Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Жагсаал цуглаан, үймээн самуун арай намжиж байна. Гэхдээ л болоогүй янзтай. Том хотууддаа намжсан нь цагийн хязгаартай хорио тогтоосонтой холбоотой. Сан Франциско хотыг тойрсон жижиг хотуудад дэлгүүр ухсаар л байна. Цуглаан жагсаалыг сэвсэн нөхөд нь харууд, хулгай тонуул хийсэн нь харууд, тэгээд энэ ёс бус газар авахаар харуудын эсрэг сэтгэгдэл нийгэмд төрүүлж, "ер нь эд нар чинь ийм л гэмт хэрэгтнүүд, тэгэхээр цагдаа нар хатуу тэмцэх нь зөв, хааяа мэргэжлийн алдаа гаралгүй яах вэ" гэсэн ойлголтыг өгч эхлэв.

Тэмцлийн үр дүн бүдгэрч, мөн л ямар нэгэн шийдэлд хүрэхгүй замхрах аястай боллоо. Эв нэгдлийнх бэлгэдэл байх Ерөнхийлөгч нь эмх замбараагүй болгосонд олон хүн бухимдаж, томчууд нь шүүмжлээд эхлэв. Энэ байдлаараа бол Трамп Ерөнхийлөгч сонгуульд ахиж ялахгүй болох нээ. Эд нарыг ингэж хэмлэлдэж буйг корона вирус тоохгүй өдөрт 2 түмэн хүнийг өвчлүүлж, 1 мянган хүний амийг авсаар байна. Жагсаал цуглааны эмх замраагүй байдлаас болж халдвар авсан хүмүүсийн тоо 2 долоо хоногийн дараа мэдэгдэнэ буй за. Үнэгүй юм гэж үгүй энэ хорвоод өгөө авааных нь дэнс нь ямаршүүхэн байх юм бол доо.

Ажлын самаанаар Боржигин Буянбат гуайтай яриад, мэнд мэдээд авлаа. Тэрээр нас сүүдэр 76 хүрч яваа ч хөнгөн шингэн, алт мөнгөн эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг. Өндөр түрээсээ төлөхийн тулд өчигдрөөс ажлаа эхэлжээ. Буянбат гуайн ээж нь өчигдрийн миний ярьсан Үнэнсэчин профессорын төрсөн дүү байжээ. Аав нь домогт Дэ вангийн нарийн бичгийн дарга Хасбуугийн Цэрэндорж хэмээх агсам халуун цустай, эх орон буриад байсан агаад Дэ ванг дагаж БНМАУ-д очоод, Японы тагнуул хэмээх хуурамч ялд унаж, 1951 онд Шар хаданд буудуулжээ. 1992 онд түүнийг цагаатгахад Буянбат гуай Монголд очиж эцгийнхээ шарилд мөргөсөн гэнэ. Түүнд би Лувсанхайдав гуайн дунд хүүгийн буяны ажил болоод өнгөрснийг дуулгах гэж ярьсан юм. Тэрээр цааш нь энд амьдарч буй Тайванийн монголчууддаа түгээж, ерөөл авах болно.

Тэмдэглэлээ бичих цагаараа Дуламаа дүүгийнхээ пад эрхийг хэлхэж байгаад оройтчихлоо. Хүлцэл өчье! Сонгуульд сойж буй морьдыг минь элдэв муу үгээр бүү хэлээрэй. Баталгаа нотолгоотой л ярьдаг юм шүү.

Ш.Баатар
2020.6.3

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу