Ажлынхаа газрын хажуугаар давхихад

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За ингээд өнөөдөр 4 сарын сүүлчийн өдрийг мушгилаа. Цаг хугацаа мөн хурдан өнгөрч байна аа. Гэрийн хорионд суугаад нэг л мэдэхэд сар хагас болчихжээ. Энэ хооронд Америкт их олон юм өөрчлөгдөж, бид ч түүхийн нэг гэрч болон үлдэв. Бусдын нутагт ямагт дайн хийж явсан америкчууд нутагтаа үхэл зовлон амсаж, Вьетнамын дайнд алдсан залуусынхаа тооноос цар тахалд үрэгдэгсдийнхээ тоогоор давчихлаа. Тэгэхээр энэ цар тахал нь нүдэнд үл үзэгдэх дайсантай тулалдаж буй жинхэнэ дайн юм. Тус дайнд өртсөн хүрээ нь 5 тивийн хэмжээтэй өргөн болж хувирав. Цар тахлын царыг би цар хүрээний цар (үлэмж их) гэж ойлгож байна. Нэг судлаач түмпэн савны цар гэж нэрлэх нь буруу хэмээн яриад байсан.

Раажаваа чагнаад, жирийлгэж явахад зарим эрдэмтэд корона вирусын халдварын талаар янз бүрийн тайлбар хийж байна. Хамгийн хурдан халдвар авах нь амьсгалын замаар хүнтэй ойр харьцаанаас болж хурц халдварт өртөх явдал агаад үүнээс сэргийлэхийн тулд зай сайн барих, ямагт маск зүүх, агаарын солилцоо муу газар удахгүй байх зэргийг гоц анхаарах хэрэгтэй. Халдвар авсан өвчтөнтэй хэт ойр байж хүнд тунгаар халдвар авсан гэж түргэний эмч, сувилагчдыг үзэж байна. Агаарын солилцоо муутай газарт онгоц, усан онгоц, шорон, нийтийн давчуу байр зэрэг дотроо агаарын эргэлт үүсдэг орчин орж байна.

Тайсон махны үйлдвэрийн ажлын нөхцөл нь ажилчид ажлынхаа нөхцлөөс болж. хоорондоо хэт ойрхон тулж ажилладаг, түүнээсээ болоод халдвар хурдан тархаж, үйлдвэрээ түр хаасан ажээ. Энэ мэт махны үйлдвэрүүд түр хаагдсанаар дотоодын зах зээлийн нийлүүлэлт бүү хэл гадаадад гаргах экспорт нь хүртэл буурчээ. Америк гахайн мах экспортлохоороо дэлхийд 2-т ордог, Америкаас хамгийн их импортолдог 3 орон нь Хятад, Япон, Солонгос юм байна. Хятад хоолны соёлтой эдгээр оронд голдуу хэрэглэдэг гахайн мах нь одоо хомстоход хүрчээ. Трамп Ерөнхийлөгч махны үйлдвэрүүдийн ажиллагааг зогсоож болохгүй гэсэн лүндэн буулгав. Мэдээж өвчтэй ажилчдаа шууд ажилд гаргахгүй тул ажиллагаа нь хэвийн горимд ортлоо цаг орох бололтой.

Корона вирус нь бусад нян, вирусын адил бохир гар дамжин тархах нь дамжиггүй. Хүний гар гэж хүрэхгүй юм байхгүй, хүн гараараа хамар амандаа дуртай цагтаа санаандгүй хүрчихдэг зуршилтай. Гараар дамжсан корона вирус эхлээд хоолой дээр сууж үржиж олшроод, дээшилж хамрын хөндийд орсноор уушгинд нэвтэрнэ. Энэ нь хэдхэн хоногийн дотор болоод өнгөрөх зүйл гэнэ. Хоолой сэрвэгнээд ирвэл лемонтой халуун ус уух нь ийм халдвараас сэргийлнэ. Мөн гараа байнга угаах нь халдвараас сэргийлэх гол арга болно. Гараа тогтмол нягт хямбай угаах нь ингээд бидний амьдралын тун салшгүй шаардлага болж байна.

Олзуурхууштай нь эбола вирусын эмчилгээнд хэрэглэж байсан ремдесевир гэдэг эм корона вирусын үржилтийг зогсооход ач тустай нь тогтоогдсон гэнэ. Өчигдөр Антони Фаучи эмч тус эм нь корона вирусын өвчлөлтийг 10 гаруй хоногоор богиносгож, бүр хүндрээгүй тохиолдолд өвчтөн амь насаа алдахгүй байх боломжтой боллоо гэж ярив. Олдоц нь хэр болохыг одоохондоо хэлж мэдэх юм алга. Хятадууд болохоор уушгины цагаан тан голдуу хэрэглэж хүндрэлийг хязгаарлаж чадсан гэсэн явган яриа бас тэнэж явна.

Эдийн засагчид нэг загвар гаргаж корона вирусын халдвараар үхсэн хүний амийг 10 сая доллараар үнэлэх баримжаа тогтоожээ. Энэ мөнгө нь хүнийг төрж өсөөд, сурч боловсроод ажлын зах хүртэл зарцуулах улсын болон хувийн зардлыг оруулсан зөвхөн эдийн засгийн загвар гэнэ. Америкт 100 мянган хүн цар тахлаар үхлээ гэж бодоход өртөг нь 1 их наяд доллар болох ухааны юм байна. Шүүгдэх сэтгэхүйтэй хүмүүс болохоороо тооцоолсон мөнгөө Хятадаас ч юм уу, асуудалд аанай хандаж халдварыг газар авахуулсан Трамп тэргүүтэй удирдагчдаас ч юм уу хаа нэгэн газраас яваандаа нэхнэ буй за.

Ойрын хэдэн жил Америкт хүмүүс ядуурч, амьдрахад улам хүнд болно гэж ярьж байна. Дээр нь хятад зэрэг ази гаралтай хүмүүсийг хавчих нигууртай болоод ирлээ. Гитлерийн үед еврей нарыг нийгмээс гадуурхахын тулд энгэрт нь дэйвид стар (зургаан хошуу) хадаж байсан. Австри-Унгарын дайны үед туркуудыг монгол дагзаар нь ялгаж хоморголон устгасан. Азиудын хувьд нүүрийг нь нэг харахад л хангалттай биз ээ. Ер нь энд байр сууриа хараахан олж амжаагүй монголчууд маань цаашдаа нутаг буцна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй болоход илүүдэхгүй байж мэднэ шүү. Сайн бодоорой, санаанд бууснаа л нуулгүй хэллээ. Нартай нэг сайхан өдөр эх орондоо очиж л таарна.

Ш.Баатар
2020.4.30

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу