Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Нуурын сэрүүн таатай уур амьсгал, цастай, бороотой, нартай, хуртай жилийн дөрвөн улиралтай Чикаго хот эх нутгийн цагийн өнгийг эрхгүй санагдуулдаг. Олон үндэстэн ястан хамтаар амьдардаг Чикаго хот орчимд одоогоор 10.000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр Монголчуудыг нэгтгэх, хамтын хүчээр нийгмийн олон ажил зохион байгуулах, нутаг нэгтэндээ тус дэм болох зорилгоор байгуулагдсан Монголчуудын нэгдэл, төв холбоод энд нэгээр зогсохгүй. Өдгөө байгуулагдаад 18 жилийн нүүр үзэж буй Чикаго хот дахь “American Mongolian Association”-ы тэргүүн Б.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе, өөрийгөө товчхон танилцуулаад Чикаго хот дахь Америкийн Монгол Холбооны зүгээс сүүлд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулна уу

Өдрийн мэнд хүргэе. Миний хувьд Америкад анх 1998 онд ирээд оюутан болж суурьшсан. Висконсин мужид сурч, амьдарч байгаад 2006 оноос хойш Чикаго хотод ажиллаж амьдарч байна. Үндсэн ажил “United Airlines” компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг. Амралттай байх цаг үеэ ашиглаад Монголчуудын дунд зохиогдож байгаа арга хэмжээ, нийгмийн ажилд боломж заваараа идэвх санаачилгатай оролцож ирсэн. Америкт ирээд анзаарсан зүйл бол Монголчууд мэдээлэлгүйгээс болж их олон боломжийг алддаг. Би  өөрөө ч ялгаагүй тийм замыг туулж байсан болохоор Монголчууддаа хэрэгтэй мэдээллийг түгээж, туслах юмсан гэж хичээж ирсэн.  Анх Монгол элчингийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээний мэдээллийг түгээх, Монголчууд хоорондоо холбогдох е-майл группийг үүсгэж байсан. Тухайн үеийн технологийн боломж нь тийм байж. Яваандаа найзтайгаа хамтраад “ChicagoMongols.com” вэбсайтыг ажиллуулж, Чикаго хавийн Монголчууд өөр хоорондоо холбогдох шинэ гарцыг нээж байсан. Одоо бол Facebook группүүд маш идэвхтэй ажиллаж байна. Анхны Чикаго Монголчуудын холбоог байгуулсан хүмүүс нутаг буцах үедээ бидний хэдэн залуучуудад холбоогоо хүлээлгэж өгөөд, бид албан ёсоор дахин бүртгүүлж ажиллаж эхэлсэн. Гурав, гурван жилээр тэргүүнээ сонгох зарчмаар ажиллаж, одоогоор миний бие хариуцаад явж байгаа. 

tsegi2

Цар тахал гэж хэн хүний төсөөлж байгаагүй цаг үеийг бид хамтдаа даван туулж байна. Олон хүмүүс орлогогүй, ажилгүй боллоо. Түр хугацаагаар ирсэн хүмүүст хамгийн хүнд тусч байгаа. Суурин амьдардаг Монголчууд маань боломж хэрээрээ гацсан хүмүүсийг олон сараар гэртээ байлгаж байна. Нэг дор зургаан хүнийг байрлуулж байгаа айл ч байна. Өөрийн эрхгүй бид юу хийж чадах вэ? гэж бодож эхэлсэн. Монголынхоо Консулд дэм болж нутаг буцах хүсэлтэй хүмүүсийг бүртгүүлэх, шаардлагатай бичиг баримт, эмчийн дүгнэлт зэрэг хэрэгтэй материалыг бүрдүүлэх, орчуулах, илгээх зэргээр бидэнд хандсан хүмүүст чадах бүхнээрээ тусалж байна. Бас хоол хүнс түгээх ажлыг холбооны зүгээс зохион байгуулж, Монголчууддаа өчүүхэн ч атугай тус нэмэр болохыг хичээж байгаа.

Хоол хүнс тарааж байгаа бичлэг Facebook-р явж байгаатай цөөнгүй тааралдсан. Монголчууд өөрсдөө цуглуулсан хүнс үү? 

Эхний удаад холбооны зүгээс өөрсдөө хүнс худалдаж аваад тарааж байсан. Дараа нь “Asian American Law Enforcement Association” гэж байгууллагатай холбогдоод учир байдлаа хэлээд тусламж авсан. Тухайн байгууллагийн зүгээс нийт гурван удаа бидэнд хүнсний тусламж үзүүлсэн. Эхний удаад 35 хайрцаг гоймон, будаа, лаазалсан хүнс мөн 35 уут сүү, өндөг, мах, хүнсний ногоо тараасан. Ингээд тараахад ердөө хоёрхон цагийн дотор дууссан учраас дараагийн удаа бидэнд  50 хайрцаг болгож өгсөн. Сайхан сэтгэлт Монголчууд маань бас тусалж дэмжсэн. Орос талхны үйлдвэрт ажилладаг монгол ах, бидэнд их хэмжээний талх хандивлаж байгаа. Ихэвчлэн ажилгүй болсон, орлого нь багассан хүмүүс, ахмад настай хүмүүс, гэртээ олон хүн байлгаж байгаа зэрэг шалтгаантай хүмүүстээ хүрэхийг хичээж байна. Гэр бүлийн хоёр хоёулаа цар тахлаас болоод ажилгүй орлогогүй болж, бидний өгч  байгаа хүнсээр болгож байна гэж хүртэл хэлж байсан.  Монголчууд олноор байдаг газруудаараа очиж, аль болох унаа машингүй хүмүүст дөхүүлэхийг хичээж байгаа. Хүнс олгох ажлыг үндсэндээ хоёр сарын хугацаанд долоо хоногт нэг удаа тогтмол зохион байгуулсан. Одоо бол харьцангүй ажлын байрууд нээгдэж, тэр хэрээр хүмүүс ажилтай орлогтой болох эх үүсвэр нэмэгдэж байгаа учраас гарцаагүй хэрэгтэй гэсэн хүмүүстээ боломжоороо түгээж байгаа.

tsegi3

Авиа компаниуд цар тахлын үеэр ихээхэн хүнд байдалд орсон. Танай компанийн хувьд яаж нөлөөлөв?

Онгоцны үйлчлэгчээр ажиллаад 13 жил болж байна. Энэ хугацаанд өнөөдрийнх шиг ийм байдалд орж байсан удаа нэгээхэн ч байхгүй. 3-р сараас нислэг илт цөөрч, маш олон нислэг цуцлагдаж эхэлсэн. Ингээд 4 сар гэхэд дотоодын нислэг 90 хувь зогссон. Олон улсын нислэг Лондонгоос бусад бүх чиглэл хаагдсан ийм байдалтай байгаа. Миний хувьд 4 сараас хойш нислэгт огт яваагүй. АНУ-ын Засгийн газраас дотоодын компаниуддаа дэмжлэг үзүүлснийг хүмүүс мэдэж байгаа байх. "Bail Out money" энэ төслийн хүрээнд манай компанийн хувьд нэг ч ажилчнаа халалгүй, ажилчдын цалинг 9-р сар хүртэл хэвийн олгож байгаа. Ирэх сараас байдал арай дээрдэж нислэг 30 хувиар нэмэгдэнэ гэсэн мэдээлэлтэй байна.

Вирустэй холбоотой маш олон дүрэм журам шинээр баримталж эхлэх байх. Ямар өөрчлөлтүүд шинээр нэмэгдэхээр байгаа вэ?

Онгоцоор нисэх, аялах горимд тодорхой өөрчлөлтүүд орж байгаа. Бидэнд шинэчлэгдэж байгаа дүрэм журмыг танилцуулсан мэдээлэл тасралтгүй ирж байна. Үйлчлүүлэгчдийн хувьд масктай зорчино, биеийн халуунаа шалгуулна, зорчигч хоорондын зайг баримтална. Бас нэг өөрчлөлт бол нислэгийн тийзний үнэ нэмэгдсэн байна лээ. Энэ нь одоогоор цөөн нислэг үйлдэж байгаатай холбоотой байх. Тухайлбал энгийн цагт Чикаго хотоос Вашингтон Ди Си рүү цаг тутамд нисдэг байсан бол одоо өдөрт 2-3 нислэг хийж байх жишээтэй.

Америкт онгоцны үйлчлэгч болох шалгуур өндөр уу? Энэ төрлийн ажлыг сонирхож байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Хуулийн дагуу ажиллах эрхтэй, аль нэг коллеж төгссөн байхад онгоцны үйлчлэгч болох боломж хүн бүрт бий. Ялангуяа Америкт онгоцны үйлчлэгч болоход нас, зүс огт хамаардаггүй. Дээхнэ үед, ганц бие байх шалгуур тавьдаг байсан. Одоо бол хүссэн хэн бүхэнд нээлттэй. Манай компанид  67 жил онгоцны үйлчлэгч хийж байгаа ч хүн байна. Ажлаа л сайн хийж байвал нас, хүйс, царай зүс огт хамаардаггүй. Нэгээс дээш хэлтэй байх нь давуу тал болдог. Америкийн онгоцны үйлчлэгч нар өөрийн гэсэн эвлэлтэй. Тэр байгууллагаараа дамжуулаад эрхээ эдэлдэг онцлогтой. Нэг хүндрэлтэй тал нь гадны паспорттай үед тухайн зорчих гэж байгаа улс орны виз авах хэрэгтэй болдог. Америк хүнд тийм асуудал байхгүй. Америк паспортоор дэлхийн олон улс оронд визгүй зорчдог. Харин гадаад ажилчин бидэнд виз авах, сунгуулах нэмэлт ажил байдаг. Мэдээж эхний жилүүдэд амаргүй. Өдөр шөнө гэж ялгахгүй хатуу хуваарийн дагуу нисдэг учраас эхэндээ хүмүүс нэлээдгүй шантардаг. Надад ч мөн ялгаагүй ажлаасаа гармаар санагддаг үе зөндөө байсан. Олон жил ажиллах тусмаа давуу тал бий болно. Ахмад туршлагатай ажилчдаасаа эхлээд нислэгийн хуваараа сонгон, компанийн зүгээс олгох урамшуулал, тэтгэлэг нэмэгддэг. Олон газар явж үзнэ, олон хүмүүстэй харьцана. Сайхан ажил гэж боддог. Одоогоор нэг нисгэгч гурван үйлчлэгч гээд нийт дөрвөн монгол залуучууд  “United Airlines”-д ажиллаж байна. Өөр зөндөө олон монгол залуучууд энэ салбарт орж ирэх байх гэж итгэдэг. 

Эргээд монголчуудын холбооны ажил руу ороход манайханы хүсэн хүлээдэг монгол наадам энэ жил зохиогдох уу?

Энэ жил монголчуудын холбоод уулзаад наадам хийхгүй байхаар ярьж тохирч байгаа. Чикагод өвчлөл их гарсантай холбоотойгоор Иллиной муж хөл хорио цуцлах тал дээр их аажуу хандаж байгаа. 7-р сард мөн л олон хүн цугласан арга хэмжээ зөвшөөрөхгүй. Дараагийн нэг шалтаг бол санхүүгийн байдал. Мэдээж олон хүнийг хамарсан томоохон арга хэмжээ хүмүүсийн хандив дэмжлэгээр зохион байгуулагддаг. Гэтэл өнөөдөр хүмүүс санхүүгийн  хувьд ямар байдалтай байгаа билээ. Мөнгө санхүүдээ хямгатай байх ийм цаг үе ирчихээд байгаа учраас холбооны удирдах зөвлөлөөс энэ жилдээ монгол наадмаа алгасахаар шийдэж байгаа. Энэ талаар олон хүн асууж байгаа. Аргагүй биз дээ жилдээ ганц удаа тохиодог монгол наадамдаа  монгол дээл хувцсаа өмсөөд, бөхөө үзэж баясдаг. Зон олонтойгоо уулзаж сэтгэлээ сэргээдэг Монголчуудын хүсэн хүлээдэг том баяр шүү дээ. Монголчууд цөөхөнтэй ойр хавийн мужаас хүртэл хүмүүс зорин ирж оролцдог нийт 3000 гаруй Монголчууд цугладаг том арга хэмжээ. Гэвч энэ удаа биднээс үл шалтгаалах нөхцөл байдал бий болсон учраас энэ жил монгол наадам хийгдэхгүй.

Энэ мөчид холбооны зүгээс Монголчууддаа хандан юуг уриалан хэлэх вэ?

Вирус дэгдэлт эргэн нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед өмнөхөөсөө ч илүү хариуцлагатай байж, амны хаалтаа зүүн, ариун цэврийг сахиж, өөрийгөө гэр бүлээ хамгаалцгаая гэж хэлье дээ. Эрүүл байхад бид олон зүйлийг хийж чадна. Өнөөдрийнх шиг ийм цаг үед бид илүү нэгдэж, бэрх цагт олны хүчээр ядарсан нэгэндээ тус дэм болох олон ажлыг өрнүүлэх боломж байгааг цар тахал бидэнд сануулж байна. Бусдад тусална, сайн дурын ажилд оролцоно гэдэг их буянтай ажил. Хүмүүс намайг яаж энэ их ажлыг амжуулдаг вэ гэж асуудаг. Хүсэл байвал зорьсон бүхнийг амжуулж болдог санагддаг. Миний хүүхдүүд надаас суралцаж байна, гадаад улс оронд өсч торниж байгаа хүүхдүүд нутаг нэгт монгол ахан дүүсийнхээ төлөө хичээл зүтгэл гаргах ёстой юм байна гэдгийг үлгэрлэн харуулж байгаа гэж санахдаа би маш их урамшдаг. Бага зэргийн шүүмжлэл таарсан ч эндээс авах сэтгэлийн таашаал урам зориг нь илүү их байдаг. Тийм болохоор залуучууд маань өнөөдрийн ашиг харалгүйгээр ашдын тусыг бодож, сайн дурын ажилд оролцож, маш их зүйлийг сурч, хөгжиж, харилцаа холбоогоо тэлж, хөгжөөсэй гэж хүсч байна. Хүчээ нэгтгээд бид юуг бүтээж чадах вэ? Хамтдаа эрж хайцгаая. Сайн дураараа ажиллах хүсэлтэй хүмүүс бидэнтэй холбогдоорой гэж Чикаго хавьд амьдардаг монгол залуучууддаа хандаж хэлмээр байна. 

Баярлалаа, ажлын амжилт хүсье.

Т.Цэвэлмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу