Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөө үүр хаяарахад зүүдлээд сэрчихлээ. Банжаагийн цагаан толгойтой хайнагийн үнээнд долоолгож, хэл нь ширүүн гэгч чигтэйхэн тул "Юу билээ энэ чинь?" гэж бодоод гэнэт өндөсхийтэл солонгос жинтүү дэрний хатуу оёон дээр нүүрээ наагаад хэвтсэн байжээ. Би хатуу жинтүүнд дуртай тул солонгосын ширүүн дэр надад их зохидог юм. Эргэж хөрвөөд жаахан бодол болж, халзан хайнагаа хэсэг бодлоо. Сүү ихтэй сайхан амьтан байж билээ. Банжаа сумын төвийн артельд Уянга хийцийн гэрийн мод цоохорлодог тул цайны сүүний хоёр үнээгээ буурайгийнд тавьдаг байв. Зун завод хаагдтал сумын төв рүү нормын сүүгээ зөөхдөө долоо хоногтоо 2 удаа 3 литр сүү хүргэж өгдөг байлаа. Тэр халзан хайнаг сүү ихтэй болохоор манайх заводын нормоо эрт гүйцээдэг, тэгээд зуны дунд сараас эхлээд сэрүү ортол 4 гүзээ өрөм авчирдаг, сүү хөлдөх цагаар 10 гаруй тогоо сүү хөлдөөчихдөг айл байлаа. Хайнагт долоолгож байна гэж зүүдэлснээсээ болоод эмээтэй ярьснаа санав.

"Буурай, Банжаагийн халзан хайнаг яагаад хүн долоох дуртай юм бэ? Хэл нь аймаар ширүүн юм" гэхэд "Хужирсаад л тэр байхгүй юу? Чамайг нусаа хацартаа их наадаг болохоор хужиртай андуураа биз" гэж намайг егөөдлөө. "Үгүй ээ тийм биш. Хэл нь яагаад тийм ширүүн байдаг юм бэ?" гэхэд "Үхэр сахлаг өвсийг хэлээрээ ороож, борог өвсийг хэлээрээ долоож иддэг юм. Нүүрээ угаахаасаа залхуураад хайнагт долоолгоод байх юм бол нүүрний чинь арьс хуулраад, яг тугалын толгой шиг цахлайдчихна. Тэгвэл би тэр хаяанд буй тарваганы өмхий тосноос түрхэх болно шүү" гэж билээ. Эмээ маань үгээр их дайруулж ёжилж чаддаг хүн байсан юм. Би бүүр сониучирхаад "Тэмээ яаж өвс иддэг юм бэ?" гэж асуухад "Урьд манайх говь руу нүүдэг байхад ачлагын тав зургаан тэмээтэй байлаа. Тэмээ чинь бут харгана голдуу өвсийг уруулаараа тэмтэрч амандаа оруулаад, угзарч тугтраад, хөндлөн ширвэж иддэг амьтан" гэж хэлж билээ. Тэмээ яаж өвс иддэгийг харах юмсан гэж боддог байлаа. Хожим Шаргын говьд өвөлжихдөө тэмээ яаж өвс иддэгийг нүдээр үзэж билээ. Хөдөөний хүүхэд их ажигч гярхай байдаг юм.

Юм гэж их сонин шүү. Хэдэн жилийн өмнө монголчуудын холбооны байранд хандивын сурах бичиг ирэхэд би 3-р ангийн унших бичгийг шүүрч аваад, хонь, ямаа, адуу, тэмээ, үхэр мал яаж өвс иддэг талаар хайгаад юу ч олоогүй. Бид чинь нүүдэлчин угсааны хүмүүс болохоор ийм энгийн зүйлийг сурах бичигт оруулаагүйд нь гайхаад өнгөрч билээ. Хөдөө өссөн миний бие тэмээ яаж өвс иддэгийг мэдэхгүй байсан юм чинь малын бараа хараагүй хотын хүүхдүүд юуг нь төсөөлөх билээ.

Амралтын өдөр болохоор "цар тахал" бол ярьдаггүй үг. Зав гарсан дээр Алтаа бид хоёр гэдсэн хуушуур хийж хоёр хөгшнөө дайлав. Урт амралтаар хол яваа андуудын аяны зам дардан, ажил үйлс бүтэмжтэй, ганзага дүүрэн олзтой байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барья!

Ш.Баатар
2020.5.23
(Жич: "Миний өссөн монгол ахуй" ном үүнтэй төстэй олон яриа орсон)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу