Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг дээ. Трамп Ерөнхийлөгч эхлээд хумхаа өвчний эмийг корона вирусыг эмчлэхэд тустай гэж сайрхаж яриад их байсан билээ. Америкийн Өвчнийг хянах, сэргийлэх төвөөс "Хумхаа өвчнийг анагаах эм hydroxychloroquine нь корона вирусыг эмчлэхэд тустай болох нь шинжлэх ухааны хувьд батлагдаагүй. Харин зүрхний шигдээс үүсгэх өндөр эрсдэл дагуулна" гэж мэдэгдсэн юм. Гэтэл Трамп Ерөнхийлөгч корона вирусын халдвар авахгүйн тулд өөрөө тус эмийг ууж байгаа гэдгээ зарлаж, эмч нарын нүдийг орой дээр нь гаргав. Зориуд догиож, бас мугуйдлаад, тийм гоомой юм хийж байгаад чад хийвэл яана.

Ажил үйлс их, амралт чөлөө хомс, алтан шар зам дээр чамгүй цагаа өнгөрүүлж, алив төлөвлөснөө амжуулж, ард олны аяыг дагаж, аль болохоор алд биеэ ядрахгүйг хичээж, раажав хүүгийн яриаг алдалгүй сонсож явна. Цар тахлаас үүссэн асуудлууд өөр хоорондоо харилцан шүтэлцэж, арга шийдэл ч аяндаа хүндрэх төлөвтэй болов.

Амралтын 2 дахь өдөр гэртээ өнжив. Салхинд гарах гэж бодсон хэдий ч гадаа салхилж, цонхоор харагдах мод нахилзаад нэг л тав муутай харагдахаар нь гэртээ бүгэхээр шийдэв. Гэрийн хориог нэг өдөр боловч бодитоор нь хэрэгжүүлж, төлөвлөж ирсэн баримтат киногоо үзлээ. Өргөн уудам нутагтай, өнө их баялагтай монголчууд бид бусдын хараанаас гараад хагас жарныг туулсан ч юундаа ингэтэл дорвитой хөгжсөнгүй вэ? Хэрхэн яаж хууртсаар Хятадын эдийн засгийн хараанд орж, тэдний түүхий эдийн нийлүүлэгч дагуул улс болж орхив. Гэтэл Хятад өнөөдөр дэлхийд ямаршуухан байдалтай байна даа гэсэн олон бодолд дарагдаж хэвтэв.

Амралтын өдөр замд гарч раажав хүүтэй нөхөрлөлгүй, ойр зуурын ажлаа амжуулж, гэрт бодол сэтгэлээ амрааж, хааяа зурагт харсан шиг өнгөрөөв. Ямартай ч ирэх нэгдэх өдрөөс 48 мужид бизнес нээгдэх юм байна. Шинжилгээний асуудал хангалттай биш болохоор хоорондын зайгаа барьж, халдвар авахгүйн төлөө голио азаа үзэх цаг иржээ. Трамп Ерөнхийлөгчийн өчигдрийн мэдэгдлээр бол оноос өмнө корона вирусын вакцинтай болж амжих юм байна. Хэрвээ тэр амны бэлгэ биелэлээ олбол түүн шиг сайн хэрэг юу байх билээ. Олон эрдэмтний санал санаачлагыг харгалзаж үзээд ортой үг хэлж буй хэмээн итгэнэм.

Энэ жил Калифорни муж ер бусын их хур бороотой байна. Уг нь 1 сард борооны улирал дуусаж, өдийд өвс шарлаад, хуурайсч халаад, хаа сайгүй гал гардаг билээ. Тус мужийн нэг бэрхшээл нь нь гал түймэр юм. Ийм бороотой, чийг сайн байхад түймэр бараг гарахгүй байлгүй. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байна уу? Эсвэл цар тахлыг дэлгэрүүлэх байгалийн тохироо бүрдэж байна уу? гэлтэй. Өнөө өглөө ширүүн аадар сөрж, тэнгэрт давхар солонго татахыг харлаа.

Манай ойр орчимд байгаа бичиг баримтгүй, элдэв тусламж хангамжинд хамрагдаж чадахгүй байгаа зарим хүмүүст бага ч болов хандив цуглуулахаар хуушуур хийсэн хэмээн баруун эргээс, Беркли хотоос Никко сушигаас ( http://www.nikkoberkeley.com) мэдээллээ. 

Улс орнууд эдийн засгаа хөдөлгөж эхэлснээсээ хойш шинээр гарч байгаа халдваруудаа хэрхэн хэмжиж, илрүүлж, хянах тал дээр өөр өөр арга барил баримталж байна. Хонгкон, Тайван, Солонгос, Польш зэрэг улсад халдвар авсан, эсвэл халдвартай хүмүостэй харьцсан тохиолдолд засаг захиргаанаас хөл хориог баримталж байгаа эсэхийг хянах аппыг гар утсан дээрээ заавал суулгахыг шаардаж байна. Америкт бол сайн дураараа гэж байгаа. Вашингтон пост сонины санал асуулгаар оролцогчдын зөвхөн 40% нь тийм апп суулгах боломжтой эсвэл суулгана гэж хариулсан бол тэн хагас нь хүмүүсийн нууцлал мэдээллийг хамгаална гэдэгт технологийн компаниудад итгэхгүй байна гэжээ.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу