Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр амралтын хоёр дахь өдөр. Раажав хүүгээ сонсолгүй, гайтай хар коронагийн мэдээнээс холдон чихээ амрааж, гэр орондоо босон суугаа элдэв юм ухаж түнхээд, амралтын цагаа өнгөрөөв. Хоёр жилийн өмнө ээжийг өөд болсны дараа хэдэн эрхи, пад хийж буян хурааж, мани тоолоорой хэмээн ойр дотны хүмүүстээ өргөсөн билээ. Бөөр нь дутахаар нь үлдээсэн модон падны хоёр хэсэг бэлдмэл байв. Бөөр хийчихээр хиймэл үрэл олсон ч нүх нь нарийдаад хэлхэж чадахгүй, нүхийг нь томсгох гэхээр лазан хөдлөөд, боож тавиад, тэгээд таг мартчихжээ.

Уутны ёроолоос гараад ирэхээр нь барьж аваад гүйцээчихлээ. Уянгын хүрээнд шавилж явсан өвгөд 21 ширхэг үрлээр хэлхсэнээ пад, 108 ширхгээр хэлхсэнээ эрхи гэдэг байлаа. Буурал ээжийг амьд сэрүүн байхад аккумуляторын хайрцагны хавтан, эсвэл өнгөгүй тунгалаг хуванцраар эрхи хийж өгдөг байж билээ. Миний сийлбэрийн багш уран Жамбалжав гэж тун сайн сийлбэрчин байлаа. Манай удамд уран Лувсан гэдэг бурханч лам байжээ. Түүний Сайн ноёны хүрээн дээр бүтээж явсан 200 гаруй бурханы тэг нь надад үлджээ. Банжааг амьд сэрүүн байхад заалгаж зуруулаад хоёр удаа л бурхан бүтээж үзсэн билээ. Жамбалжав багшаараа заалгаж хийсэн сийлбэрийн хэдэн хутга мөн үлджээ. Сургууль соёлын мөр хөөснөөс хойш бийр, сийлбэрийн хутга хоёрт нэгэн бээр гар хүрэлгүй өдий болжээ. Үйл үйлээ, үнээ тугалаа дагана гэдэг үнэн юм даа. Одоо бол өөрөө хийж чадахгүй мөртөө хүний хийснийг голдог өвчин л надад үлджээ. Багшийн шавь нараас Балдан, Ганзориг хоёр маань л сийлбэр хийж яваа даа. Харин багшийн хоёр хүү аймагтаа цуутай сийлбэрчид болсон байна билээ.

Ш.Баатар
2020.5.24

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу