Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр раажав хүү цагдаад алагдсан хар залуу, 1989 онд болсон Тиан-Ан-Мин талбайд болсон аллагын тухай туж ярилаа. Дандаа мэддэг яриа занги давтагдав. Корона вирусын халдварын тухай тун бага ярьж, бараг түүнийг мартагдахад хүрчээ. Талийгч хар залуугийн оршуулга нь өнөөдөр болсон юм байна. Тиан-Ан-Мин талбайд амь үрэгсдийн дурсгалд зориулж, Гонконгт жил бүр жагсаал хийж ирснийг энэ жил Хятадын төр хорьсон ажээ. Корона вирусээр тус улсад 21 мянган хүн нэмж өвчилж, мянга илүү хүн хорвоог орхижээ. Цар тахал буурах яагаа ч үгүй байхад элдэв дажин, тэмцэл тасрахгүй, жаахан онцгүй л цаг үе ирсэн байна шүү.

Ажил их, өндийх завгүй суусаар өдрийг барлаа. Үдийн ундны цагаар Санж Алтан ахтай ярив. Санж Алтан ах бол Нью Жерси мужид буй халимаг монголчуудаас Монгол улсын бидэнтэй хамгийн ойр байдаг хүн. Энэ цар тахлаар мэддэг халимаг хүмүүсийнх нь хүрээнд элдэв муу юм таарсангүй гэнэ ээ. Аштай юу даа. Нас 70 хол гарсан учир дотроо айдастай, болгоомж сэрэмжтэй сууна гэнэ. Дэлхийн 2-р дайны дараа Лондон болоод Берлинд байсан халимгуудыг Холбоотны цэрэг Орост хүлээлгэж өгөхөд тэднийг найр найргүй хядаад үлдсэнийг нь Сибирьт цөлсөн гунигт түүхийг Жав Буркинов гуай бичиж үлдээсэн байдаг. Баруун Европт газрын нэг тарсан халимгууд дайны дараа Мюнхен хотод цуглахад 2 мянга орчим болжээ. Тэд Америкт гарахаар хүсэлтээ гаргаж, 6 жил хүлээсний дараа Бундестагийн засгийн газраас "Халимгууд бол Европт төрж өссөн ази хүмүүс" хэмээн тодорхойлж өгсний дараа завшөөрөл өгч, 700 гаруй халимгууд ирж, Нью Жерси мужид ирж суурьшжээ. Тэдний нэг нь Санж Алтан ах билээ. Хамаг өтгөс нь өөд болсны дараа хойч үеийн халимгууд нь хоорондоо хагаралдаж, газар нутаг, өмч хөрөнгөө булаалдан хэдэн бүлэг болсон нь харамсалтай. Тэднийг өөд нь татаж ирсэн Дилав гэгээнийг одоо ч гэсэн муулдаг бүлэг хүртэл байна. Хоноц хоноцдоо дургүй. Хонуулсан хүн хоёуланд нь дургүй гэдэг дээ. Халимгуудын тухай товчдоо ийм байна.

Монголд маань сонгууль болоод ухаан сэхээ алга даа. Уулзахгүй нүүр биш бие биенээ хараар бүү будаарай гэж хүсэх байна. Бурхан багшийн их дүйцэн тохиох энэ сайн өдөр Мишээл экспод Улаанбаатар номын баяр эхэлж буй ажээ. 56-р павильонд дүү нар миний номыг зарна. Сонирхсон хүмүүс түүгээр саатаарай! Номын цагаан буян арван зүгтээ арвижин дэлгэрэх болтугай!

Ш.Баатар
2020.6.4

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу