Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажил ч эхлэж, раажав хүүгээ ч сонсож явна. Америк улсад цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 2 саяд ойртож, нөгчигсдийн тоо бум хүрэв. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш оролцсон олон дайн тулалдаанд амь үрэгдэгсдийн тоог энэ хохирол хол давжээ. Дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, төрийнхөө тугаа гудайлгасан амралтын дулаахан өдрүүдэд Калифорниа мужийн олон арван мянган хүн далайн хөвөөгөөр салхинд гарч, бие сэтгэлийн алжаалаа тайлахдаа хүн хоорондын зайгаа сайн барьсан хэмээн мэдээлэв. Дүрэм журмаа ухамсартайгаар дагаж буй нь үнэн бол нэн сайн хэрэг дээ.

Трамп Ерөнхийлөгч сүү хөөрөхөөр нударгаа сэвээд сандардаг уймраа өвгөн шиг сүм хийдүүд даруй мөргөлөө хийцгээ гэж мэдэгдсэн боловч ачир дээрээ тэд алгуурхан хөдөлж байна. Манай мужийн сүм, сенигогуудад тавьсан шаардлагуудаас болж одоохондоо хараахан нээгдээгүй байна гэнэ. Хүн хоорондын зай барих, сүмд орох итгэгчдийн тоог хязгаарлах, гараа ариутгахдаа 3-аас доош хүн нэг дор байх гэсэн олон заалтуудыг биелүүлэх бэлтгэл хийж буй ажээ. Зарим баар, түргэн хоолны газар үүд хаалгаа нээсэн ч үйлчлүүлэгч ховор байна гэнэ. Хүмүүс аливаад болгоомжтой хандах болсон, жуулчид байхгүй зэрэг олон шалтгаантай гэнэ. Энэ байдлаараа бол бизнес нэн удаан эргэж сэргэх ч өмнө байсандаа хүрэхгүй болох нээ.

Манай муж нэг бум шахам хүн корона вирусын халдвар авч, 4 мянга орчим хүн өөд болсны ихэнх нь өмнөд Калифорниад байна. Сан Франциско хот нь хойд Калифорниад орох бөгөөд тус хотод 2400 хүн өвчилж, 40 хүн нас нөгчсөн гэнэ. Янз бүрийн шалтгаанаар эмнэлэгт нас нөгчсөн 260 орчим хүний эсийн шинжилгээг нарийвчлан шалгаж, цар тахалтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Зүрх судасны өвчнөөр нас нөгчигсдийн дотор корона вирустэй холбоотой үхэл байгаа хэмээн үзэж буй гэнэ. Эмнэлгүүд үйл ажиллагаагаа удаашруулснаас санхүүгийн алдагдалд оржээ. Төрийн зээлийн нэг хэсэг бас энэ салбарт ирэх бололтой. Сүүлд батлагдсан 3 тэрбум доллар бол аль эх үүсвэрээс гарах нь тодорхойгүй мөртөө 6-гаас дээш сарын зээлэнд л явах юм гэнэ ээ.

Сан Франциско хотын латинууд амьдардаг Миишн дүүрэгт цар тахлын халдвар хамгийн өндөр байгаа ажээ. Нэг жижиг өрөөнд олон хүн шавалдан суудагтай өвчний тархалт шууд хамаатай байна гэнэ. Тэд хар бор ажил хийдэг ч гэр бүлийн жилийн орлого 30 мянган доллар давчихдаг тул ядууст зориулсан үнэгүй даатгалд хамардаггүй, өөрсдөө энгийн даатгалыг хүч хүрдэггүй болохоор тэдний эмчилгээний асуудлыг шийдэж чадахгүй, эм өгөөд гэр рүү нь явуулдаг, гэртээ амьсгалын дутагдалд ороод өнгөрчихдөг байна. Хотын захиргаа үүнд гарц олохоор хайж буй ажээ. Ядуусын зовлон ямагт барагдахгүй гэдэг үнэн ажээ.

Америкт гацсан монголчуудын аж амьдрал улам хүндэрч, дээш тэнгэр хол, доош газар хатуу, хэтэвчиндээ мөнгөгүй, хэл аман дээрээ тавих хоолгүй, дэргэдээ түшиж тулах хүнгүй тэвдэж сандарч буйг УОК улам сайн анхаарч, ухаан сийлж, ямар нэгэн арга чарга олоод дариухан татаж авна уу?

Ш.Баатар
2020.5.26

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу