Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эго” үгүй эгэл жирийн хэрнээ, зангараг үнэртэж, бахдал төрүүлсэн, тэргүүн шадар дипломат Төвшинтөгсийн Батцэцэгтэй видео дэлгэцээр ярилцах сайхан боломж олдсон юм. 

Монгол Улсаас Чикаго хотод суух Консулаар томилогдон ирээд хоёр сар орчим болж буй ч Цахим Өртөөний урилгыг төвөгшөөлгүй хүлээн авлаа. 

Үг бүрийн цаана агуулга орших мэт эмх цэгцтэй яриатай, ухаалаг энэ бүсгүйтэй хөөрөлдөх тусам “ажлаа арван хуруу шигээ мэддэг хүн гэж ийм байдаг байх нь” гэсэн бодол толгойноос огт гарахгүй байсаар ярилцлага маань өндөрлөв. 

Асуусан хариулт бүрийг бодит байдалтай холбон, зөвхөн өөрийгөө тойрсон хүрээнд биш, бусадтай зүйрлэн хариулах нь ёстой л ясны дипломатч хүний алтан дунджийг барьж ажиллах ур чадвар гэлтэй. Бас нэгэн гойд анзаарагдсан чанар гэвэл  сэтгэл хөдлөлөө хэрхэн нэгэн хэмд (neutral) байлгаж, төв голч байдлаар ярилцаж байгаа нь сонирхолтой байлаа. Энэ зан төлөв их сургуулиа төгссөн цагаас эхлэн дипломатчийн замналаар тууштай зүтгэж, нөр их туршлага хуримтлуулсныг нь гэрчилж буй хэрэг биз ээ. 

Их оройн цагаар зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Чикаго дахь анхны консулаар томилогдсонд баяр хүргэе. Би өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй Консул нэмэгдэж байгаад бахархаж байна. Таныг Батын Нямаагийнхан гэдэг шатрын алдартай гэр бүлээс гаралтай гэж сонссон болохоор энэ талаар яриагаа эхлүүлэх нь зүйтэй байх. Шатраас цаашлаад дипломатч болох замд хэрхэн орсон тухайгаа хуваалцвал манай уншигчдад сонирхолтой байх. 

Аливаа хүүхдийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход аав, ээж нь чухал нөлөөтэй байдаг. Би дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Бид дөрвүүлээ шатар тоглодог байсан. Би өөрөө шатрын олон улсын мастер цолтой, улсын 3 удаагийн аварга болж байсан, олон улсын тэмцээнд гаргасан амжилтууд бий. Манай дүү Батчимэг, Монгол Улсын 2 дахь эмэгтэй их мастер. Америкт амьдарч байхдаа нэлээн идэвхтэй тоглож байсан болохоор Америк дахь монголчууд сайн мэддэг. Манай аавын талд олон мундаг шатарчид бий. Ээжийн маань аав ч шаггүй тоглодог хүн байсан. Шатраар хичээллэх нь манай удмын сайхан уламжлал тул бид аль болох хадгалж, үр хүүхдүүддээ уламжлуулж явахыг зорьдог. Аав Н.Түвшинтөгс маань бидэнд шатар зааж, ээж Б.Мөнхбат маань бидний тэмцээн уралдаанд оролцох зардлыг зохицуулах зэргээр хүүхдүүдийнхээ төлөө маш их хичээл зүтгэл гаргаж ирсэн нь бид шатрын спортоор амжилт гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Би 1994-1995 оны үед их сургуулийн шалгалтад орохоор бэлдэж байх үедээ ямар мэргэжил сонгохоор талаар аав, ээжтэйгээ зөвлөлдөж байлаа. Хүүхэд болохоор дипломатчийн ажлын нарийн ширийнийг сайн ойлгохгүй байсан боловч аав маань сайн эзэмшиж чадвал эмэгтэй хүнд их зохих, нэр төртэй сайхан ажил гэж зөвлөсөн. Миний охин шатрын тэмцээнд оролцож гадаад орнуудаар нэлээн явж дэлхийн хөгжил, улс орнуудын онцлогийг бага зэрэг гадарладаг боллоо, энэ чигийг бариад мэргэжлээ сонгоод явбал зүгээр байх гэсэн аавынхаа зөвлөгөөг дагаж МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд орсон. Ороод ямар хэл сонгох вэ гэдэг дээр бас л аавтайгаа зөвлөлдсөн дөө. Аав маань нэгдүгээрт хөрш орноо сайн мэдэх нь монголчуудад их чухал, түүнчлэн Хятад улс дэлхийд нөлөөтэй улс орон болох нь тодорхой байна гэж зөвлөсний дагуу тул хятад хэл сурахаар сонгосон маань зөв сонголт болсон байх гэж би боддог. 

Хятад хэл сурахад хамгийн хэцүү гэж яриад байдаг. Зөвхөн хэл сурахад ч биш, дипломатчийн замаар явахад бэрхшээл чамгүй тохиолдож байсан байх. Бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

Хятад хэл бусад хэлнээс мэдэгдэхүйц хүнд гэж би боддоггүй. Амархан хэл, амархан салбар, амархан мэргэжил гэж ер нь байхгүй. Хүнээс хүч чармайлт, уйгагүй зүтгэл, тэвчээр шаардана. Аль болох л сурч байгаа хэл, мэргэжил, мэргэшлээ сайн эзэмшиж, төгс болгох тал дээр л хүн бүр хичээх хэрэгтэй байх. Мэдээж суралцах явцад янз бүрийн хүндрэл гарна. Шатрын спортын тамирчны хувьд, оюутан ахуйдаа, залуу дипломат ажилтан байхдаа өөрийгөө яаж хурцалдаг байсан бэ гэхээр “би улсаа төлөөлж тэмцээн, арга хэмжээнд оролцож байна, намайг хэн ч Батцэцэг гэж ярихгүй, Монгол хүн л гэж ярина. Жишээ нь орчуулгаа муу хийвэл Монголын орчуулагч л муу байна гэнэ” гэх мэтээр өөртөө өндөр шаардлага тавьж, өөрийгөө хурцалж ирсэн. Залуу дипломат ажилтны сургалтанд явахдаа ч өөрийгөө дайчилж, олон орны дипломатуудын сүүл мушгихгүйг хичээж явдаг байсан. Хэдийгээр богино хугацааны сургалт ч гэсэн олон орны хүмүүс оролцохоор тодорхой хэмжээний өрсөлдөөн бас байна. Энэ мэтчилэн том, жижиг гэлтгүй бүх л үйл ажиллагаа, арга хэмжээнд өөрийгөө дайчилж ирсэн. Би өөрийнхөө хүүхдүүдэд болон залуу ажилтнууддаа “та бүхнийг гадаадад хөл тавихад, гадаад оронтой харьцахад чамайг нэрээр чинь дуудахгүй, улсын чинь нэрээр дуудна гэдгийг дандаа бодож явах хэрэгтэй” гэж хэлдэг дээ. Манай монголчууд цөөхүүлээ учраас хүн бүхэн чадварлаг байх хэрэгтэй. Би яаманд удирдах албанд ажиллаж байхдаа залуу дипломатуудын ур чадварыг сайжруулах, мэргэжилдээ илүү дуртай болгох, хариуцлагыг нь ойлгуулах үүднээс манай дипломат алба цөөн хүнтэй, нэг хүнээс олон чиглэлийн өндөр ур чадвар шаардагдана, тиймээс нэг хүнд тавигдах шалгуур өндөр байдаг, залуугаасаа их хичээх хэрэгтэй, зүгээр урсгалаараа яваад байж болохгүй гэж ярьж ойлгуулахыг хичээдэг байсан.

Манай Монгол улс Консулуудаа хэрхэн бэлтгэдэг вэ? Тусгай сургалт байх уу? 

Консулын алба бол дипломат албаны нэг бүрэлдэхүүн хэсэг. Улс орон бүр дипломатуудаа бэлтгэдгийн адил манай улс дипломат боловсон хүчнээ бэлтгэж ирсэн арвин уламжлалтай. Дээр үед гадаад орнуудад голчлон бэлтгэдэг байсан бол дотооддоо мэргэжлийн сургуульд бэлтгэж эхлээд 30 жил болж байна. Дотооддоо дипломатуудаа бэлтгэхэд давуу талууд байна. Гэхдээ мэдээж дипломат алба олон зуун жилийн явцад бүрэлдсэн нарийн дэг жаяг, системтэй тул олон улсын жишигт нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай болдог. Дэлхий дахины нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Дипломат алба олон жилийн турш ашиглаж ирсэн үйл ажиллагааны арга барил, хэлбэрээ хадгалахын зэрэгцээ шинэ нөхцөл байдалд зохицуулан шинэ арга хэлбэрээр баяжуулах шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдан дипломатуудад тавигдах шаардлага ч өөрчлөгдөж, мэдээллийн хурдацтай урсгалд, оролцогчид, нөлөөлөгчдийн тоо огцом нэмэгдсэн шинэ нөхцөлд хэрхэн зохицож ажиллах гэх мэтээр олон сорилт тулгарч байна. Өмнө нь мэдээлэл цөөн, анализ хийх хугацаа ихтэй байсан бол одоо маш их мэдээлэл дундаас яаж хэрэгтэй мэдээлэл олж авч, хэрхэн богино хугацаанд оновчтой дүгнэлт хийж, төр засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй санал боловсруулах вэ гэдэг нь бүх улсын дипломатуудын хувьд том шалгуур болж байна. Манайх шиг харьцангуй цөөн хүнтэй, цомхон дипломат албаны хувьд бүр том сорилт тулгарч байна. Дипломат ажилтнууд тал талын мэдлэгтэй байх, өөр өөр чиглэлд хөрвөн ажиллах чадвартай байх шаардлагатай болж байна. Миний хувьд ГХЯ-нд орсон цагаасаа Бодлого төлөвлөлтийн газар, Хөрш орнуудын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан. Одоо консулын чиглэлээр, өмнө нь ажиллаж байгаагүй оронд ажиллах болсон маань бас л нэг сорилт юм.  Гэхдээ дипломат албанд бэлтгэгдсэн хүний хувьд баг хамт олноо зохион байгуулаад, монгол коммунити-гийн дэмжлэгтэйгээр үр бүтээлтэй ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байгаа. 

Чикагогийн Монголчууд албан ёсоор консултай болсондоо их баяртай байгаа юм билээ. Бас нэлээдгүй хөөцөлдөж байж консултай боллоо гэж байсан. Чикаго орчим бол бас Монголчуудын том коммунититай газар байгаа. Бодвол хийх ажил асар их байгаа байх. Тэр дотроос хамгийн чухал,хэдэн ажлаасаа хуваалцана уу? Монгол коммунитигийн хамгийн чухал тулгамдсан асуудал нь юу юм бол? 

Ирснээсээ хойш оффисын байрны гэрээ, зөвшөөрөл хөөцөлдөх зэрэгт багагүй цаг зарцуулсан. Үүний зэрэгцээ монгол иргэд, байгууллагуудтай уулзаж, тэдгээрт ямар бэрхшээл тулгарч байгаа, Консулын газрын үйл ажиллагааны талаар ямар хүлээлттэй байгааг ойлгохыг зорьсон. Чикаго хавьд БНСУ-ын дараа орох том Монгол коммунити байна. 15 мянга орчим монголчууд байгаа гэсэн мэдээлэл байгааг бид нягталж,  нарийвчилсан судалгааг гаргах болно. 

Консулын газар Чикагод нээгдсэнд иргэд маань их баяртай байгаагаа илэрхийлж байна. Консулын газар байгуулах хүсэлтийг иргэдийн зүгээс анх гаргаж байсан юм байна лээ. Аливаа Консулын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай хүргэх явдал байдаг. Манай баг цөөхүүлээ хэдий ч иргэддээ аль болох хүрч, шуурхай ажиллахыг зорино. Иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө суугаа орны төр, засаг, орон нутгийн байгууллагууд болон монгол иргэд, холбоодтой нягт хамтран ажиллана.  

Бидэнд байгаа онцлог давуу тал бол Монгол коммунити гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Чикаго орчмын Монгол коммунити том тул бидэнд түшиж тулах эерэг хүч энд байна. Уулзсан хүн бүр Консулын газартай яаж хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, санал зөвөлгөө өгч байна. Үйл ажиллагааг тань хэрхэн дэмжих үү гэж найрсгаар хандаж байгаа нь ажиллах урам зориг их нэмж байна. Ингэж сайхан хүлээн авч байгаа Монгол коммунитигийнхаа итгэлийг нь алдахгүй, бодож төлөвлөж ирсэн ажлуудыг нь дэмжээд, ойр дотно хамтран ажиллах болно. Үр хүүхдүүддээ хэл соёлоо өвлүүлэх тал дээр юу хийх вэ? Монгол Улсаа хэрхэн сурталчлах вэ? Бизнесийн шинэ боломжийг хэрхэн хамтарч бий болгох вэ гээд олон чиглэлээр санал дэвшүүлж байна, хийж эхлүүлсэн ажил ч цөөнгүй байна. Тэгэхээр консулын хувьд өмнөх ажлынх нь цар хүрээг нэмэгдүүлээд, үр дүнтэй болгох талаас нь дэмжээд ажиллах өргөн боломж харагдаж байгаа. Тиймээс би ийм том Монгол коммунититай газар томилогдсондооо өөрийгөө азтайд тооцож байгаа. Ярьж, санал солилцож буй ажлуудыг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгаа нарийвчлан гаргаж, тууштай  хамтран ажиллах шаардлагатай нь ойлгомжтой юм. 

Та хэдэн хүний багийн бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?

Намайг оролцуулаад төвийн томилолттой 4 хүн ажиллаж байна.

Америкт байгаа Элчин сайдын яам,  Консулын газрууд хоорондоо хэр холбоо уялдаатай ажилладаг вэ? 

Өдөр тутмын ажил тусдаа. Гэхдээ уялдаа холбоотой байдаг, тийм шаардлага ч бий. 

Америк орон өөрийн тань хувьд шинэ юм байна, дээрээс нь монгол иргэд олноор суурьшсан газар анхны консулаар томилогдон ирэхэд мэдээж бэрхшээлүүд гарах байх, тэдгээр дотроос хамгийн ярвигтай даа гэж бодогдож байгаа зүйл юу байна? 

Иргэд дийлэнхдээ хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ Консулын газартаа ханддаг. Хүний амьдрал баялаг тул янз бүрийн асуудал тохиолдож болно. Асуудлыг нь шийдвэрлүүлэхийн тулд суугаа орныхоо төр, засгийн байгууллагууд төдийгүй төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд зэрэг маш олон байгууллага, хүмүүстэй ажил төрлийн хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллах байгууллага, хүмүүсийн сүлжээг бий болгох шаардлагатай. Дөнгөж шинээр байгуулагдаж буй байгууллагын хувьд энэ тал дээр бидэнд хүндрэл гарна, энэ чиглэлд багагүй хүч чармайлт гаргах, цаг зарцуулах шаардлагатай болно. Тийм ч учраас АНУ-д удаан ажиллаж амьдарч туршлага, мэдээлэл хуримтлуулсан бусад ДТГ-ын ажилтнууд болон монгол иргэдийн маань дэмжлэг их чухал байх нь дамжиггүй. 

Нээрээ л ажил хэргийн сүлжээ байгуулах, судалгаа мэдээлэл цуглуулах нь цааш цаашдын консулын багт сайхан суурь нь болж өгөх юм байна даа. Ийм чухал алба хашаад, хажуугаар нь бас гэр бүл, үр хүүхэд гээд хувийн амьдрал чинь явах хэрэгтэй. Дээрээс нь шинэ оронд ирээд дасан зохицох зүйл гэр бүлд чинь ч гэсэн тохиолдож л байгаа байлгүй. Энэ бүхнийг хэрхэн хослуулж байна даа? 

Зөвхөн дипломатч ч биш аливаа эмэгтэй хүний хувьд карьер, гэр бүлээ хослуулах асуудал тулгардаг. Дипломат ажил гээд онцгойрох юм харьцангуй бага, ямар ч салбар, албаны эмэгтэй ажилтан бүрт л тохиолддог сорилт. Ажил, гэр бүлдээ зарцуулах цагийг аль болох тэнцвэржүүлэх гэж хичээдэг хэдий ч тэр бүр зохицуулж болдоггүй. Энэ бол мөнхийн сэдэв байх. Би 4 хүүхэдтэй. Миний анхны томилолт биш учраас өмнөх туршлага бас манай гэр бүлд байна. Тэд маань нүүдлийн гэмээр энэ амьдралд ер нь сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн. Ажлаа үр дүнтэй, сэтгэл амгалан хийхэд гэр бүлийн хүний дэмжлэг их чухал гэж боддог. Нөхөр маань өөрөө төрийн албан хаагч байсан тул миний ажлын онцлог, хариуцлагыг их сайн ойлгодог. Ажилдаа төвлөрөх, цаг түлхүү зарцуулах боломжийг надад гаргаж өгдөгт нь талархаж явдаг. 

Дипломат ажилтаны хувьд бодвол сэтгэл зүйн талын тренинг их хийдэг байх. Ажил дээр тохиолдсон эвгүй зүйлсийг хэрхэн хурдан мартдаг вэ? 

Аль болох хурдан мартахыг хичээдэг. Өөр сонирхолтой, өөрт хэрэгтэй юмандаа төвлөрөх байдлаар таагүй дурсамж, бодлыг сарниахыг хичээдэг. Мэргэжлийн онцлог гэвэл сэтгэл хөдлөлөө барих, хязгаарлах шаардлага гардаг. Гадныхантай харьцахад их эмоцитой байж болохгүй. Огт сэтгэлийн хөдлөлгүй байна гэж юу байхав, гэхдээ тодорхой хэмжээнд барьж сурах хэрэгтэй. Мэргэжлийн хичээл сургалтад ч энэ чиглэлээр зааж сургадаг, мөн практик ажлын явцад ч туршлага сууж, төлөвшдөг. 

Би бас шатарчин хүний хувьд урьдчилан төлөвлөх, анализ дүгнэлт хийх чадвар арай илүү хөгжсөн тал бий байх. Эрсдэл, алдаанаас сэргийлэхийн тулд урьдчилан тооцоолж, төлөвлөхийн зэрэгцээ юун дээр алдсан, яагаад алдсан гэдэг анализыг шатарчид хийдгийн адилаар дипломатчид ч хийдэг. Шатарчид хожсон өрөгтөө ч анализ хийдгийн адил дипломатчид амжилттай болсон ажлаа ч эргэн харж, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг. Би ийм дадал, чадварыг залуу ажилтнуудад төлөвшүүлэх үүднээс зөвлөж, шаардлага тавьж ирсэн. Жишээ нь, гадаад улсын удирдлагын айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд онгоц нь газардахаас эхлээд буцаад хөөрөх хугацаан дахь бүх үйл явцыг нарийн төлөвлөж, гарч болох эрсдэлийг тооцож байх хэрэгтэй. Гадаад арга хэмжээн дээр гарсан алдаа харилцааны урт хугацааны хөгжилд нөлөөлөх гэх мэт ноцтой үр дагавартай,  залруулахад амаргүй байдаг тул аль болох алдаа гаргахгүйгээр нарийн төлөвлөж, бэлтгэлийг чамбай хангах нь чухал юм. 

Энэ аргаа өөрийнхөө хүүхдүүд дээр хэрэгжүүлдэг үү? 

Хүүхдүүддээ ч, залуу ажилтнууддаа ч төлөвшүүлэхийг хичээж ирсэн ч бүрэн амжилттай хэрэгжүүлж чадсан гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлж, алс хэтдээ хэрэг болох байх гэж найддаг. Би хүүхдүүддээ шаардлага тавихдаа яагаад гэдгийг нь сайн тайлбарлахыг хичээдэг. Хүүхэд өөрөө шалтгааныг нь сайн ойлгочихвол зөв дадал, зуршилтай болдог. 

Та одоо мөрөөдлийнхөө оргилд хүрэх дөхөж явна уу гэж асуугаад өндөрлөе. 

Хүний мөрөөдөл өөрчлөгдөж байдаг. Шатарчин байхдаа  мөрөөдөж байсан зарим зүйлдээ хүрсэн, гэхдээ хэрэгжүүлж чадаагүй мөрөөдөл ч бий.  Дипломатчийн хувьд улс эх орныхоо хөгжлийг урагшлуулах, аль нэг салбарт тулгарч буй нэг ч болтугай асуудлыг шийдэхэд тус дөхөм үзүүлэх юм сан гэж бодож явдаг. Бүр том зургаар яривал “дэлхийн иргэн-монголчууд”-ыг олон болгоход хувь нэмэр оруулах юм сан гэж хүсдэг. Монгол гэж тодотгох бүх онцлогийг шингээсний зэрэгцээ дэлхийн хэмжээнд сэтгэж өрсөлдөх, хөл нийлүүлэн алхах, дэлхийн нийтийн асуудалд анхаарч зовнидог монгол иргэнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх нь эцэг эх бүрийн үүрэг гэж боддог доо.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу