Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай энэ хавийн бага, дунд, ахлах сургуулийн хичээл өнөөдөр эхэллээ. Америк багш нар гэнэт онлайнаар хичээлээ заах том шилжилт хийж байна. Эцэг эхчүүд болон сурагчдад дүүргийн захирал өчигдөр видео бичлэг явуулж, онлайнаар хичээл сургууль хэрхэн үргэлжлэхийг тайлбарлажээ.

Иллиной мужийн боловсролын газраас онлайн буюу зайн сургалт хэрхэн явуулах тухай 60 хуудас заавар гаргасныг сургууль, багш бүр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ баримтад дурдсан хамгийн чухал хэсэг нь "хүүхдэд боловсролын ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй" (“Do no educational harm to any child.”) бодлого санагдлаа. Айл гэр бүхэн технологийн ялгаатай байдалд байгаагаас гадна нөхцөл байдлаас болоод өөр олон асуудалтай тулгарч буйг, ийм үед хүүхэд бүрт адил тэгш боломж олгохын чухлыг дурджээ. Энэ асуудалтай холбоотойгоор маш олон их дээд сургууль оюутнууддаа энэ улирал дүн тавихгүй гэж шийдэж байгаа. Харин манай энэ сургуулийн дүүрэг хүүхдүүдэд дүн тавих юм байна. Аль ч хичээлд одоо байгаа дүнгээс нь доош үнэлгээ өгөхгүй бөгөөд A, B, C, D, I (Incomplete) гээд F дүн тавихгүй гэжээ.

Ахлах сургуулийн хүүхдүүд өдөрт 270 минутаас илүүгүй хугацааг хичээл хийхэд зарцуулна гэж зааварт тусгасан байна. Багш нар сурагчдын үзэх хичээл бүрт 45-90 мин хийх даалгавар бэлдэнэ.

Америкийн сургуулиуд ямар дүүрэгт байгаагаасаа хамаараад нөөц бололцоо нь ялгаатай байдаг. Өнөөдрийн Чикаго Трибьюн сонины тэргүүн нүүрэнд гарсан мэдээнд хотын боловсролын газраас сурагчдад зайнаас сурах бололцоо бүрдүүлэхийн тулд коронатай тэмцэх төсвөөс 75 сая доллар зарцуулж, компьютер болон бусад сургалтын зайлшгүй материалыг гэр гэрт нь хүргэж өгч байгаа гэсэн байна лээ. 100000 электрон төхөөрөмж тараах юм байна. Манай энэ хавийн сургуулиуд хүүхэд бүрт зөөврийн компьютер хичээлийн жилийн эхэнд тараагаад хэдэн жилийн турш мөнгий нь эцэг эхчүүдээр төлүүлдэг. Тийм болохоор техникийн хувьд бэрхшээл гайгүй байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу