Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажил үйлс их, амралт чөлөө хомс, алтан шар зам дээр чамгүй цагаа өнгөрүүлж, алив төлөвлөснөө амжуулж, ард олны аяыг дагаж, аль болохоор алд биеэ ядрахгүйг хичээж, раажав хүүгийн яриаг алдалгүй сонсож явна. Цар тахлаас үүссэн асуудлууд өөр хоорондоо харилцан шүтэлцэж, арга шийдэл ч аяндаа хүндрэх төлөвтэй болов.

Эдийн засгаа орон даяараа дэлгэж нээхээр эвэртэн туруутнууд нь тунхагласны дараа их бага бизнесүүд алгуурхан хөдөлгөөнд орж, халсан ажилчдаа эргүүлэн дуудаж эхлэв. Үүнтэй холбогдон олон асуудал зуузай холбон гарч ирлээ. Халагдсан хүмүүст ахиж ажиллах боломж олгохоор ажилдаа эргэж орох эсэхээ шийдэхэд янз бүрийн хүндрэл үүсэв. Хэрвээ ажилдаа орвол халдвар авах эрсдэлд өртөж, ажилгүйдлийн тэтгэлгээ мөн алдана. Халдвар авахаас болгоомжлоод ажилдаа эргэж ирэхгүй гэж шийдвэл ажлын боломжоос өөрөө татгалзсан учир ажилгүйдлийн тэтгэлгийг зогсоох тийм нэгэн ацан шалаанд орсон ажээ. Хүндэтгэх шалтгаан байвал харж үзэх боломжтой гэнэ. Тэр нь даана ч цөөхөн юм. Архаг өвчинтэй, халдвар хурдан авах эрсдэлтэй тохиолдолд эмчээсээ бичиг авч, ажилгүйдлийн тэтгэлгээ зогсоохгүй байх боломжтой гэнэ. Мөн хүүхдээ харах зайлшгүй шаардлагатай бол тодорхой заасан хугацаанд ажилдаа эргэж оролгүй хүлээж болох ажээ. Бусад тохиолдолд яагаад олгосон ажлаас түдгэлзэх болсноо ажил олгогчтойгоо ярьж, хэл амаа ололцож, ажилд орох хугацаагаа сунгаж бас болох юм гэнэ. Аль ч тохиолдолд ажлаасаа татгалзвал төвөгтэй нөхцөл байдал үүсэх ажээ.

Ихэнх зоогийн газар гэрийн хорио эхэлснээс хойш захиалгаар хоол түгээж эсвэл очиж авахыг зөвшөөрч байсан юм. Харин одоо ариутгал хийх, зай барих зэрэг нарийн горимын дагуу ширээнийхээ 25%-ийг нийтэд нээхээр болжээ. Цөөхөн хүнд үйлчлэхээр орлого буурна, орлого буурахаар ажилчдын цалин тавих, байрны түрээс төлөх асуудал хэвээр үлдэж, ажигчдынхаа цалинг танах, хоолныхоо үнийг өсгөх магадлалтай гэнэ. Тэгэхээр эргэж ажилд орвол ажилгүйдлийн тэтгэлгээс ч бага цалин авч магад гэсэн давхар айдас үүссэн байна. Одооны нийгэм бол нэг нь л болохгүй бол бусад нь түүнээсээ хамаарч, гинжин урвалаар хямраад явчих тогтолцоотой билээ. Хүний хиймлээр бий болгосон ийм олон асуудлыг хэрхэн зохицуулах талаар янз бүрийн хэлэлцүүлэг сонсож явлаа.

Их өлсгөлөнгийн аюул өдөр хоногоор дэлхийд ойртож буй тухай бас чих тавин сонслоо. Өлсгөлөнгийн аюул улс орон болгонд өөр өөр тусах жамтай гэнэ. Болзошгүй өлсгөлөнгийн аюулд өртөхгүй, хямралаас хурдан гарахын тулд Европын холбоо 27 гишүүн орныхоо дотор хэрэглэх 500 тэрбум еврогийн тэтгэлгийн сан байгуулах асуудлыг хэлэлцжээ. НҮБ ч зүгээр суухгүй хандив цуглуулахаар бэлдэж буй бололтой. Хятад улс цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэхэд зориулан 2 тэрбум доллар хандивлахаа амлав. Энэтхэг, Мексик зэрэг орнуудад хямрал хэрхэн хүндэрч буй талаар нэлээд ярьж байна.

Трамп Ерөнхийлөгч хатуу хахир үгтэй захидал ДЭМБ-д илгээж, Хятадыг корона вирус санаатайгаар тараасан хэмээн шүүмжлэв. Уханиас дэлхийн улс орнууд руу явуулах нислэгээ зогсоогүй, дотооддоо хорьсны улмаас Бээжин нийслэлдээ халдвар оруулаагүй нь илт болохоор санаатайгаар хийсэн үйлдэл гэж шүүмжиллээ. Цар тахлын халдвар тарах тухай урьдчилан сануулсан хэмээн Тайваньд талархал илэрхийлэв. Давхар улс төр л яваад байна даа.

Ороо бусгаа энэ цагт өөртөө арчаатай, өрөөлд тустай явцгаая!

Ш.Баатар
2020.5.19

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу