Тээр жил тэмээн жилийн хавар Стэнфорд дээр оройгоор хичээл авч байх даа

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн хагас бүтэн сайнд дулаахан сайхан байсан тул манай Калифорни мужид олон хүн далайн хөвөө явж, биич дээр амарч өнжихдөө хоорондын зайгаа бариагүй ажээ. Үүнд мужийн захирагч Гэйвн Ньюсом нэлээд дургүйцэж, "Корона вирус хагас бүтэн сайнд амраад, гэртээ харьчихна гэсэн юм байхгүй. Дулаарлаа гээд алга болчихгүй, корона вирус бидэнтэй хамт байгааг үргэлж санах хэрэгтэй" гэж хатуу анхааруулав. Сан Франциско хотын дарга Лондон Брийд 5 сарын 4 буюу ирэх нэгдэх өдөр цуцлах байсан гэрийн хориог 5 сарын 31 болтол сунгаснаа зарлалаа. За ингээд ахиад нэг сар гэртээ суух нигууртай боллоо. Гэрийн хорио нь Бэй Аэриад цар тахал хүчтэй дэлгэрэхээс сайн хамгаалж, үр дүнтэй болж байна. Гэхдээ айхтар өвчин газар авсаар буй тул нутаг, хэл ус нэг андууд минь хэрхэвч назгайрч болохгүй шүү.

Корона вирусээс шалгаалсан клиник үхлийн талаар халдварын голомтод ажиллаж эмч нар тодорхой ярьж эхлэв. Цар тахлын голомт Нью Йорк хотод халдвар авсан хүмүүсийн дотор цус харвалтаар үхэж буй нь 7 дахин ихэссэн байна. Үүнд 30-40 насны эрчүүд их хамрагдаж байна гэнэ. Залууст хүндээр тусдаггүй гээд хэнэггүй яваад байж огт болохгүй нь байна шүү! Халдвартай залуусын цус харваж үхэж буй гол шалтгаан нь корона вирус тэдний цусны бүлэгнэлтийг ихсэж, түүнээс үүдэж цус харваж буй гэнэ. Цус харвалтын талаар жаахан дэлгэрүүлээд хэлье!

Ямар нэгэн өвснөөс болж, цусны хана гэмтэж, цус алдахад цусны бүлэгнэлээ ихэсгэх замаар нөжрүүлж, гэмтсэн хэсгийг бөглөж эдгээх процессыг эмнэлгийн хэлэнд хемостатис (hemostatis) гэнэ. Хүний биеийн онцлогоос шалтгаалж, цусны бүлэгнэлт муу бол цус алдана. Хэт цус алдалт (excessive bleeding) нь үхлийн аюултай. Цусны хэт бүлэгнэлт (excessive clotting) нь цус харвалт, зүрхний шигдээсийн гол эрсдэл үүсгэнэ. Цус харвах гэдэг нь тархины цусан хангамжийн нарийн судсыг нөж бөглөж, судсаар шахагдах ирэх цусны түрлэг бөглөсөн хэсгийн судасны хананд даралт үүсгэн, ачаалал өгч томорсны улмаас судас хагарч тархинд цус алдахыг хэлнэ. Корона вирусын нэг шинж нь ялангуяа залуу хүний цусны бүлэгнэлтийг хэт ихэсгэж, цус харвуулж байгаа ажээ. Раажаваар ярьсныг биш би өөрөө баяжуулаад бурлаа.

Миний ийм зүйл бурах болсон шалтгаан нь 7 жил анагаах ухааны их сургуульд сурж, эрдэм шинжилгээний ажил хийсэнтэй холбоотой билээ. Тодруулбал Япон улсын Хамамацу хотын анагаах ухааны их сургуульд 6 жил, Харвардын анагаах ухааны салбарт 1.5 жил сурч ажилласан юм. Ядаж миний судалгааны нэг хэсэг нь цус харвалтын дараах тархины цусан хангамжийн эмчилгээг хянах мониторинг системийг хиймэл оюуны (AI) фазилогикийн аргаар сайжруулах төсөл байв. Товчоор хэлбэл цусны бүлэгнэлтийг бие организмд нь тааруулаад эмчлэх төхөөрөмж болно. Хэдийгээр 25-30 жилийн өмнөх ажил байсан ч анагаах ухааны үндсэн зарчим энэ хооронд тийм их өөрчлөгдөөгүй тул дээрхийг би аймшиггүйгээр ярилаа. Монгол, Орост анагаах ухаан сураагүй тул япон, англиар сурснаа өөрийнхөөрөө орчуулаад буулгав. Манай эмч нар ойлгоно буй за.

Хэт буруу ойлголтоос болж Трамп Ерөнхийлөгч Хятадын Ухань дахь биологийн лабораторид Америкийн Үндэсний анагаах ухааны хүрээлэнгээс (NIH) хэрэгжүүлж байсан төслийн санхүүжилтийг зогсоов. Ингэснээр САРС-аас хойш бүтээж ирсэн, корона вирусийн сантай эрдэмтэд харьцаж чадахаа болив. Олон арван сая доллар зарж хамтын судалгаа хийж ирсэн хайран хөдөлмөр талаар боллоо. Сарьсан багваахайгаас авсан олон төрлийн корона вирусын нэг төрөл нь одоогийн тархсан вирустэй тун ойр байгаа юм. Тэр ДОХ дээр ажиллаж Нобелийн шагнал хүртсэн эрдэмтний хэлсэн "корона вирус бол лабораторид хийгдсэн" гэсэн мэдэгдэл нь бүрэн нотолгоогүй зүйл болно. Корона вирусын ДНХ-гийн нэгэн задаргаа (DNA sequence) нь байгаль дээрхээс өөр байна гэж үзсэнээс ингэж хэлсэн хэрэг. Бүрэн нотолтол энэ асуудлаар улс төр хийх дэмий л баймаар санагдана. Үг олдож, үхэр холдлоо, өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

Ш.Баатар
2030.4.29

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу