Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бороо орчихмоор байна уу даа гэмээр бүрхэг өдөр байна. Америкчуудын дотор ч бүрхэг буй нь ярианаас нь илт ажиглагдана. Трамп Ерөнхийлөгчийн хэлж буйгаар бүх юм хүрдан сайхан хэвэндээ орж байна, "үүнээс илүү муу болох байсныг би тулдаа энэ зэрэгт хязгаарлан барьж байна" хэмээн их л цээжээ дэлдэж байна. Үнэн эсэхийг түүх дараа нь гэрчлэх биз ээ. Хүмүүсийн уур хилэн намжиж, бослого тэмцэл суларсан хэдий ч тэдний сэтгэлийн шарх аних яагаа ч үгүй байна. Америкийн өнөөгийн нийгэм бол асар үнэтэй шаазан ваарыг газар алдаж унагаад, эргүүлээд хагархайгаар нь зүйгээд цавуудалцаж наасан мэт болжээ. Хагарсан ваар хэдийвээр бүтэн харагдах ч үнэ цэнэгүй болсон байдаг билээ. Тэгвэл Америкийн нийгэм түүнтэй адил үнэ цэнэгүй болсон мэт харагдаж байна. Энэ нийгмийг үнэ цэнэгүй болгосон бурууг корона вирус дэгдэн гарсан Хятадаас хайж байна. Үнэн хэрэгтээ ямарч сэргийлэх арга хэмжээ хийхгүй байсаар оруулж ирсэндээ өөрсдөө буруутай л даа. Бусад хямрал нь нийгмийн бухимдлаас үүдэлтэй болохоор нэг л гал алдвал дарьтай торх мэт дэлбэрч байна гэсэн үг.

Монголд сонгууль болоод сошиал ертөнцөд сонгогдогчдыг баруун солгойгүй харлуулан намнаж байна. Энд 2 асуудал байна. Нэгт, манайхан бусдын үгэнд итгэдэг гэнэн тэнэг зантай болохоор хэн нэгэн хар шувуу нисгэхэд түүнд итгэж, хаашаа л бол хаашаа савлаж байна. Энэ бол тэдгээр монголчууд маань хүн болж хараахан төлөвшин тогтноогүйг харуулж байна. Хоёрт, монгол хүн хэн нэгнээ хайрлахгүй, гүтгэн доромжилж буй нь эх оронч үзэл устсаных гэж бодож байна. Эх оронч үзэлгүй болсон тул үнэт зүйл, аливаа хайрлах юм аа ялгахаа байсны харгай болов уу. Монгол улсын хамгийн чухал үнэт зүйл бол монгол хүн өөрөө мөн. "Монгол хүн өөрөө үнэт зүйл мөн" гэж ухамсарлавал бие биеэ ясанд нь тултал хэмнэлгүй, ядахнаа дуугүй өнгөрч, тэвчээр зааж чадна. Монгол хүнийг бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй болгосон гол зүйл бол хязгааргүй их либерал үзэл, харийн шашин соёлын хэт их нөлөө юм. Эх оронч үзлийн нэг жишээ хэлье.

Миний таньдаг ордос дүү байдаг юм. Нэг өдөр түүнтэй ярьж суутал "Та Монгол улсын аль аймгийн хүн бэ?" гэж асуув. Би Өвөрхангай аймгийн уугуул болохоо хэлтэл "Тийм аймаг байдгийг мэднэ" гэв. Яаж манай аймгийг мэддэгийг нь сонирхоход "Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8-р багийн ард Лувсанцэрэнгийн Аюуш баатарыг би мэднэ" гэж байна. Аюушийг яаж мэддэг болсныг асуутал "Манай 10-р ангийн уран зохиолын унших бичигт Д.Сэнгээгийн "Аюуш" туужийг үзэж, багш эхлээд бидэнд намтрыг нь заасан гэж байна. Тэр бол түүхэн тууж гэж хэлтэл "Гэхдээ бодит хүний амьдралаас сэдэвлэн бичсэн. Ганц бие Шарав гэдэг эмэгтэйгээс төрсөн, эцгийг мэдэхгүй бутач хүн гэсэн. Өргөж авсан аав нь Лувсанцэрэн, ээж нь Самданцоодол" гэж хэлэв. Самданцоодол гэсэн нэрийг сонсоод ёстой дотор пал гээд л явчихсан. Яах аргагүй манай нутгийн түгээмэл нэр боловч Аюуш баатрын өргөмөл эх болохыг би мэдэхгүй билээ. Цааш нь жаал яриултал "Аюуш 1922 онд Хонгорын говийн Хоолойтын хөндийд төрөөд, 20 нас хүртлээ мал маллаж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р цэргийн ангид алба хааж, 1945 оны 8 сарын 19-21-ний хооронд Жанчхүүгийн давааг чөлөөлөхөд ангидаа зам гарган давшиж яваад баатарлагаар амь үрэгдсэн" гэж ярив. Би болохоор Арвайхээрийн төвд байдаг Аюуш баатар хөшөөний ар өвөрт авирч, болж өгвөл атгасан пулемёт дээр нь гараад мордчих санаатай ноцолдож байснаас яаж тийм нарийн ширийнийг мэдэх билээ. Бидэнд лав тэгж гүнзгий заасангүй. Түүний янзыг үзэхээр Бурмаа бол уран зохиолын дүр гэтэл "Бодит хүн дээр үндэслэсэн. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчин Цэрэндун гэдэг бүсгүйтэй цэрэгт явахаасаа өмнө хамт амьдарч байсан" гэж хэлэв. Түүгээр ч барахгүй Дундад улсыг Зөвлөлт-Монголын дайчид Японоос чөлөөлөхөд Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн Аюуш баатарын хөшөөнд сурагчид зуны амралтаар хадаг тавьж хүндэтгэл үзүүлдэг тухай ярив. Тэд эх орноо хамгаалахдаа үлгэр жишээ болгож Аюуш баатрыг нухацтай авч үздэгийг мэдэж авлаа.

Гэтэл манай либерал залуус Халхын голын дайн болоогүй хилийн маргаан төдий байсан, Аюуш гэж баатар байгаагүй, уран зохиолын зохиомол дүр гэх мэтээр үгүйсгэдэг билээ. Тэр бүү хэл Боловсролын яам нь уран зохиолын хичээлийн цагийг танаж, сурах бичигтээ солонгос эхнэрийн дээл ямар байх тухай оруулж байна. Тэгэхээр хүүхэд залуус минь юуных нь эх оронч болох билээ, яаж монгол хүнээ хайрлах сэтгэл чухал болохыг ойлгох билээ. Монгол хүн монгол хүнээ хайрладаг болох нь эх оронч үзлийн үүд хаалга мөн.

Өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар номын худалдаа Мишээл экспод үргэлжлэх болно. Түүгээр очиж номыг минь авсан андуудад маш их баярлалаа. Номыг минь борлуулж буй Цолмон дүү, асартаа зайчилж суулгасан Нямочир дүүд баярлалаа! Надаас ном асуусан андууд тэндээс очиж аваарай!

Ш.Баатар
2020.6.5

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу