Хотын төвийн шуудангийн салбар орох замд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өчигдөр Майн нэгний жагсаал хөрөнгөтний газар болж, зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс энд тэнд эмх замбараагүй жагсаж, ажлын хамгаалалтыг сайжруулж, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардсан байна. Харин хүчээр тараалаа, барилаа гэж дуулдсангүй. Бодвол болдог юм болдгоороо тайван болоод өнгөрсөн янзтай. Сан Франциско хотын дарга Лондон Брийд 8 мянга орчим буудлын өрөөг гэр оронгүй хүмүүст зориулан гаргахаар төлөвлөөд, 2 мянга орчим өрөө бэлдэж, мянга гаруй орон гэргүй хүмүүсийг оруулж, ажлын гүйцэтгэл нь урагш муутайхан яваа ажээ. Үүнд бухимдсан гэр оронгүй хүмүүс хотын захиргааны хавийн замыг хааж, корона вирусээр өвчилж үхсэн хүний дүр эсгээд, шар цэцэг тэвэрч, зам дээр хэвтэж, бухимдлаа тайлжээ. Хотын захиргаа хичээж буй ч хийдэг хэд нь цөөн тул ажил нь урагшлахгүй байна гэнэ. Өдөр намайг хотын захиргааны араар гарахад зам сайхан чөлөөтэй болсон байна билээ.

Хот руу орох болсон шалтгаан нь иБэй дээр захиалсан ном маань төөрөөд, 18 жилийн өмнө амьдарч байсан байрны хаягаар очсон тул тэндэхийн шуудангийн газарт учир шалтгаанаа мэдүүлэх гэсэн юм. Хотын төвийн шуудангийн салбар болоод тэр үү, хүн ихтэй байлаа. Бүгд л амны хаалттай, хоорондоо 2 метрийн зай барихыг хичээж байв. Тэнд бухимдаж дэвхэцсэн хүн нэг ч алга. Бүгд л налайтал дарааллаараа зогсож, өөрийнхөө ээлжийг тэвчээртэй хүлээж байлаа. Шуудангийн газар хаа ч гэж вирус, нянгаас сайн хамгаалж чадсан байна. Хамгийн олон хүнтэй харьцаж буй, эмнэлгээс дутахгүй эрсдэлтэй газар болохоор аргагүй биз ээ.

Цар тахлын голомтод тулалдаж яваа эмч, сувилагч, бусад олон төрлийн эмнэлгийн ажилчдаа сэтгэл санаагаар дэмжих зорилгоор Балтимор хотын тэнгэрт Агаарын цэргийн "Аянганы шувууд" (Сандер бөрдс) 6 сөнөөгч онгоц, Тэнгисийн цэргийн "Хөх сахиусан тэнгэрүүд" (Блүү Эйнжилз) 6 сөнөөгч онгоц агаарын тоглолт шоу хийв. Тэднийг хамт нисэж байхыг анх харлаа. Уг нь жил бүр Колумбусын өдрөөр манай энд Блүү Эйнжилз агаарын шоу хийдэг билээ. Америкчууд галын шугамд тулалдаж яваа эмч, эмнэлгийн ажилчдаа сэтгэл санааны хувьд их дэмжиж байна. Энэ бол бүгдээрээ сэтгэл санаагаараа нэгдэж, төгсгөл нь үл харагдах цар тахлын ард гарах гэсэн нэгэн тэмүүлэл юм.

Гэрийн хорионы үед манай компанийн 35 мянган ажилчид бүгд л гэрээсээ сар хагас ажиллаж байна. Калифорнийн хуулиар гэрээс ажилласан тохиолдолд интернет, утас, цахилгаан, усны төлбөрийг компани даах ёстой тул тус мужид ажиллаж буй хүмүүстээ нөхөн олгохоор болсныг хүний нөөцийн газраас мэдэгдэв. Муж муж өөр өөрийн дүрэм журамтай болохоор Америк даяараа ийм биш байх шүү. Мөн мужийн захиргаанаас гарч буй шинэ дүрмүүдийг цаг алдалгүй хянаж байгаарай. Элдэв боломж гарвал алдаж болохгүй шүү.

Том экспертүүдийн тандан үзэж буйгаар цар тахал хөгжил буурай орнуудад удахгүй давалгаалах бололтой. Монголоос маань холуур өнгөрөх болтугай хэмээн ерөөл тавья. Цар тахалд хамгийн хүнд өртөж буй орон бол Америк бөгөөд эхний улирлын Үндэсний нийт бүтээгдэхүүн 4.8 хувь хасах заасан нь их хямрал нүүрлэх нэгэн үзүүлэлт болж байна. Өдөр бүр 2 мянган хүнээ цар тахлаар алдаж буй энэ улсад бүр илүү хохирол амсах магадлал өндөр хэвээр байна. Хямралаас гарахын төлөө эдийн засгаа аль боломжоороо нээхээс өөр зам алга байна. Үүнд эрсдэл бий, түүнийгээ ч тооцсон, хэрхэн юу болохыг бид харах л үлдлээ.

Гэртээ завтай сууж буй бидэнд ном унших өргөн боломж олдож байна. Би сүүлийн үед +M апп суулгаад, e-nom.mn сайт руу ороод, түүх, шашин соёлын олон сайхан ном үнэгүй татаж аваад уншиж байна. Өнөрөө сэтгүүлч алдаж яриа л биз, Нямхүү эмч мөн бухимдаа л биз, бүү буруу тийш нь сэвж, өөрөө битгий давхар бухимдаарай! За тэгээд амралтын 2 өдөр сайн амарч дархлаагаа сайжруулахыг хүсье!

Ш.Баатар
2020.5.2

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу