Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдөр дуртай номоо эргүүлж тойруулан харж сууна. Эх хэлээ эрхэлж сурсан, орос хэлийг цэргийн онцгой дэгээр, англи, япон хэлийг амьдралын зайлшгүй шаардлагаар үзсэн нэгэн тул орос ном барьж авбал нэг л яарах сэтгэл төрөөд, шуурхай уншдаг сонин дадалтай болчихсоноо өөрөө ч сайн мэддэггүй билээ. Хөх нуурын монгол, сүмбэ хамба Ишбалжирын 8 боть сүмбүмийн 1-р боть болох Галбарвас модон хэмээх зохиолыг ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын төвдч эрдэмтэн Р.Е.Пубаев 30 орчим жил харьцуулан судалж, "ПАГСАМ-ЧЖОНСАН: памятник тибетской историографии XVIII века" гэсэн нэртэй энэхүү номыг 1981 онд хэвлүүлжээ. Саяхан захиалж авсан энэ номыг бариад авлаа. Галбарвас модон судрыг төвдч П. Ням-Очир орчуулж, түүнийг өөд болсон хойно төвдч Б.Няммягмар хянаж, төвдч Г. Ням-Очир хэвлэн олны хүртээл болгосон билээ. Пубаев энэхүү "Дээдийн ном Энэтхэг, Төвд, Хятад, Их Монголын оронд дэлгэрсэн түүх Галбарвас модон" судрын гар бичмэлээр үлдсэн В.П.Васильевын орос орчуулга, Сарат Чандра Дасын англи орчуулгыг Ишбалжирын төвд эхтэй тулгаж тус шүүмж номоо бичсэн ажээ. Хүн төрөлхтний соёлын түүхэнд үнэт хувь нэмрээ оруулсан сүмбэ хамба Ишбалжирын бүтээлийг задлан шинжилсэн энэхүү номыг амтархан уншиж эхлэв. Хувийн сонин гэвэл ийм байна.

Японы зурагтын сувгуудыг харж, Америкт өрнөж буй цар тахлын тархалттай холбоотой мэдээллүүдэд хэрхэн дүгнэлт хийж буйг нэлээд сонирхлоо. Япончууд аливаа асуудалд ул суурьтай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээдэг хүмүүс билээ. Олж мэдсэнээсээ хураангуйлж хэлье. 2010 оны судалгаанд орсон америкчуудын 49% Хятадад дуртай, 38% дургүй байсан бол 2020 онд Хятадад 26% дуртай, 66% дургүй болж хувирчээ. Үүнээс харахад итгэл нь 2 дахин буурсан байна. Итгэлийн нохой үхлээ гэдэг энэ буй за. Трамп Ерөнхийлөгчийн үзэж буйгаар 1.Хятад америкчуудын ажлын байрыг булаасан, 2. Хятад Америкаас технологийн хулгай хийсэн, 3. Хятад Америкийн ард түмнийг ийм хүнд байдалд оруулсан болж таарч байна. Тэрээр цар тахлын аюулыг нууж дарахын оронд шударгаар хэлсэн бол өдийд бид ийм хохирол амсахгүй байсан, Хятад Жоу Байденыг худалдаж авсан, тэдний эрх ашгийг төлөөлж буй, өмнөх Ерөнхийлөгчид Хятадад ая тал засаж, тэдний амаар, тэдний мөнгөөр туйлж ирснээс бид одоо ийм бэрх юм боллоо гэж халаглав. Трамп гуай Орхоны бичээсийн үгийн мөн чанарыг одоо л биеэрээ ойлгож байна даа. Орхоны бичээст "Хятадын үг уран, торго зөөлөн, манай дээдэс хууртаж очоод толгойгоо алдаж, өчнөөн охид хөвгүүд маань тэдний боол болов оо" хэмээн сийлэгдэн үлдсэнийг монголчууд бид үеийн үед мартаж болохгүй. Бүр сурах бичигтээ мөнхөлж хүүхэд бүрт цээжлүүлэх хэрэгтэй. Трамп Ерөнхийлөгч хэдийгээр асуудлыг улс төржүүлж, өрсөлдөгчөө таширлуулан намнаж буй ч хэлсэн үг нь үнэний хувьтай билээ. Монголчууд бид ч эдгээр болж буй явдлаас сургамж авч, сайтар суралцмаар байна.

Зав гарсан тул жиргээ жаахан сониучирхаж харлаа. Корона вирусын оношлуурын урвал бодис Монголд оруулж ирэхэд хагас бүтэн сайн өдөр таарч, гаалийнхан амарсан тул гаалийн бүрдүүлэлт хийж чадаагүйдээ бухимдсан нэгэн жиргээ үзэв. Дүрэм журмаа дагасан гаалийнханд буруу тохохын өмнө УОК ийм нөхцөл байдал үүсэхийг олж хараад, яагаад урьдчилсан зохицуулалт хийсэнгүй вэ? гэсэн бодол сэтгэлд буув. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог онцгой байдлын үед яаралтай зохицуулах хэрэгтэй ажээ. Энэхүү алдаагаа хурдан шуурхай засна хэмээн найдаж байна. Аливаа зүйл анхнаасаа төгөлдөр байх албагүй, алдаа болгоноо цаг тухайд нь олж, хурдан шуурхай засаж залруулдаг уян хатан байвал зохино. Манайханд бухимдал мөн ч их байна даа. Ядаж энэ ирж буй сонгууль цагаа олсонгүй. Уг нь дэлхийд үүссэн ноцтой байдлыг мэдэрч, сонгуулиа хойшлуулмаар л байгаа юм. Өөртөө ашигтай байдлаа олж харсан эрх мэдэл бүхий хүмүүс л саад хийж буй нь ойлгомжтой боллоо. Бас тэгээд Ерөнхийлөгчийн байр суурь хүчтэй болохоос айж байх шиг. Ард түмэн сонголтоо л зөв хийгээсэй! Монгол маань бусдын үйлдсэн зохиомол лайгаас (man made problem) салж, ард иргэд бухимдалгүй сайхан амьдрах сайхан цаг ирээсэй!

Цар тахлын хамгийн хүнд голомтод амьдарч буй ч үхлийн тоо мэт элдэв муу мэдээлэл цацаж, та бүхний сэтгэлийг царцаахгүйн тулд тэмдэглэлээ ингээд учиглая! Бие биендээ сайхан үгээр урам хайрлаж, өөр хоорондоо холбоотой, өрөөл бусдад сэтгэлийн дэмтэй, гадуур аль болох гаралгүй, гарсан ч болгоомжтой байгаарай!

Ш.Баатар
2020.5.3

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу