Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажлын өдөр эхэлж, хурдны зам дээр давхих ялдамд раажав хүүгээ сонсож л явлаа. Өнөө хөөрхийлөлтэйгөөр цагдаад алагдсан борхүүгийн салах ёслол нь өнөөдөр бас үргэлж, энл тэнд цуглаан болох юм гэнэ. Томчуудаас Нанси Пелоси, Жоу Байден тус бүр гашуудал илэрхийлээд, улс төржүүлээд сэвж л байна лээ. Хүмүүсийн уур хилэн хэдий татарсан ч Миннеаполисын цагдаагийн газрыг устгаж тараа, цагдаагийн байгууллагуудын санхүүжилтийг зогсоо гэх мэт бас л далийсан шаардлагууд тавьж байна. Цагдаа байхгүй болно гэдэг байж боломгүй хэрэг. Цагдаагийн хүч буурах тутам гэмт хэрэг тэр хэмжээгээр ихсэх нь гарцаагүй. Түүнийг яаж зохицуулна гэж бодоод ийм хачин шаардлагууд тавьж буй юм бол гэдгийг ойлгосонгүй. Иш ушгүй юм донгосож буй хүмүүсийг бурхан өршөөг!

Бөөний худалдааны Костко дэлгүүр орлоо. Бүх хоол хүнс, бараа таваар хэвийн байдалд оржээ. Үхрийн махны үнэ буурчээ. Нэг фунт нь 5-6$ доллараас эхэлж байна. Өөрөөр хэлбэл 4-5$ хямдарсан ажээ. Үхрийн махны хангамж хэвийн байдалд орж буй нь сайн хэрэг. Жимс ногоо элбэг дэлбэг байдаг нь манай мужийн онцлог болно. Интоор жимс тус дэлгүүрт орж ирсэн байна. Улирлын чанартай энэ жимс жилдээ нэг үзэгдээд алга болдог доо.

Манай муж төсвийн алдагдалд орсон тул янз бүрийн санхүүжилтээсээ аль болох танаж буй сурагтай. Бороо татарч, хуурайшилт өдийд ихэсдэг тул гал түймрийн аюул нүүрлэдэг билээ. Гал түймрийн үед цар тахлын дэг журмыг хэрхэн баримтлах, түүнтэй холбоотой гарах зардлыг хаанаас олох гэх мэт олон асуудал ид яригдаж байна. Зарим газар түймэр гараад, дээр нь үймээн самуун тасрахгүй, цагийн байдал амаргүй байна.

Өчигдөр пад эрхи хийсэн талаар бичсэний дараа эрхиний бөөрийг тоонд нь оруулах эсэх талаар олон хүн асууж байна. Миний багад сонссоноор бол 21 ширхэгтэй пад, 108 ширхэгтэй эрхиний бөөрийг тоонд оруулдаггүй. Учир нь эрхийг сансар хорвоо гэж үзнэ. Эрхиний толгой нь бурхан багш тул түүнийг давж маани тоолохгүй, эрхиний толгойдоо тулаад эргүүлж мааниа тоолно. Нөгөө талдаа тулахаар мөн адил эргээд мааниа тоолно. Эрхиний ширхэг бүрийг нэг төрөл авах гэж үзээд нэгбүрчлэн маани хэлнэ. Тэгээд эрхиний бөөрний хашлагат тулаад "Ум аа хум" гэж гуравтаа давтан хэлнэ. Энэ нь хэл ариусах болтугай, бие ариусах болтугай, сэтгэл ариусах болтугай гэсэн утгыг илэрхийлнэ. Эрхиний бөөрний хашлага нь ариун дээд авидын (диваажин) орны үүд болно. Диваажингийн хаалгаар орохдоо хэл, бие, сэтгэлээ ариусгаад авчихлаа гэсэн үг. Эрхиний бөөр нь Аръяабал бурхан тул түүнд залбирч "Аръяабал ум мани бадмэ хум" гэж хэлээд цааш мааниа тоолно. Дараагийн эрхиний бөөрөн дээр ирэхдээ мөн адил давтана. Эрхи эргүүлж маани тоолохдоо эрхиний бөөрөнд ирэх бүртээ диваажинд саатлаа хэмээн бодох учиртай юм. За би энэ тайлбарыг Банжаа өвөөгийн зааснаар та нарт хүргэлээ. Ингээд миний мэддэг тангад хэл дууслаа. Олон юм бүү шалгаагаарай.

Шинэ долоо хоногтоо ажил үйлс тань өөдрөг байх болтугай!

Ш.Баатар
2020.6.8

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу