Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Майн баярын цас, шороотой хуйсгануур өдөр бид туг лоозон бариад, гар хөлөө бээрүүлэн барин, ёстой нусан дарцаг болж жагсдаг байж билээ. Даян дэлхийн үгээгүй ядуус нэгдэгтүн! Майн нэгэн мандтугай! Мао Цэдүн сөнөтүгэй! Манай сургууль хөгжтүгэй! гээд амандаа орсныг орилж, аль болох зугаагаа гаргадаг байв. Мао гэснээс мориор сургуульд явдаг байсан намрын нэг сэрүүн өдөр хичээлдээ иртэл ангийн багш маань "Өнөөдөр Мао Цэдүн үхсэн, хичээл орохгүй, та нар чөлөөтэй тоглож болно" гэж хэлж, магнай хагартал баярлуулж билээ. Түүнийг ер мартдаггүй юм. Олон улсын ажилчдын баярын энэ өдөр манай энд зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс ажлын нөхцөл, цалин хөлсөө сайжруулахын төлөө жагсаал хийнэ гэнэ. За ингээд их зохиолч Д.Нацагдоржийн адил Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэх нээ. Түүнийг Германд сурч байснаас хойш бараг 100 жил өнгөрсөн ч ядуусын тэмцэл яг хэвээрээ байна уу даа.

Трамп Ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурлыг сонслоо. Улс даяар гэрийн хориог цуцалж, бизнесээ эргэж нээхийн тулд өндөр настны газруудаа илүү анхаарч, хамгаалалтдаа авах бэлтгэл ажлаа хэрхэн хийсэн талаар багийнхаа хүмүүсийг оролцуулан тайлан тавьж байна. Сэтгүүлчдийн асуултанд урьдын адил жижүүрийн хэдэн үгээ давтан ярьж хариулав. Сүйрсэн эдийн засгийг гардаж аваад өдий сайн болголоо, Алс дорнодод дэмий үрсэн 9 их наяд доллараар дэд бүтцээ сайжруулж, сургууль, эмнэлгээ өөд нь татах байсан юм, хилээ чангаллаа, хангалттай их маск, хиймэл амьсгалын аппараттай боллоо, корона вирусыг илрүүлэхийн тулд дэлхийн байхгүй их шинжилгээ хийж чадаж байна, ялж байна, дийлж байна гээд яг өмнө ярьснаа давтав. Үнэхээр попорч чаддаг энэ хүн сайн ч юм хийсэн л байх, саар ч юм хийсэн л байх. Сайныгаа ярьж сайрхах нь их хүчтэй юм. Өөртөө өчүүхэн ч хир халдаадаггүй зан нь өөрийгөө зад шүүмжилдэг нийгэм журмыг байгуулах үед өссөн мань мэтийн санаанд багтдаггүй ээ. Буянаараа болог одоо. Сэтгүүлч хөлд нь сууж, гэнэдүүлэх үг авах санаатай "Жоү Байдны бэлгийн дарамтыг юу гэж бодож байна" гэсэн асуултанд "Тийм гүтгэлэг байх нь алийг тэр гэх вэ? Тэр өөрөө л хариулах хэрэгтэй асуудал шүү дээ" гээд Трамп Ерөнхийлөгч хариулчихаж байна билээ. Трамп Ерөнхийлөгч бол хүмүүс хэлэх гэсэн ч хэлж чаддаггүй, ичгүүртэй, маргаантай асуудлыг илэн далангүй ярьж, түмний сэтгэлийг өөртөө татах гэж их оролддог, сонин таагчиктай хүн юм байна. Гитлерийн дайнд ялагдсан ичгүүрээ дөрөөлж түмний итгэлийг олж авсантай төстэй үйлдэл мэт санагдав. Олон жил зурагтын нэвтрүүлэгт орсон тул хүмүүсийн юу хүсээд буйг мэдэрдэг янзтай, ер нь бэрх хүн юм аа.

Мужийн захирагч Гэйвн Ньюсомынхоо яриаг мөн анхааралтай чих тавин сонслоо. 35 муж улс бизнесээ нээж буй ч манай муж нүсэр том болохоор болгоомжтой хандаж, 5 сарын 15 гэхэд хүн ам бага төвлөрсөн газруудаасаа эхлээд хагас нээх бодлого барьж байна. 327 сая хүн, 50 мужтай АНУ-ын хамгийн том муж нь Калифорни билээ. 40 сая хүнтэй энэ муж эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 7-д буюу Францын дараа эрэмбэлэгддэг ажээ. Америкийн эдийн засгийн хөшүүрэг болсон мөнгөний 5 том уурхай нь манай мужид байна. Таны сайн мэдэх Холливүүд гэдэг дэлхийн кино урлагийн төв энд бий. Та бүхний бараг мэдэх Цахиурын хөндий гэдэг компьютерын өлгий нутаг ч бас энд бий. Калифорни муж нь дарс үйлдвэрлэлтээрээ дэлхийд 4-т жагсдаг, Америкийн дарсны 95%-ыг хангадаг, дарсны өв соёл гэдгийг бий болгосон газар юм. Өмнөд Калифорни нь хар алт (газрын тос), умарт Калифорни нь шар алт олдвортоороо хэзээнээс алдартай билээ. Алтны халуурлаар (Gold rash) анх бий болсон муж юм шүү дээ. Ийм 5 том мөнгөний уурхай болсон муж улс учраас эдийн засагтаа болгоомжтой хандахаас өөр яах билээ.

Корона вирусыг тойрсон орон нутгийн сониноос дараа л тоочиж дуулгая. Амралтын өдрүүдээ болгоомжтой, үр өгөөжтэй, ядралгүй, хөгжөөнтэй сайхан өнгөрүүлээрэй!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу