Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдрүүд эхэлсэн ч жагсаал цуглаан, бослого тэмцэл газар сайгүй гарч буй тул замд боогдох, заавал нэгэн байдлаар саадахаас эмээж, гэртээ дуртай юм аа хийгээд өнжихөөр шийдэв. Цар тахлаас болоод гэртээ хоригдож бухимдсан олон түмний хурсан хорсол заналыг нэгэн тэнэг цагдаагийн хийсэн хүн амины хэргээр асааж, эмх замбараагүй байдал үүсээд, хуурай өвсөнд дэгдсэн түймэр мэт газар авч байна. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэдэг энэ билээ. Энэ удаад раажив сонсож, зурагт ширтэлгүй бие сэтгэлээ амраах гэсэн болохоор Монголд болох гэж буй сонгуулийн талаар санал бодлоо бичье. Сонгууль маргаангүй явж, сойсон морьдынхоо хурдаа үзэх нь мэдээж билээ.

Batsukh Saranchimeg дүүг дэмжинэ. Манай сургуулийн нэрийн хуудас, бидний нэгэн бахархал болж яваа бүсгүй. Саранчимэг маань намайг төгсөх жил манай сургуульд очиж сурсан, говийн хүний эрхэм зан чанарыг тээж явдаг, хэзээд нэг зангаараа, ажилсаг хичээнгүй хүн. Их хуралд үлгэр жишээ монгол бүсгүйчүүлийн манлайлал хэрэгтэй.

Naminchimed Baasan анд бол төр түшилцэх ёстой, төлөв түвшин хүн. Шаргын хоолой жаварт тэмээний бөхөнд нүүрээ нааж өссөн энэ цөлх бор эрд тэсвэр тэвчээр, төрийн хар хүний нарийн ухаан бий. Америкт амьдарч байхдаа хүний нутагт хөлөө олж яваа олон мянган хүнд зориулан "Даяар монгол" сонин гаргаж явсан ачтан. Түүний соён гэгээрүүлэх чадвар Монголын төрд дутагдаж байна.

Erdenebold Sukhbaatar дүүг дэмжинэ. Эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй, авьяас билэг төгөлдөр, хийх бүтээх ур чадвартай залуу. Түүний бичсэн "Эзэнт гүрний туульс" номынх нь нэг редактор байсан тул түүний буцлам халуун цустай эх оронч хүн болохыг мэднэ. Монголын төрд эх орончид хэрэгтэй байна.

Uyanga Gantumur дүүг дэмжинэ. Газар шорооныхоо төлөө дуугардаг ганц гишүүн бол жаахан Уянга байлаа. Түүний дуу хоолой Улсын Их Хуралд үнэхээр дутагдаж байлаа. Уянга бол монгол соёлоо дээдэлдэг нэгэн. Мэргэжлийн сэтгүүлчдээс миний номыг сэтгэлээсээ уншсан нь Уянга л байлаа.

Пүрэвсүрэнгийн Наранбаяр дүүг дэмжинэ. Дорнын боловсрол эзэмшиж өрнийн Монгол орныг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн өөрийн бодолтой нэгэн билээ. Би түүнийг өнөө цагийн Агдандуугийн Амар гэж бодож явдаг билээ. Ийм халуун эх оронч залуус байсан тулдаа өнөөгийн Монгол маань тусгаар улс хэвээр яваа билээ.

Энэ жилийн сонгуульд дэмжихээр залуус олон орсон ч өөрийн харьцаж ирсэн, итгэл найдвар даана хэмээн бодсон хэдэн нөхдөө ийнхүү товч дурдав. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр нэгбүрчлэн бичих болно. Бид бодолтой сонголт хийхгүй бол эх орон маань улам хэцүүдэх нь байна шүү. Дор бүрдээ тунгаан бодоорой.

Жич: Миний дэмжсэн нөхдийг энэ постон дор ямар нэгэн байдлаар дайрахгүй байхыг хүсье!

Ш.Баатар
2020.5.30

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу