэл нь ширүүн гэгч чигтэйхэн тул "Юу билээ энэ чинь?" гэж бодоод гэнэт өндөсхийтэл солонгос жинтүү дэрний хатуу оёон дээр нүүрээ наагаад хэвтсэн байжээ. Би хатуу жинтүүнд дуртай тул солонгосын ширүүн дэр надад их зохидог юм. Эргэж хөрвөөд жаахан бодол болж, халзан хайнагаа хэсэг бодлоо. Сүү ихтэй сайхан амьтан байж билээ. Банжаа сумын төвийн артельд Уянга хийцийн гэрийн мод цоохорлодог тул цайны сүүний хоёр үнээгээ буурайгийнд тавьдаг байв. Зун завод хаагдтал сумын төв рүү нормын сүүгээ зөөхдөө долоо хоногтоо 2 удаа 3 литр сүү хүргэж өгдөг байлаа. Тэр халзан хайнаг сүү ихтэй болохоор манайх заводын нормоо эрт гүйцээдэг, тэгээд зуны дунд сараас эхлээд сэрүү ортол 4 гүзээ өрөм авчирдаг, сүү хөлдөх цагаар 10 гаруй тогоо сүү хөлдөөчихдөг айл байлаа. Хайнагт долоолгож байна гэж зүүдэлснээсээ болоод эмээтэй ярьснаа санав.

Цар тахлын статистикт тодорхой дүн шинжилгээ хийж, нэлээд ул суурьтай дүгнэлтүүдийг шил дараалан гаргаж байна. Хүн хоорондын зай барих журмаа нэг 7 хоногийн өмнө гаргасан бол 36 мянган хүний, 2 долоо хоногийн өмнө гаргасан бол 55 мянган хүний амь нас аврах байлаа гэж харуусан ярьж байна. Хэрвээ анхнаасаа хүн бүр амны хаалт хийсэн бол дор хаяж Хятадын хэмжээнд дарж авах байлаа гэж би бодов. Цагаан хүмүүсийн биеэ хэт тоосон эго ихтэй, бусдын үгийг тоодоггүй бардам зан нь ийм бэрх байдалд хүргэж, олон хүний амь насыг авлаа даа хөөрхий. Тэгэхээр Америкийн төр засаг, тэр тусмаа ноён Ерөнхийлөгч цар тахлыг хавтгайруулж алдсандаа түмэн буруутай бус уу? Америкт дээрх нь суудлаа, доорх нь гүйдлээ олохгүй аанай байсаар цар тахлын хазаарыг нь эвхээд сул тавьчихлаа даа. Монгол улс бол маш зөв бодлого явуулж, шуурхай хөдөлсөн учир бусдад үлгэр дуурайлал болж, олон улсын байгууллагуудын магтаал сайшаалыг удаа дараалан хүлээж байна. "Монголоос сур" гэвэл эд нарын хөх инээд нь хүрэх байх даа. Гашуун үнэнийг хэлэхэд Монголоос америкчууд сургамж авах хэрэгтэй байна.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу