Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цагдаагийн албанд өөрчлөлт оруулах олон янзын хувилбар яригдаж байна. Ямартай ч хүзүү боох, тархины цусан хангамжийг багасгахаар хамгаалалтын аргуудыг хориглох гэнэ. Тэр бол маш зөв алхам гэж бодож байна. Чихэнд хэлээд ойлгохгүй бол яс маханд нь хэлдэг хуучны аргыг авч үлдсэн цорын ганц зэвсэг нь бороохой байлаа. Нөгөө ямааг чарлуулж зовоолоо гэдэг шиг, хүний эрх зөрчиж, бороохойдож хүчирхийлж байна гээд хаймран бороохойг халж цахилгаан бороохойтой болжээ. Цахилгаан бороохой нь гар буу шиг загвартай тул сандарсан цагдаа цахилгаан бороохойгоо гаргах гэж будлиж андуураад гар буугаа гаргаж буудсан тохиолдол хэдэнтээ гарсан тул заавал түүнийг ашиглахыг шаардахаа байжээ. Уг нь олон жилийн өмнөөс цагдааг камержуулсан боловч цагдаа нар өөрсдөө хэрэгт орохоос болгоомжилж унтраачихаад яг хэрэгтэй үед нь бичлэг байхгүй тохиолдол нэлээд гарч, төсөв мөнгө их орох тул түүнийг хүчлэхээ байж алдаг оног хэрэглэж ирсэн юм байна. Одоо бол өөрөөр харж заавал цагдааг камержуулах гэнэ. Тэр мөн зөв хандлага билээ. Миний бодлоор бол энэ цагдаа нар юуны духанд хүрэлгүй, сандарсандаа гэмт этгээдийг сэг болтол нь буудаж алдгийг болиулмаар байна. Саяхан манай энэ Валлиход талаан хийх гэж яваад баригдсан 22 настай хөөрхөн залууг халаасандаа алхтай явсныг нь буу байна гэж цагдаа андуурснаасаа болж буудаад алчихсан. Эрдэнэт хүний хайран амь. Сэтгэл зүрх гь хүрэл мэт, бас өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй цагдаа нар их харгис байдаг ажээ. Үүнийг харин өөрчлөх цаг ирсэн байна. Болдогсон бол зоо паркийн амьтныг унтуулдаг шиг сумаар хэрэгтнийг буудаад, ухаан алдахаар нь бариад хүлдэг болчихвол хүний амийг яалаа гэж тэгж олноороо хохироох вэ?

 

Жагсаал цуглаан задгайрснаас уу, ахиад халдвар, үхлийн тоо Америкт ихэслээ. Жагсаал цуглаан хийж буй нөхөд юун зай барих, маск амны хаалт хийхтэй манатай галзуурч явна. Тэдний энэ замбараагүй байдал ямар нэгэн шантай даа. Наад зах нь өвдвөл эмчлүүлэх гэж мөнгө алдана, цаад зах нь өвчнөөр өөрийн болоод хайртай хүмүүсийн амийг алдана. Бөх хүн бүдүүн өвсөнд, баатар хүн нэг суманд гэдэг шиг цадиггүй жагсагчийг нүдэнд үл үзэгдэх вирус дороо олох биз ээ. Хаа ч гэж гадуур таарах хүмүүс дөлж өнгөрдөг болжээ. Азаар ази болж төржээ. Нэг корона вирус ирж явна гэж айдаг биз дээ хөөрхий.

Манай эндэхийн хүмүүс ирэх нэгдэх өдрөөс дэлгүүр нээгдэнэ гээд магнайдаа баяртай мишээцгээж байна. Цагаачийг цагаа, цагаан морийг ногоо хатгана гэдэг шиг тэгж голио азаа үзэхээ байя та минь. Мөрөөрөө мөлхөж яваад учраа ольё байз. Ажилгүйдлийн тэтгэлэг авч буй хүмүүсийг аанайж залхуураад ажил төрөл хайхгүй бол арга хэмжээ авна л гэж байна. Учиргүй олон хүн мөнгөн татаас авч буй тул улсын эдийн засаг улам доройтож буй биз ээ. Эдийн засаг алсаараа муудаад ирвэл энэ улсад амьдрахад яваандаа хүнд болно. Тэгэхээр хүн бүр мөнгөнийхөө эвийг олоод, тархиндаа таагчиктай ташаандаа мөнгөтэй (нагаантай явбал намнуулна) явдаг юм шүү.

Өчигдрийн тэмдэглэлийн коммент дээр хөөрөгний талаар зөндөө яриа өрнөв. Түүнийг монголчуудын үнэт зүйлийн нэг хэмээн үзсэн тул энэ тухай хэдэн үг хэлмээр санагдав. Улс оронд үнэт зүйлс зайлшгүй байж тэр улсын онцлог бий болно. Үнэт зүйлсийг бий болгоход цаг хугацаа хэдэн зуунаар ордог. Угийн уламжилж ирсэн үнэт зүйлс цөөнтэй бидний хувьд шинээр үнэт зүйлс бий болгох нь цаг хугацааны асуудал. Харин байгаа үнэт зүйлсээ япончууд шиг сайжруулахгүй юм аа гэхэд байгаагаар нь аваад үлдмээр байна. Бидний үнэт зүйл бол монгол хүн, монгол хэл, монгол шашин соёл, монгол зан айл, тэдгээрт хамаарах эд өлгийн зүйлс болно. Монголчууд бие биенээ хайрлаж байж зөв хандлага тогтоно. Хөгжих баяжих бол дараа дараагийн асуудал хэмээн бодно.

Ш.Баатар

2020.6.10

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу