Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр тахлын халдвар 20-оос 27 мянга болж ахисан ч нас барагсдын тоо огцом өсөөгүй ахижээ. Манай муждаа бол Лос Анжелес хот хамгийн их халдвар авсан хүнтэй бөгөөд саяхан тэнд болсон жагсаалд маш их хүн оролцсон тул Өвчний хянан сэргийлэх төвөөс жагсаалд оролцсон хүмүүсийг гэртээ 14 хоног бүгэх хэрэгтэй, сайн дураараа ирж шинжилгээ өгөх шаардлагатай гэж анхааруулав. Өчигдөр Япон хотхноос Твин Пиикс (манай хотын зайсан) давах зам руу явж байтал ижил хүйстний хороолол болох Кастро дээр скэйтбоардтай залуус жагсахаар хэдэн мянгаар цугласан харагдсан. Тэд ахлах ангийн сурагчид байсан тул эцэг эхчүүд хүүхдүүдээ корона вирусын шинжилгээнд хамруулах хэрэгтэй хэмээн раажаваар өнөөдөр ярив. Корона вирусын халдвартай хүмүүстэй харьцсан хүмүүсийг хөөн тогтооход олон хүндрэл гарч буй нь хүний хувийн нууц, хүний эрхтэй хэт их холбосноос боллоо гэв. Маск зүүх нь амьсаглах, ярих, гоо сайхан харагдах зэрэг хүний эрхийг хязгаарлалаа гэж ярьдаг хүмүүс хэнтэй харьцсанаа хэлэхгүй байх нь аргагүй ээ.

 

Арьс өнгөний үзэл Америкийн нийгэмд амар арилахгүй байгааг цагаан арьстны дээрэлхүү зантай холбож, угшил нь колоничлол гэж үзсэн борчууд конфедрэйтын бүх хөшөөг нураах хөдөлгөөн өрнүүлж байна. Хөшөө нурааснаар арьс өнгөний үзэл алга болно гэж юу байх билээ. Түүгээр барахгүй цагдаагийн байгууллагыг төсвөөр нь боомилж тараахаар зүтгэж, тэмцэл буруу тийшээ хазайлаа. Үүнийг төрөөс ямар нэгэн хэлбэрээр удахгүй зохицуулна биз ээ.

Харин миний хувьд энэ жилийн ажлынхаа аттестатчиллын шалгалтуудаа өгөхөөр бүтэн өдөр сууж, ард нь сая гарав. Компанийн бодлогоор бүх ажилчид аюулгүй байдал, бэлгийн дарамт ба хүчирхийлэл, хувь хүний харьцаа, ёс суртахууны талаарх аттестатчиллын олон шалгалтыг эхний 6 сарын дотор өгдөг зарчимтай билээ. Үг хэлээ, өмсөх зүүхээ хүртэл зохицуулах олон нэрийн дүрэм заавартай болохоор тэр мэдлэгийг жил бүр шалгаж баталгаажуулж явдаг юм. Хүнийг нас хүйс, ижил хүйстэн, хүйсээ сольсон, өнгө зүс, шашин шүтлэг, ёс заншлаар нь ялгаварлахгүй байлгахын тулд дүрэм заавраа ягштал цээжлүүлж буйн нэг илрэл нь эдгээр шалгалт юм. Компани дотроо ажилчид нь хов хутгаж, түнжин хагарвал ажил үйлс бүтэхгүй болох тул тэр бүгдийг дүрэмчилснээ шалгаж байгаа нь энэ юм. Монгол хүн дайнд мордохын урд орой морио тэжээдэг гэж нэн эртнээс ёгтолж ирсний улбаа нь хүртэл надад үлдэж, 6 сар дуусахын даваан дээр аттестатчиллаа нэг барьж аваад дуусгав. Ёс бус үйлдэл хийсэн хүмүүсийг дарга цэрэг гэхгүй ажлаас нь халчихдаг юм билээ. Хүмүүс америкчуудыг их л замбараагүй хүмүүс гэж боддог янзтай. Өөр өөр орчинд ялгаатай л байх. Харин уламжлалт компаниудын хувьд тогтсон дэг жаягтай, хамтран ажиллаж, харилцан суралцаж, хамтдаа бүтээх бүх нөхцлийг дотроо бүрдүүлдэг нь гайхалтай санагддаг. Хөгжил дэвшил нь хувь хүний хөгжлөөс хамаардагтай нүүр тулж, нүдээр үзэж, биеэрээ давж явна даа.

Ш.Баатар
2020.6.12

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу