Стэнфордын номын санд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бидний амьдарч буй Сан Франциско хотод уг нь цар тахлын тархалт харьцангуй бага байгаа юм. Удахгүй хориг тавигдахаар юу болохыг эс мэднэ. Цар тахал дэлгэрч эхэлснээс хойш энд 2320 хүн халдвар авч, 40 хүн нүд аньсан байна. Бэй Аэриагийн хэмжээнд бол үүнээс их, Калифорниа мужийн хувьд 90102 хүн халдвар авч 3660 өөд болсон. Ийм үед эдийн засгаа нээх нь эрсдэл мэдээж дагуулна. Халдвар 2 дахь давалгаа үүсэх, халдварын шинэ голомтууд бий болохыг хэн байг гэх вэ? Гадуур явж буй хүмүүсийг хараад байхад маск хийсэн нь нэн цөөн харагдана. Бүгд л Трамп Ерөнхийлөгчийг дуурайдаг юм уу бүү мэд.

Раажав хүүгээ сонсож явахад Хятадын дотоод байдлыг ихэд сонжин ярьж байна. Манай хөрш орон болохоор сонсохгүй байхын аргагүй. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж, үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хэлэлцжээ. Тэр хуулинд нь Хонконгийн тусгаар байдлыг няц дарах заалтууд оруулсан юм байх. Уг нь 1997 онд Хонконгийг Англиас буцааж авахдаа 50 жил автономийг нь бүтэн хадгална гэж Хятадын төр андгайлсан юм байна. Гэтэл 20 жилийн дараа хэлсэн амнаасаа буцаж, Хонконгийн удирдлагыг Бөөжингөөс томилдог болсноор тус хотын ард иргэдийн хилэн бадарч, жагсаал цуглаан хийж эхлэнгүүт нь бас бөөжин цагдаа оруулснаар тэмцлийн галыг нь улам өрджээ. Одоо бол тэднийг салан тусгаарлагч гэж үзээд, элдэв асуудал гаргаваас гэмт хэрэгтэн болгож нам дарах ажээ. Корона вирусын халдвараас болж хорссон барууны орнуудыг Хонконг дотор өдөөн хатгалга явуулна гэж урьдчилан сэргийлж буй нь энэ бололтой. Хятадуудын молиго үмхүүлдэг нь урд өмнө байсан л зан. Даана ч барууныхан одоо л ухаарч байна. Өвөр монголчуудыг молиго үмхүүлж, автономийг нь устгахад ар монголчууд бид мэдээлэл муу, гадарлаж байсан ч өрөө зуруулж буй хонь мэт чимээгүй өнгөрсөн гунигт түүхтэй билээ.

Өвөр Монголын автономийг соёлын хувьсгалаар далимдуулж устгахдаа үндэсний сэхээтнүүдийг нь газрын хөрснөөс арчиж орхисныг монголчууд бид огт мартаж болохгүй. Энэ бол дөнгөж саяхан, бидний бага балчирт болсон шинэ түүх билээ. Өвөр Монголын автономийг устгаад зогсохгүй, Төвдийг чөлөөлөхдөө ашигласан 3 түмэн монгол морин цэргийг толгой дараалан алж, хороосон юм билээ. Манжийн төрийн "бохирыг бохироор угаан ариутгах, монголыг монголоор нь мохоох" аргыг Төвдийг дарахдаа хятадууд хэрэглэжээ. Тэрхүү Улаанхүүгийн гэгдэх монгол морин цэргийн хороонд эмчийн алба хашиж явсан нэгэн хорчин монгол хүн саяхан болтол Сан Францискод амьдарч байлаа. Тэрээр Төвдийг чөлөөлсөн монгол цэргүүдийг соёлын хувьсгалаар баривчилж, толгой дараалан хороож эхлэхээр нь хятад эмэгтэйг дагаж, Гуанжоу, Хонконгоор дамжин амь зулбан явсаар Сан Францискод ирж суурьшсанаа ярьж байв. Бид одоо Хятадыг шүүмжлээд, үзэн ядаж тэрсэлдээд юу шалих вэ? Гол нь тэд ямар хүн бэ? Урьд ямар гэмт хэрэг хийсэн, яаж монголчуудыг хуурч молигодсон бэ? гэдгийг мэдэж байхад л хангалттай хэрэг болох билээ.

Корона вирусын тархалтын улмаас зогссон бизнесүүд эргэж сэргэхдээ их удах ажээ. Бараг дөрөвний нэг нь эргэж ирэхгүй дампуурна гэж үзэж байна. Зочид буудал нээгдсэн ч зочин гийчин байхгүй, агаарын тээвэр нээгдсэн ч онгоцонд суух хүн нь цөөн болохоор аялал жуучлал царцаж, түүнийг сааж амьдардаг хоол худалдааны бизнес амархан сэргэхгүй шинжтэй. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлийн шарх түргэн анихгүй болохоор аялах жуулчлах тэмүүлэл үүсэхгүй гэнэ ээ. Тэр ч үнэн буй за.

Өнөөдөр дотнын танил Лувсанхайдав гуайн дунд хүү Даш маань өвчний улмаас тэнгэрт одсон тул сэтгэл хургасан сонин өдөр байв. Америкчуудын хувьд дайнд үрэгдсэн хүмүүсээ дурсах амралтын 3 өдрийн эхлэл болно. Цаг агаарын сайханд дулдуйдаж гадуур явбаас амны хаалтгүй хүмүүсээс холхон л байгаарай. Адармаатай энэ өдрүүдэд өвчин зовлонгүй, амьд сэрүүн явах л чухал болж байна шүү. Мөн удахгүй болох сонгуулийн хар бараан сурталчилгаанд нүд сэтгэлээ чилээхгүй байхыг хүсье! Сайхан амраарай!

Ш.Баатар
2020.5.22

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу