Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахлын статистикт тодорхой дүн шинжилгээ хийж, нэлээд ул суурьтай дүгнэлтүүдийг шил дараалан гаргаж байна. Хүн хоорондын зай барих журмаа нэг 7 хоногийн өмнө гаргасан бол 36 мянган хүний, 2 долоо хоногийн өмнө гаргасан бол 55 мянган хүний амь нас аврах байлаа гэж харуусан ярьж байна. Хэрвээ анхнаасаа хүн бүр амны хаалт хийсэн бол дор хаяж Хятадын хэмжээнд дарж авах байлаа гэж би бодов. Цагаан хүмүүсийн биеэ хэт тоосон эго ихтэй, бусдын үгийг тоодоггүй бардам зан нь ийм бэрх байдалд хүргэж, олон хүний амь насыг авлаа даа хөөрхий. Тэгэхээр Америкийн төр засаг, тэр тусмаа ноён Ерөнхийлөгч цар тахлыг хавтгайруулж алдсандаа түмэн буруутай бус уу? Америкт дээрх нь суудлаа, доорх нь гүйдлээ олохгүй аанай байсаар цар тахлын хазаарыг нь эвхээд сул тавьчихлаа даа. Монгол улс бол маш зөв бодлого явуулж, шуурхай хөдөлсөн учир бусдад үлгэр дуурайлал болж, олон улсын байгууллагуудын магтаал сайшаалыг удаа дараалан хүлээж байна. "Монголоос сур" гэвэл эд нарын хөх инээд нь хүрэх байх даа. Гашуун үнэнийг хэлэхэд Монголоос америкчууд сургамж авах хэрэгтэй байна.

Калифорниа муж хэдий баян ч засаг захиргаа нь төсвийн хямралд унаж, 55 тэрбум долларын алдагдалд оржээ. Улсын байгууллагууд, боловсролын систем, эрүүл мэндийн салбарын төсвөөс танахаас өөр замгүй болов. Тэгэхээр эдгээр байгууллагуудад цомхтгол удахгүй явагдах бололтой. Нэн сонирхолтой нь өндөр настны болон асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зарим хангамжийг хяргаж, тэднийг асрамжийн газраас гэрт нь гаргах бодлого барихаа мужийн захирагч хэллээ. Учир нь корона вирус асрамжийн газар замбараагүй дэлгэрч, өндөр настнууд ихээр хохирч буй явдал юм байна. Хөөрхий тэд албан хүчээр корона вируст баригдсанаас ялгаагүй болжээ. Асрамжийн газрын санхүүжилтийг танаад ирэхээр хүмүүсээ цөөрүүлэх, боломжтой хүмүүсийг гэрт нь гаргах болно гэнэ. Тэгвэл гэрээр хүн асрах ажил ихсэж, монголчуудад маань ашигтай болох ажээ.

Өчигдөр лалын сүмүүдэд мөргөгчдийн хандив багассан тухай би дурдсан билээ. Энэ бэрхшээл Христийн сүмүүдийг тойрсонгүй. Манай мужийн 1200 пастор нийлж, "Христийн сүм нь зайлшгүй ажиллах шаарлагатай бизнес мөн" гэж үзсний улмаас мужийн захирагчийг шүүхдээд, эцсийн үр дүнд цуглаанаа нээх эрх олж авчээ. Нээхдээ зай барих, амны хаалт зүүх, ариутгал хийх эрүүл мэндийн зааврыг тэд чанд мөрдөх хэрэгтэй болжээ. Хэрвээ сүмд коронагийн халдвар илэрвэл сүмийг хаагаад зогсохгүй эрхийг нь хураах юм байна. Буддын сүм хийд тийм олон байдаггүй бололтой, тэдний тухай онцгойлж дурдсангүй өнгөрлөө. Ганц сүм ч гэлтгүй үйлдвэр дээр халдвар тархвал ялгаагүй хаах юм байна. Энэ мэтээр дэг журам сахиулахаа хатуу мөрдөх тухай ярив. Гадаа задгай орчинд ажилладаг барилга, газар тариалан, гудамж цэцэрлэгийн зүлэг ногооны ажил хориггүй болжээ.

Хоёр орны зөрчил улам хурцдаж, Америкийн хөрөнгийн бирж дээр Хятадын компани арилжаа хийхийг хорих шийдвэрийг Конгресс гаргав. 200 гаруй Хятадын компани хөрөнгийн биржээс шахагдан гарах нигууртай болжээ. Учир нь Хятадын эдийн засгийн эрчийг сулруулж, бардам занг нь дарах юм гэнэ. Асуудал гээн дээ ч гоон доо ч бий байх аа. Хятад оюутанд алсдаа виз олгохгүй болох нь улам тодорч байна даа. Хятадууд мөн янз бүрийн сөрөг арга хэмжээ авах байх даа. Яалаа гэж тэд гараа салаавчилж хэвтээд байх билээ. Нэг дэвсвэл хоёр дэвсдэг хүмүүс шүү дээ.

Корона вирусын вакцин хийх ажил их үр дүнтэй болж буй гэнэ. Огтоно, усан гахай, сармагчин дээр хийсэн туршилтууд үр дүнтэй болсон талаар "Шинжлэх ухаан сэтгүүлд судалгааны нийтлэл гарсан байна. Сайн цаг айсуй яваа сурагтай.

Ш.Баатар
2020.5.21

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу