Миний ээж 50-иад оны эхээр Уянга сумын дунд сургуульд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайхан Монгол орны саран гоо ээжүүд, ирээдүйд Монголын заяаг тээх бум буман хүүхэд багачууддаа эх үрсийн баярын мэнд хүргэе! Хүүхэд залуус минь өв соёлоо дээдэлсэн, эх орондоо элгэн халуун хайртай хүмүүс болно хэмээн итгэл төгөлдөр бодож явдаг билээ. Амралтын өдрүүд Америк оронд үймээн самуунтай болохоор гэр зуур сайхан амарч өнгөрүүллээ. Цаг заваа ашиглаж, Өвөр Монголын Одон телевизийн олон сайхан баримтат киног угсруулж үзлээ.

Алшааны хошууд, цахар, урад, хишигтэн, хорчин монголчуудын хуримын ёсыг үзэж, монгол түмний ёс заншил ямар баялаг болохыг бахархаж суулаа. Өвөр Монголчууд маань өв соёлоо хамгаалахад чамгүй их юм хийжээ. Монгол түмний гал голомтыг сахиж үлдсэн бидний цөхөөн монголчууд харин юу хийж байна вэ? Харийн хэл, барууны соёлыг шүтээнчилж бодсон монголчууд минь уламжлалт соёлоосоо улам холдоод байна уу даа гэж бодов би.

Өвөг дээдсийн уламжилж ирсэн хуримын дэг ёсыг бүрхэгдүүлэн умартах болсноос манай хуримлах ёс хэлбэрийн төдий болж, идэж уух, эдэлж зүүхээрээ бусдад сайрхах зан үйл болсон юм биш байгаа гэх зовнил төрөв. Ураглах хуримлах ёс суларснаас болж, гэр бүлийн хүчирхийлэл, салалт манай улсад газар аваад байна уу даа гэж бодов. Хуримлах ёсны тангаргийн хэсэг мартагдаж орхисноос үүрэг ухамсраа эхнэр нөхөр мартаж, үр хүүхдээ өнчрүүлэн салж сарних болжээ гэж бодов.

Айлын бэр болохдоо хар үсээ хагалж, халуун гал голомтоо бадраахдаа хэлдэг тангараг лав бидний үе дээр мартагдаж, Нямбуу гуайн зан үйлийн номд шингэж үлдсэн билээ. Хар үсээ хагалж, халуун голомтын эзэн болно гэдэг тун учир утгатай юм даа. Монгол ястнуудын хуримын талаар цуврал кино хийж түмэн олонд хүргэмээр юм байна. Зөвхөн хуримаар зогсохгүй, гээгдэж буй олон зан үйлээр баримтат кино хийгээсэй.

Мартагдаж буй тэмээний соёл, аян жин тээх ёс, монгол нохойн, монгол бадарчны соёл, балингийн урлаг, монгол урлал, монгол ахуй, оршуулгын зан үйл гээд маш олон сэдэв байна. Төвдч Г.Нямочир дүүгийн бүтээсэн маани хөгжөөх ёс, мөнх бусын тухай баримтат кинонуудыг харж байлаа. Нэг цогц монгол хүнийг бий болгоход тус болох баримтат кинонууд их дутагдаж байна. Монгол хүний үнэ цэнийг харуулсан баримтат кино олныг хийхийг Нямочир дүүгээс уриалж байна. Бид өөрсдийгөө хэн ч биш гэж бодсоор байвал хэн ч биш болсоор л байх болно. Өөдөс зүйвэл дээл болдог гэсэн өвгөдийн үг бий. Бага багаар барин тавин хийгээд байвал оюуны их соёл хурна даа.

Ш.Баатар
2020.5.31

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу