Америкчууд чинь харин чиг хүүхдийнхээ тоосыг гөвдөг ард түмэн юм байна. Энэ талаараа нийгэм журамд аль дээр дэвсэн орон гэж бодож явсан билээ. Манай энд нэг гүүр давбал нэлээд баян хүмүүс бас байна аа. Алдарт улаан гүүрний ард гарахаар цагаан голдуу чинээлэг хүмүүс амьдардаг. Марин дүүргийн сургуулийн албаны хүн раажаваар ярьж байна. Гэрийн хорионд орохоор турсагаа хуулуулж, гомдол гаргах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байжээ. Гэтэл дуудлагын утас цохих нь хоёр дахин татарчээ. Яав ийв явдал учир юунд вэ? гээд судлаад үзтэл хүүхдүүд гудам метрлэж, элдэв муу хүний үгэнд орж, өвс татах элдэв зовлонд унахгүй байгаа тул эцэг эхээсээ эрүүний шөл уух нь татарч, тоосоо гөвүүлэхээ бараг больсон байна. Тэгэхээр хаа газрын хүүхдүүд, эцэг эхүүд адил зовлонтой юм даа.

Америкт энэ вирусээр хүн анх 2/28-д нас барсан гэж үзэж байсан бол түүнээс өмнө 2/6, 2/17-д Бэй Аэриад нас барсан 2 хүн уг вирусээр нас нөхцсөн нь тогтоогдоод байна. Эдгээр 3 талигаач нь Хятад болон гадаад яваагүй тул 1 сард Америкт вирус аль хэдийн орж ирчихсэн байсан байна. Гэхдээ эхний тохиолдлуудад ихэнх нь Уханиас эх үүсвэртэй оргинал омогт харьялагдах вирус байсан тул Хятадаас ирсэн зорчигчдоос шууд халдварласан хүмүүс байсан гэж үзэж байна. Түүнээс хойших халдваруудад мутацинд орчихсон вирус байгаа тул 1,2 саруудад тэгтлээ айхтар тархаагүй байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Трамп Ерөнхийлөгч юутай ч гэсэн цагаачлалын асуудлыг чангатгаж эхлэв. "Америк бүгдэд нээлттэй байсан, цар тахлын хямралаас болж цагаачлалын асуудлыг эргэж харах хэрэгтэй боллоо, америкчуудын ажлын байрыг хамгаалахын тулд эхний ээлжинд ногоон кард буюу байнгын оршин суугчийн эрх олгох асуудлыг 60 хоног хойшлуулна" гэж Трамп Ерөнхийлөгч хэлэв. Ногоон кард авах нь яваандаа бүр ярвигтай болох нь ээ. "Мексиктэй хамтраад урд хилээ сайн хааж чадсан, одоо бол дуртай үедээ алхаад орж ирэх боломжгүй болсон, зөвхөн тариа ногоо хураах урилгын ажигчдыг хэвээр оруулна" гэж бас ярив. Ногоон кардаа бөглөөд хүлээж буй монголчууд маань энэхүү шийдвэр хэрхэн өөрчлөгдөхийг цаашид анхаарна буй за.

Америкт цар тахлын тархалт буурахгүй, түүнтэй тэмцэх тэмцэл ч буурахгүй ёстой оволзож байна. Хажуугаар нь улс төрийн тэмцэл хурцдаж, цар тахалтай тэмцэх тэмцлийн эрч хүчийг бууруулах янзтай байна. Уг нь эв эеэ хичээвэл хамтын хүчээр гамшгийн ард хурдан гармаарсан. Энэ удаагийн Америкийн төрийн тогтолцоо нь Ардчилсан намынхан зонхилох Доод танхим (Хауз), Бүгд найрамдах намынхан олонхи болсон Дээд танхим (Конгресс), дээр нь Ерөнхийлөгчөөс бүрдэж байна. Аливаа асуудлыг доороосоо дээшээ оруулж шийдэгдэхээр Ерөнхийлөгч баталгаажуулж гарын үсэг зурдаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн асуудал ч мөн энэ замаар явж шийдэгдэнэ. Яг одоо Трамп Ерөнхийлөгч Доод танхимын дарга Пелоси хоёрын хооронд үзэн ядалт, улс төржсөн цусгүй дайн явагдаж байна. Пелоси нь бүх тохиолдолд Трампыг үгүйсгэж, шийдвэр бүрд нь саад хийхийг хичээнэ. Хүүхэд дийлдээд ирэхээрээ хаздаг шиг Трамп Ерөнхийлөгч асуудал болгон дээр Пелосиг "ард түмний дайсан" болгож нотлох гэж дэмий үг хавчуулна. Үнэндээ чадах чадах саадаа хийж асуудлыг гацаана. Энэ удаад Трамп жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэмж 450 тэрбум долларын зээл олгох асуудал Доод танхимд оруулж, Пелоси гацаачихсан тул үүнд Дээд танхимын сенатууд нэлээд ууртай байна. Улс төрд гарч буй ийм гацаа бол нэгт цар тахлын эсрэг тэмцлийг сулруулж, хоёрт ард түмнийг бухимдуулж, хямралыг гүнзгийрүүлж байна.

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулан хагас их наяд долларын (350 тэрбум болжээ) зээл, тэтгэлгийн асуудал өнөөдөр Доод танхимаар (Хауз) орох ажээ. Жижиг бизнесээ байр түрээсэлж явуулдаг хүмүүст голдуу зориулах бололтой юм байна. Манай монголчууд байр түрээсэлж, хими цэвэрлэгээ, хумсны салон, үсчин, сүши зэрэг зоогийн газар ажиллуулдаг болохоор энэ зээлийг даруйхан олж авбал зохино. Эртхэн шиг хүсэлт гаргах анкетаа бөглөөд, хойноос нь анхаарал тавьж, асууж сураглаж байвал хэдэн төгрөг олдох янзтай боллоо.

Америкийн ихэнх хэсгүүд болон Европт reproduction ratio халдвар тарах харьцаа RO буюу 1 халдвар тээгчийн бусдад халдаах тоо 1-аас бага боллоо гэж бичигдэж байна. Үүнийг вирустэй гарсан хүний тоо болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тооны өсөлтөд үндэслэж баримжаалж тогтоодог юм байна.

Америкт цар тахлын тархалт өдөр ирэх тутам улам газар авсаар, улс амьтныг сандаргасаар байна. Хоногтоо 2 мянган хүнээ алдаж байхад "Оргилдоо хүрлээ, одоо жаахан буурлаа, хонгилын үзүүрт гэрэл ёлтойв" гэх мэт Трамп Ерөнхийлөгчийн хэлэх үг чихэн дээр цэцэг ургах мэт санагдах болжээ. Харин Нью Йорк мужийн захирагч Андрью Куомогийн хоолойгоо чичрүүлэн байж "Та нар ирж туслаач ээ! Бид үнэхээр хэцүүдэж байна шүү!" гэж хэлсэн үнэн үг сэтгэл хэрчиж, зүрх зүснэ. Уг нь цар тахал хаанаас гарсан нь нэн тодорхой баймаар бодогдох юм. Гэтэл үүнийг тойрсон явган хэрүүл улс орнууд дамнан үргэлжилнэ. Ухань хотын хүнсний захаас гарсан, үгүй ээ цэргийн зориулалттай биологийн лабораторид туршилт хийж байгаад гадагш алдсан, үгүй ээ Америкийн цэргийнхэн Уханьд авчирч тараасан гээд хаашаа л бол хаашаа энэ сэдэв савална. Нэгэнт цар тахал тархаад дэлхийг бүрхсэн энэ цагт хаанаас дэгдсэн нь бус хэрхэн хамтын хүчээр дарж авах нь нэн чухал баймаар даа. Үүнтэй холбогдуулаад адил чанарын САРС вирус хэрхэн тархаж, яаж дарсныг товч хэлье.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу