Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэд хоног хурц нартай халаад авсан болохоор өнөөдрөөс эхлээд үүгээр манан татаж, гэнэт сэрүүн ороод ирлээ. Хагас бүтэн сайн өдрүүдэд бороо орох сураг байна. Борооны улирал аль хэдийнээ дууссан байхад ийнхүү борооших нь бузрын нян тахлыг байгаль дэлхий хүртэл мэдэрчихээд ариутган угааж буй ч юм билүү. За тэр ч яах вэ, замын уртад раажав хүү л хань болж явна.

Цар тахлын улмаас Мэдээлэл технологийн компанийн ажилчид гэрээс ажиллаад 3 дахь сар руугаа орлоо. Зарим компаниуд бүр удаан гэрээс ажиллах бололтой. Ихэнх компани түрээсийн байранд байдаг тул хоосон байранд хэдэн сар төлбөр хийсэн гэсэн үг. Үргүй зардлаа хэмнэхийн тулд зарим компани ажлын байраа хааж эхэлсэн ажээ. Тэр бүү хэл ИТ-гийн ажилчид өртөг хямд газар руу нүүж эхэлжээ. Онлайн л байвал хаанаас ажиллах нь чухал биш болохоор ийм нөхцөл байдал үүссэн байна. Цахиурын хөндийн нэгэн гол хэсэг болох Сан Франциско хотын санхүүгийн дүүргийн тансаг зэрэглэлийн түрээсийн байрнаас олон хүн гарах болсноор галзууртал нэмсэн байрныхаа үнийг бууруулахаас өөр гарцгүй болж. Нэг унтлагын өрөөний сарын түрээс 4000+$ тул өндөр цалинтай 2 хүн хуваагаад төлчихдөг ажээ. Цагийн байдал ороо бусгаа болж, ирээдүй тодорхой бус болсон тул тэдгээр залуус ч мөнгө төгрөгтөө хямгатай хандахын тулд хямд төсөр газар нүүж эхэлсэн байна. Тексас муж руу нэлээд нүүж буй гэнэ. Тэнд нэг өрөө байрны сарын түрээс 1000+$ хавьцаа байна. Хотын төвийн тансаг байрнууд эзгүйрч эхэлсэнд хүмүүс магнайдаа баяртай байна. Хөдөлшгүй хөрөнгийн түрээс гэж хэрэгцээг дөрөөлж, хүмүүсийг ясыг нь гартал шулдаг болохоор тэгэхээс өөр аргагүй. Бэй Аэриагийн түрээсийн байрны үнэ хэвийн болохыг олон хүн хүсэж байна.

Хүмүүсийн амьдралд ийм өөрчлөлт гарахын хамт улс орнуудын харилцаа хөрж эхлэв. Хятад улс Хонконгийн автономийг бүрэн устгасан тухай төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Конгрессод мэдүүлэг өглөө. Үүний гол учир нь нэг улс хоёр системийг дэмжиж, Хонконгт олон янзын эдийн засгийн хөнгөлөлт үзүүлж байснаа зогсоох явдал юм. Түүгээр ч барахгүй Пенсильваниа мужийн сенатын гишүүн Скотт Перри "Хонконг, Төвд 2-ыг тусгаар улс" гэж үзэх саналыг Конгрессод оруулж байна. Нэг ёсондоо Хятадыг задлан бутаргах ажлыг санаатайгаар дэмжих, цаашилбал цаг ямагт амар заяа үзүүлэхгүй гэсэн далд санаа болно. Хятадын хувьд ийм заналхийлэл хэзээ нэгэн цагт ирнэ гэж мэдэрч байсан тул Энэтхэг, Балбын хилийн будлиантай газруудад цэргийн хүчээ чангатгажээ. Хятадын сөнөөгч онгоцууд хилийн дагуу 2 долоо хоног түрэмгийлэн нисэх болсон тул Энэтхэг, Балбын засгийн газрууд дургүйцлээ илэрхийлж эхлэв. Хятадыг тойрсон олон улсын байдал хурцдах замдаа орлоо. Америк ч түрэмгий, Хятад ч хүний эрхийг уландаа гишгэсэн газар тул америкчууд эмзэг цэгт нь дарах тоглолт улам хурдасч болох юм.

Харин манай улсын хувьд Хятадтай хилийн маргаан байхгүй. Улсынхаа талыг өгчихсөн болохоор ямар маргаан байх билээ. Харин одоо том гүрнүүд гөвшилцөж эхэлбэл манай улс ямар байр суурьтай байх вэ? Хятадыг дагавал Америк дарамтлах байх даа. Ямартай ч түрүүлж л дуугарч болохгүй. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гарц олох л чухал байна.

Ш.Баатар
2020.5.28

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу