Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт корона вирусын халдвар авсан хүний тоо 2 сая давлаа. Өдөрт дунджаар 20 мянган хүн шинээр халдвар авч, нэг мянгын наана цаана гарах тооны өвчтнүүд хорвоог орхиж байна. Ийм нөхцөл байдалд бизнесээ нээж, хоригоо цуцалж буй нь халдварыг улам ихэсгэх эрсдэлтэй байна. Цар тахлын 2 дахь давалгаа эхэлбэл халдварын тоо бараг геометр прогрессоор нугараад нугараад өсөөд явчих бололтой. Байдал улам хүндрээд ирвэл хувийн эрүүн цэврийг сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүсэн ч үл үзэгдэх тахлын нянд хаана ч ямар нэгэн анзааргагүй байдлаар өртөх боломжтой болно гэнэ. Хэрвээ халдвар авлаа гэхэд танд юу тус болох вэ гэвэл эрүүл уушги л өвчний ард хүндрэлгүй гарахад хэрэг болно гэнэ. Уушгиа эрүүл байлгахын тулд амьсгалын замын халдвар аль болох авахгүй, ханиад томуу тусахгүй байх, тамхи татахгүй байх, жагсаал цуглаанд орж нулимс асгаруулах хийнд өртөхгүй байх, агаарын бохирдол ихтэй газраас (Ялангуяа түймрийн утаанаас) зайлах, эрүүл агаарт тогтмол гарах, зөв амьсгалын дасгал хийх зэрэг идэвхи зүтгэл хэрэгтэй ажээ.

Цар тахлаас болж хүн хүний хоорондын харьцаа улам зэвэрч, гар барих, тэврэх, үнсэх уламжлал царцаж, хожим бараг сэргэхээргүй болох хандлагатай болсон ажээ. Гар барих нь бизнес хийж буй хүмүүсийн итгэлцлээ илэрхийлэх, сайн харьцаа тогтоох хамгийн чухал үйлдэл гэнэ. Үүнийг орлох мэндчилгээ үүсгэж чадахгүй, санал болгож буй энэтхэг, хятадын уламжлалт мэндчилгээг тийм амархан сурахгүй, сурсан ч дадахгүй ухааны юм ярьж байна. Урьд өмнө хүний харьцаа ингэж хөрч байсан удаагүй, цар тахал бүрэн арилтал сурсан дадлаа хаяхаас өөр замгүй болов хэмээн үзэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс сурсан дадлаа хаяхгүй болов уу даа гэж би бодож сууна. Гудамжинд бөөгнөрч буй залуусыг харахад зай ч барьсан юм алга, маск зүүсэн нь тун ховор харагдана.

Цар тахлын бухимдлын нэг илрэл болох арьс өнгөний амар намдахгүй бололтой. Хилэгнэсэн хүмүүс конфедрэйтын генералын хөшөөг нураав. Тус хөшөөг арьс өнгөний үзлийг өдөөж буй нэг эд өлгийн зүйл гэж үзжээ. Цаад учир нь Америкийн иргэний дайн үүссэн гол шалтгаан нь боолын нийгмийг устгахаар тэмцсэн "юнайтед"-ийн тал боолын нийгмийг хадгалахаар тэмцсэн "конфедрэйт"-ын талын хоорондын зөрчил байсан билээ. Конфедрэйт ялагдаж, боолын нийгэм устсан ч тэр талд явсан хүмүүс өөрийнхөө жанжны хөшөөг дурсгал болгон босгосон хэрэг л дээ. Тэгэхээр "арьсны үзэл тэр хөшөөний ард нуугдаж байна" гэж хорссон жагсагчид үзжээ. Хөшөөг түүхийн дурсгал гэж харах билгийн нүд тэдэнд алга байв. Дашрамд нь хэлэхэд цагаан хүмүүсийг "дуртайгаа хийдэг хэнэггүй үхэрчид (ковбой)", "худалдаа наймаа төдийхөн хийж хурган залиар амьдардаг, хар бор ажилд дургүй толгодынхон (хиллбили)", "өглөөний нарнаас үдшийн бүрий боотол наранд шарагдаж гадаа ажилладаг улаан хүзүүтүүд (ред нэкс)" гэж хуваадаг байсан юм билээ.

Манай энд барааны дэлгүүрүүд ирэх нэгдэх өдөр хаалгаа нээж, хорио тавигдахаар болж байна. Өнгөрсөн 7 хоногт 1.5 сая хүн ажилгүйдлийн тэтгэлгийн хүсэлтээ гаргасан зэрэг олон шалтгаанаас болоод хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд өнөөдөр огцом уналаа. Энэ байдлаараа удвал мөнгөний ханш унах аюул айсуй. Юм юм л болж байна даа. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь корона вирус болно. Өөдрөг байхад арга нь олдож бэрхшээлүүдийн ард гарч л таарна.

Ш.Баатар
2020.6.11

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу