Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдөр тул раажав хүүгээ сонсолгүй, ертөнцийн чимээнээс тасарч, өөрт төлөвлөсөн зүйлээ нухсаар өдрийг барав. Олон жилийн өмнөөс Лувсанхайдав гуайн намтрыг яриулж, хуурцагт шингээж ирсэн билээ. Түүнийгээ бага багаар сийрүүлсээр бараг дөхсөн ч тухайн цаг үеийг тодруулж, түүхэн үйл явдлуудтай холбохоор мэрийж, ном судрын хуудас эргүүлж мунгинасаар мөн их уджээ. Яагаад Хайдав гуайн намтрыг тэмдэглэх болсноо хэлье.

Хайдав гуай 1930 онд Шилийнгол аймгийн Сөнөд зүүн хошууны баян чинээлэг айлд төрсөн боловч бага наснаас нь өвчин зовлон ээрээд байхаар нь хүн болгож аваарай гээд багш ламдаа өргөжээ. Хайдав гуайн багш лам бол Зурхайч лам гэж олонд алдаршсан, боловсрол мэдлэг өндөр нэгэн хувраг байжээ. Халхын Говийн догшин ноён хутагтын 7 дугаар дүр Говь мэргэн вангийн хошууны Цагаан уул сүмдээ жанч халсан тул дараагийн дүрийг япончуудын шахалтаар Сөнөд зүүн гарын хошууны Цагаан овооны сүмд тодруулж ширээнд залаад Зурхайч лам сургахдаа Хайдав гуайг шинээр тодруулсан 8-р дүрийн Ноён гэгээний шадар шавь болгосон байна. Чөлөөлөх дайны дараа Өвөр Монголд иргэний дайн болж, гоминданы талыг баримталж байсан Ноён гэгээн коммунистуудад алагдахад Хайдав гуай азаар амь мултарч зугтсаар, иргэний дайны хөлд 2 жил чирэгдэж зугтсаар арай гэж Хөхнуурт дутааж, Төвд, Энэтхэгт амьдарч, Да лам багшаа дагаж Америкт ирж амьдарсан, ховор нандин түүхтэй хүн юм.

Өвөр Монголын дайн самууныг 10 жил нүдээр үзсэн нь түүхийн том гэрч болно. Өнөөгийн Хятадын түүхэнд урвагч хулгай, дээрэмчин гэгдсэн тэднийг түүхээс арчиж, өвөр монголчуудын зохиомол түүхийг бичсэн нь нэн эмгэнэлтэй. Энэ ном гарснаар түүнд өгөх нэгэн хариу болно. Ялангуяа хуучны хүмүүсийн бодол санаа, итгэл үнэмшил, хэрэг зориг, зан аалийг ойлгоход хэрэгтэйг бодож энэ номыг бичиж буй хэрэг. Хүн амьд л явах юм бол юу үзэж, юу бүтээдгийг хойч үедээ бичиж үлдээхийг хичээж байна. Гэлгүдэй баатрын сөнөд аймаг бол халхуудтай хэл яриа зөрдөггүй ойрын садан төрөл болно.

Намтрыг хэдийн бичээд дууссан ч миний гол хайж буй нэмэлтүүд бол он цагийг жил сар өдрөөр нь тодорхойлох, дурдагдсан хүмүүс, болсон үйл явдлыг түүхийн баримтаар аргамжих олон янзын судалгаа болно. Дараа нь найруулна. Гэхдээ ном одоо 89%-тай болсон гэж бодож байна. Өнөөдөр цаг гаргаж үүн дээр сууж байна.

Улаанбаатар номын баярт ирж номыг минь худалдан авсан андуудад маш их баярлалаа. Өнөөдөр сүүлчийн өдөр нь тул амжаад номын баяраар очно буй за. Та бүхний гэгээн үйлс дэлгэрэх болтугай!

Ш.Баатар
2020.6.6

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу