Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Үймээн самуун нэг их намдсангүй. Урьд шөнө энд тэнд жагсаал цуглаан, эвдэн бусниулах, хулгайлан завших нь бас л үргэлжилжээ. Трамп Ерөнхийлөгч "Мужийн захирагч, хотын дарга нар үймээнийг дарж чадахгүй бол ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахын тулд цэрэг оруулж дарна" гэж сүрдүүлэх маягтай мэдэгдэл хийв. Түүнд тийм эрх бий. Эйзенхаур Ерөнхийлөгч нэг удаа 50-иад онд цэрэг дайчилсан гэдэг. 1992 оны Лос Анжелесын үймээнийг дарахад мужаас хүсэлт гаргасан байдаг. Цагдаад байхгүй эрх цэрэгт байдаг тул санаатайгаар үймүүлж, өдөөн хатгасан нөхөд цэрэг хөдлөхөөр нам болдог, эсвэл алагддаг ажээ.

Раажав хүүг сонсож байхад харууд янз бүрээр матрын нулимс унагаж, түүнийг нь сэвж өгч байна аа. Боломж олдсон дээрээ тэгэх нь аргагүй л хэрэг байх даа. Хар нь ч бай цагаан нь бай асуудлыг хүндрүүлэх гэж адгах улс юм. Цар тахлын аюулыг огт мартсан мэт тэд аашилж байна шүү. Манай дээдэс хүн нэрээрээ, мал тамгаараа ялгардаг гэдэг. Эд нар бол өнгө зүсээрээ мөн их ялгарч байна даа. Трамп Ерөнхийлөгч бол эв санааны нэгдлийг огт эрхэмлэхгүй, улам дайран дээр нь давс үрж буй нь харамсалтай байна.

Орост корона вирусын вакцин гарсан гэдгийг гоочлох маягтай, нэн атаархуу америкчууд ярьж буйг сонсоод бас гайхлаа. Тэр бүү хэл "халдвараараа дэлхийд 3-т орж буй мөртлөө үхлийн тоо бага харагдах нь илт дарсан тоо" гэж бас хэлэв. Хар нялхаас нь "орос бол муу" гэж тархинд нь зоочихсон болохоор тэдний сайн талыг олж харахгүй байх нь аргагүй биз ээ. Харин Хятадын хүний эрхийн талаар олон нарийн юм ярих болжээ. Тэдэнд дургүй болсноо илэрхийлж буй нь энэ юм байх. 1989 оны 6 сарын 4-нд Бээжингийн Тиан-Ан-Мэний талбайд танк оруулж, оюутны бослогыг цус урсган дарсан тухай сөхөн ярьж байна. Манай либерал үзэлтэй зарим залуус тэр бослогыг цус урсган дарсныг ихэд шүүмжлэн ярьж байхыг би сонссон. Тэр бол бидэнд хамаагүй Хятадын дотоод асуудал байсан. Хамаатай хэсэг нь босогчид тулган шаардах бичигтээ Монгол улсыг Хятадтай нэгтгэх асуудлыг оруулсан байдаг. Түүнийг бид анхаарахгүй орхиж болохгүй.

Алдарт эрдэмтэн Захчид Сэчин гуайн дунд охин Сайханцэцэгтэй мэнд мэдэж утсаар ярив. Тэднийх ганц хүүтэй байлаа. Хүү нь Бээжин Шанхай 2-ын хооронд бизнес хийж байгаад өнгөрсөн жил гэнэт зүрхээр өөд болсон билээ. Хар залуугаар нь хүүгээ алдаад бэрх байна гэж дуулсан болохоор нэг жил өнжөөд ярьж буй нь энэ. Бээжинд буй зээ нартайгаа уулзаж чадахгүй гацсан тухай, цаашид 2 орны харилцаа муудвал Тайваньтай нягт холбоотой тэднийг хэрхэн үзэх бол гэсэн сэтгэлийн зовиураа хөндөн ярьж байна. Бид уг нь Захчид гуайн номын санг МУИС-т татаж авах тухай ярьж байтал тэр талийгч хүү нь Шанхайд "Сэчин Захчид сан" байгуулж, хамаг номоо тийшээ татчихсан билээ. Номын сан нь юу болсон тухай зүрхэлж асууж чадсангүй, хэлээ хазаад өнгөрөв. Уг нь иймэрхүү монгол угсааны хүмүүстэй харилцаа тасалчихгүй явахыг хичээх юм. Одоо тэднээс хамгийн ахмад нь 105 настай Үнэнсэчин профессор л байна даа. Чих нь хатуу болсноос хойш 5 жилд нэг ч ярьж чадаагүй.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр нэг сонин түүх мэдэж авснаа хэлье. 2015 онд бүтээсэн Одон телевизийн "Соёл Эрдэнэ" цуврал баримтат киног үзэж явтал өмнөд Хятадад 800 жил суусан, МНТ-д гардаг Сорхан шарын удам угсааны хүний тухай нэвтрүүлгийг харлаа. Угийн бичиг гэж лут юм байна. Төдий олон жилийн өмнө уусаж хайлсан монгол хүний үрс "Би билэг танхай монгол хүн" гэж ханзаар бичээд сууж байх нь эмгэнэлтэй агаад бахархалтай. Хүний эрхийн удам судар гэж мөн чухал эд юм даа.

Ш.Баатар
2020.6.2

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу