Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр зарим мужид гэрийн хорио цуцлагдаж, бизнестээ эргэн орж байна. 22 сая хүнтэй, аялал жуулчлал дээр амь зуулга нь тогтдог Флорида муж алдарт Майами бийчээ нээж, эргэн тойрных нь зоогийн газрууд, жижиг бизнесүүд үүд хаалгаа сөхөв. Зай барих, нүүрний хаалт хийх зэрэг шаардлага тавьж буй ч ард иргэд тийм амархан дасахгүй янзтай будилж л байна. Хориг тавигдах шийдэл дээр америкчууд 2 янзын байр суурьтай, зарим нь эсэргүүцээд, зарим нь дэмжээд, яг юу болох нь тодорхой мэдэгдсэнгүй. Трамп Ерөнхийлөгч өчигдрийнхөө яриандаа "Цар тахлаас амсах хохирол 70, 80 бүр 100 мянга ч байж магад. Энэ бол ёстой аймшиг" гэж цөхөрсөн янзтай хэлэв. Уг нь сарын өмнө хохирлыг 60, 70 мянга дээр хазаарлан зогсоож чадна гэж нэлээд итгэлтэй хэлж байсан даа. Бизнесүүд нээгдээд, олон хүн ил гарч, ичигсэд хөдлөх мэт хөдөлгөөнд ороход цар тахлын тархалт ахин дэгдэж, хохирол 200 мянгад хүрч магад гэж үзэж буй юм билээ. Гол нь халдвар авсан өвчтөнг олж тогтоох (contact tracing) ажил урагштай явахгүй, алхам тутамдаа хүний эрх, хувийн нууц зөрчих болоод удаашраад байна. Ардчилсан орны нэг зовлон үүнд оршиж байна.

Трамп Ерөнхийлөгч вакциныг оны сүүлээр баттай хийнэ гэж ам гарах нь түүний сонгуулийн үнэлгээгээ алдахгүй гэсэн бодлоготой л холбоотой болов уу? Эмч мэргэжилтнүүд болохоор вакцин гарахад ядаж жилээс жил хагасын хугацаа хэрэгтэй гэж үзсэн хэвээр байна. Урьдчилан сэргийлэхэд цаг алдсанаа замхруулахын тулд "Хятад үүнд буруутай, тэднийг ямар нэгэн байдлаар шийтгэх хэрэгтэй "гэж Трамп Ерөнхийлөгч давтаж хэлсээр байна. Шийтгэлийн нэг хэлбэр нь Хятадын барааг импортолж авахгүй, үндэснийхээ үйлдвэрлэлээ сэргээх эвсэл байгуулах төсөл яригдаж байна. Тэр эвсэлд Америк, Япон, Энэтхэг, Австрали зэрэг орнууд орохоор шийджээ. Америкаас хувь заяа нь хамааралтай Өмнөд Солонгос одоохондоо төвийг сахисан байртай харагдавч орох нь дамжиггүй. Европын орнууд нэг сэхээ авахаараа нэмэгдээд ороод ирнэ биз ээ. Монголчууд бид чимээгүйхэн сууж байгаад хүнснийхээ хэрэгцээг дотооддоо хангадаг болбол зүгээрсэн.

Манай улсад халдвар тээн орж ирж буй хүмүүсийн тоо бараг өдөрт нэгээр нэмэгдэж буй нь базаахгүй хэрэг ээ. Уг нь дээр дооргүй хичээж л байна даа. Харин тэр хорионд суугаа хүмүүсийн хоол ундыг тойрсон хэрүүл уруул тасрах янзгүй байна. Хол ундны хэмжээг тааруулсан хүмүүс гүйцэтгэлээ нарийн хянах хэрэгтэй. Гүйцэтгэл дээр нь ашиг хийх сонирхол хавчуулагдвал хоолны чанар буурна. Сэтгэл жаахан дутахад л үйлчилгээ назгайрч, хүний гар дээр хүйтэн хоол цай очно. Сэтгэл санааны дарамттай, хоригдож суугаа иргэд бухимдаж уймраад дархлаа нь бас суларна. Тэгэхээр гүйцэтгэлийн давхар хяналт үнэхээр хэрэгтэй байна. Америкт бол иргэдээ өлсгөхгүй хэмээн маш их анхаарал тавьж, аль болох үнэгүй, чанартай хоол түгээх аян хаа сайгүй явагдаж байна. Баячууд ч гар, сэтгэл хоёроо тэнийлгэж байна. Хүн өлсөхгүй л бол уурлахгүй, уурлахгүй бол бухимдахгүй байх билээ. Хоригдож буй хүмүүсээ сэжиглэж байлаа ч ялтны хэмжээнд хүйтэн харж, хахир хандаж болохгүй шүү.

Идэж уугаад, унтаж хэвтээд байхаар үс ургаад, сангасвагийн зиндаанд хурдан хүрчихэв. Алтаа маань үсчин болж, би ч үсээ засуулж толгой хөнгөрчихлөө. Одоо ингээд номонд мэргэн, нойронд сэргэг болно биз ээ. Шинэ долоо хоногтоо санасан ажлаа сайтар амжуулж, санаа сэтгэл дүв дүүрэн байж, түвшин сайхан жаргаарай!

Жич: Цахим Өртөөний андууд маань цар тахлын тухай цаг алдалгүй мэдээлж буйг эндээс үзнэ үү? https://www.tsahimurtuu.org/manaikhan/index.php/covid-19

Ш.Баатар
2020.5.4

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу