Удвал дүүгийн хурим дээр

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

SFO онгоцны буудлын баруун хаяагаар тойрч өнгөрөх 101-р хурдны замаар би өглөө бүр давхидаг билээ. SFO бол Сан Франциско хотын нисэх онгоцны буудлын нэр, SF нь хотын нэрийн товчлол, О нь нисэх буудлын код болно. Лос Анжелесын нисэх онгоцны буудал нэр нь LAX байх жишээтэй. Мандах нарны гялбах туяанд олон онгоц газардахыг завдан агаарт шувууд мэт зэллэн харагддагсан. Өнөөдөр энхийн хөх тэнгэрт торойх ч нэг онгоцгүй эл хуль, нам гүм харагдав. Цэлмэг тэнгэрийн төмөр шувуудыг цар тахал залгисан гэлтэй. Цөөхөн нислэгтэй болж, шөнө дөлөөр хэдхэн онгоц хөөрдөг ажээ. Урьд шөнө Солонгосын онгоцоор хэдэн хөгшин Сөүл рүү ниссэн дуулдав. Гадаадад гацсан олон монголчуудаа чадал чинээгээр татсаар буй байнгын нислэгтэй газруудын нэг нь Сөүл хот болно.

Өчигдөр УОК-ын мэдэгдлийн үеэр шадар сайд Ө.Энхтүвшин "Дэлхийн 57 оронд монголчууд байна, бүгд рүү нь нисэх боломжгүй учир тогтмол нислэгтэй хэдэн орон руу л ниснэ. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд ийм шийд гаргасан. Яаж ийгээд өөрсдөө нислэгтэй газруудад хүрч ирвэл татаж авна" гэж омог бардам баатарлагаар хэлэв. Сэтгэл байваас заавал 57 орон руу нисэж чадахгүй гэж туйлшруулахгүй, 5 тив рүү ядаж нэг удаа нисэхэд болно оо доо. Ямар үедээ Далай ламд бараалхана гэж бүтэн онгоц хөлөглөж очоод, Делид сойж болдог, ямар үедээ зовж гацсан монголчуудаа Энэтхэгээс татаж авч чаддаггүй юм бэ? Зөвхөн эрхтэн дархтанд үйлчилдэг төр юм уу? Эсвэл ард түмэнд үйлчилдэг төр юм уу? Хүлээн авахад байр хүрэлцээгүй гэж матрын нулимс унагав. Нэг усан оргилуур барих үргүй зардлаар хичнээн тооны тусгаарлах байр бэлдэж болох вэ? Нийт 190 мянган монгол хүн гадаадад ажиллаж амьдардаг гэж шадар сайд нэмж хэлсэн. Тэдний 30-40 мянга нь лав Америкт байж таарна. Хаана олон монгол хүн байна, тэнд Монгол улсын эрх ашиг байдаг бус уу? Уг нь ийм тулгамдсан чухал асуудлыг Улсын их хурлаар хэлэлцэж шийдээд, Ерөнхийлөгчид өргөн барих ёстой бус уу? Ингэхэд Монголын төр эзэнтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тэнэг хүний тэнэсэн бодол энэ юм шүү. Эгзэгтэй энэ бэрх цагт асуудлыг хэрхэн шийдэж буйг хүн бүр дотроо тунгаан үзнэ биз ээ.

Корона вирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүст эсрэгбиеийн (antibody) шинжилгээ хийх асуудал дээр эрдэмтэд маргасаар, нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Корона вирусын дархлаа үүссэн, шинжилгээний дүн худал эерэг (false possitive) гарсан хоёрыг нарийвчлан ялгаж чадахгүй байгаа нь тус вирусын мөн чанарыг бүрмөсөн таниагүйтэй холбоотой хэмээн үзэж байна. Энэ байдлаас болж төгс үйлчлэх вакцин хийтэл нэлээд цаг орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар 7 янзын шинэ вакцин бэлдсэний 3-ыг нь хүн дээр туршжээ. Хариу нь нааштай болохыг хүн бүр хүсэж байна.

Корона вирусын тархалтыг зогсоохын тулд өвчтөнтэй харьцсан хүмүүсийг олж тогтоогоод, гэрийн хорионд зайлшгүй оруулах хэрэгтэй. Манайхан хавьталт гэсэн нэгэн самуун утгатай үг хэрэглээд байсан даа. Японд корона вирус тархсан өдрөөс эхэлж, өвчтөнтэй харьцсан хүмүүсийг тогтоох ажилд орсон. Эл асуудлыг Америк их хожуу анхаарч эхлэв. Өвчтөнтэй харьцсан хүнийг тогтооход 47 тэрбум долларын төсөв баталж, 180 мянган хүн ажилд авахаар зэхэж байна. Тус ажлыг сайн гүйцэтгэвээс гэрийн хориог нийтээр биш зөвхөн халдварын сэжигтэй хүмүүсээр хязгаарлах боломж гарна. Бүгдээрээ зайх барих, маск хийх, гараа угаах зэрэг ариун цэврийн дэг журмыг амьдралын дадлага болгохыг хичээгээрэй.

Ш.Баатар
2020.4.28

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу