Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр мөн амралтын өдөр, корона бол ярьдаггүй үг шүү! Ном уншаад, нэг пад хэлхээд өнжлөө. Бас сонгуулиас өмнө өрнөж буй элдэв самрааныг бага сага уншиж харав.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шашин соёлын орон тооны зөвлөх Ц.Хулангийн хийсэн "Монголын төрд шургасан зэтгэр" нэвтрүүлгийг их анхааралтай үзэв. Хөндөж буй сэдэв нь зөв боловч, миний ойлгосноор цаг үеэ олоогүй, асуудлыг самарсан хачин баримтат кино болсон байна. Мэдсээр байж цаг тухайд нь тэмцэхгүй, өөртөө хэрэгтэй цагтаа сонгуулийн өрсөлдөгчөө намнах гэсэн, цаашилбал Баттулга Ерөнхийлөгчийн захиалагчаар хийжээ гэж ойлгогдохоор нэвтрүүлэг болжээ.

Шашин шүтэх эс шүтэх хуулийг америкчуудын захиалгаар хийж, Ц.Нямдорж сайд яамныхаа вэб хуудаст санаатайгаар байрлуулсан, зуучлагч нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Онцгой үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ж.Баясах багш, Америкт суугаа элчин сайд Ё. Отгонбаяр нар гэнэ ээ. Энэхүү хууль батлагдахаар Монголын бурханы шашин байр сууриа алдаж, бүр Монголын христүүд хохирч, гаж урсгалууд гаарч, Монголын аюулгүй байдалд заналхийлэл учирна гэнэ. За тийм байдаг байж. Тэгвэл ийм ноцтой гэмт хэргийг цаг тухайд нь илчилж, таслан зогсоохгүй юугаа хийж байсан юм бэ? Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга, ҮАЗ, Хулан зөвлөх цаг тухайд нь ажлаа хийлгүй, баримт цуглуулсаар буруутай этгээдүүдийг сонгуулиар намнах бэлтгэлээ базаажээ гэж ойлгов. Гэмт хэргийг мэдсээр байж нам дарна гэдэг бол тэр өөрөө гэмт хэргийн чанартай үйлдэл мөн буй за.

Молхи миний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгийн газрын залуус намайг "өв соёлын бодлогын орон тооны бус зөвлөхийн ажлыг зайнаас хийгээч" гэж хүссэн тул би тус зөвлөхийн нэрэн дээр 8 жил байж хааяа хүү хаа гэж байсан нь үнэн билээ. Сонгуульд ялагдсаныхаа хорслоор З.Энхболд олон нийтэд шившиглэн зарлаж, өөртөө гажиг таашаал авч байсан удаатай. Тэрээр төрийн бодлогын залгамж халаа гэдгийг огт ойлгодоггүй, зуумтгай нэгэн. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй Монголын өв соёлыг хамгаалахад тус нэмрээ үзүүлье гэж нэгэн үзүүртэй сэтгэлээр хандаж, Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, Ё. Отгонбаяр нарт санал бодлоо удаа дараа хүргэж байсан юм аа. Төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулахгүйн улмаас Хулан зөвлөхөд саналаа хэлэх гэж хэд оролдоод бүтээгүй. Нэг удаа ч хариу өгөөгүй. Баттулгын заавраар Элбэгдоржийн хүн гэсэн хорслын нүдээр харжээ гэж бодоод өнгөрсөн. Харин одоо Хулан зөвлөхөөс өнгөрсөн хойно нь ниргэв гэгчээр ийм мэдэгдэл сонсоод ихэд гайхав. Хулан минь сонгуулийн нүүдэл буруу байна, үүнийг цагаа олоогүй самраан гэнэ шүү.

Би бас өөрөө өрнө, дорнын орнуудад олон жил сурсан, дэлхийн соёл иргэншил судалсан хүний хувьд лалын шашны коран, христийн шашны хуучин гэрээ, шинэ гэрээг ул үндсээр нь уншсан, өөрөө бурханы шашинтай боловч олон шашны асуудалд авах гээхийн ухаанаар хандаж ирсэн хүн билээ. Харин тэр шашны гаж урсгалынхан, монголчуудыг талцуулах дорж шүгдэн сахиусны хагарал авчирсан нөхдөд таагүй ханддаг нь үнэн. Тийм тийм явдлаас болоод гаж урсгалын номлогчид, хутгагч төвд лам нарт дургүй болсон билээ. Монголчууд бид хэний ч гарыг харахгүй бүх асуудлаа өөрсдийн уураг тархиараа, саруул ухаанаараа шийдэж чадна гэсэн бодолтой явдаг юм. Энэ бол орших, эс оршихтой хамаатай зүйл болно.

Адилхан монголчууд байж сонгуулиар далимдуулан бие биенээ бүү хараар будацгаа гэж дахин хүсье! Монгол орны хөгжил гэдэг бол монгол хүн бүрийн, монгол хүн амьдран суугаа бүх нутгийн асуудал болно. Зөвхөн Улаанбаатараар хөгжлийг хязгаарлаж огт болохгүй. Бид бүгд хөгжих, сайхан амьдрахыг хүсэх буй гэж ингэж байна. Харин сонголтоо л ухаалаг зөв хийгээрэй!

Ш.Баатар
2020.5.25

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу