Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөө зам дээр гараад л раажав хүүгээ цаг хагас сонслоо. Цар тахлын тухай ердөө ярьсангүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой хүн амины хэргээс үүдсэн, энд тэнд болж буй жагсаал цуглаан, тонуул дээрмийн тухай арвин зүйлийг эрүү хамхилгүй ярьж байна. Зарим газар цагдаа нар босогчдыг дарж чадахгүй дотоодыг хамгаалах цэрэг дуудаж, зарим хотод оройн 8 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаж, нэг есондоо комендантын (эргүүлийн) цаг тогтоолоо. Сан Франциско хотод мөн ийм дэг тогтоов. Учир нь хотын төвийн үнэтэй дэлгүүрүүдийг шөнө дөлөөр отож байгаад зорилготой хүмүүс талсан тул ингэхээс өөр аргагүй болжээ.

Талах дээрэмдэх, хулгайлах ажилд хар арьстны ам ташсан бүлэглэлүүд удаа дараа оролцдог билээ. Урд өмнө болсон үймээн самуун ийм хандлагатай байна. Намайг Японд сурч байсан он жилүүдэд тодруулбал 1992 онд Лос Анжелос хотод эсэргүүцлийн цуглаанаас болсон тонуул дээрэм улам гаарч, цэргээр дарахад 60 гаруй хүн амь үрэгдэж билээ. Харууд тэмцлээ зөв эхэлдэг ч харамсалтай нь үл бүтэх этгээдүүд юу ч биш болгож, хамаг муу нэр нь харууд дээр тохоод, жагсаал тэмцлийн үр дүн манан хөөрөх мэт замхраад өнгөрдөг. Талаан хийсэн хүмүүс баригдаж, хуулиар ял авдаг. Өчигдөр Сан Францискод лав 60 гаруй хулгайч, тонуулч баригдлаа гэсэн. Хохирлыг барагдуултал тэд шоронд сууна биз ээ. Шүүх цар тахлаас шалтгаалан тогтмол ажиллахгүй байгаа болохоор тэд бүр удаан сууж магад.

Яагаад ийм самуун дэгдэж, гамшиг болдог вэ? гэдгийг жаахан сийрүүлье. Харуудыг анхнаасаа боол болгож худалдаж авчраад, хар бор ажилд зарцалж ирсэн цагаан арьстны сэтгэхүй нь 300 жил болсон ч нуугдмал хэвээр байна. Харин 60-аад онд Мартин Луузер Кингийн хөдөлгөөн үр дүнд хүрч, харууд нийгэмд ил тод гадуурхагдахгүй болсон. Тэдэнд цагаан хүмүүсийн байранд очтол хөгжиж боловсроход түмэн бэрхшээл тулгарч одоо ч чадаагүй байна. Нийтлэг суурь нь ядуу тул боловсрол олох нь хүнд, боловсрол нимгэн болохоор буруу зүйлд татагдан орох нь элбэг, нэгэнт ажил төрөлгүй явсаар улам үхээнц, залхуу болсон ажээ. Энэ бол тэдний хувьд их нийтлэг зүйл болно. Тэгэхээр тэднийг нийгэм бат байр сууриа олсон хүмүүс гадуурхсан хэвээр байна. Эл байдлаас гарах гэж янз бүрээр тэмцэж буйн нэг илрэл нь энэ эмх замбараагүй байдал болно.

Харуудтай тулаад ирэхээр нэлээд нөхөрсөг, бас тусархуу, ядаж ядуугийн зовлонг ойлгодог хүмүүс. Нийтээрээ ядуувтар болохоороо л хамаг муу хэрэгт орооцолдох нь амархан. Тахилыг нь буруу өрвөл ёстой ямаа шаг бааштай гарууд даа. Тэднээс лут сэхээтнүүд төрдөг ч даана ч тоо нь цөөхөн юм. Манай хотын дарга, цагдаагийнх нь дарга гэхэд бор хүмүүс. Тэглээ гээд тэд гэмт хэрэгтэй эвлэрэхгүй, зөвхөн хуулиа л дагана. Энэ олон жагсаал цуглаан, замбараагүй талаанд орж буй нөхөд юун хүн хоорондын зай барих, юун маск зүүхтэйгээ байна. Цар тахал улам таран дэлгэрч байж ч болно. Үнэн үр дүн нь сарын дараа л ил тод болно доо. Хүн гэдэг тэгэхээр их ойр боддог, ойгүй тэнэг амьтан юм даа.

Хаа ч гэж азиуд ийм тэмцэлд оролцоод байхгүй сайн талтай юм. Энд болж буй явдал бол ард иргэдээ ядуу боловсролгүй байлгаад байвал юу ч хийхээс буцахгүй, нэг л буруутвал хэдийд ч хамаагүй шалтаг олоод самарна гэдгийг тод харуулж байна. Ер нь улс орноо хөгжүүлэхгүй хаядаг манай улс төрчдөд их сургамжтай зүйл боллоо гэж бодож байна. Бид ч мөн бусдын алдаанаас суралцаж чаддаг байвал зохино.

Ш.Баатар
2020.6.1

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу