Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахлын хажуугаар оосор бүчгүй энэ орчлонд олон гайхалтай үйл явдал болоод өнгөрч байна аа. Трамп Ерөнхийлөгч "Шуудангаар саналын хуудас бөглөхөөр залилангийн шинжтэй хуурамч сонгууль болно" гэж жиргэжээ. Түүнд нь Твиттер компани автоматаар "худал мэдээлэл" гэсэн анхааруулгын шошго наачихжээ. Сарын өмнөөс худал хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэж тус компани зарлаж байсан юм. Хуурамч мэдээллийг ерөнхийлөгч байна уу, ердийн иргэн байна уу, хэн тараах нь хамаагүй, нэг л хэмжүүрээр хэмжиж ийм анхааруулга наасан байна. Түүнд нь ноён Ерөнхийлөгч давчдаж, тус компанийг хаалгана гэж сүрдүүлэв. Твитер даруй хаагдвал Монголын сонгууль харин хар пиаргүй явах юм биш үү.

Цар тахлаас үүдээд энэ улсад цагаан, харгүй бүгд их уур омогтой болжээ. Гэрийн хорионы 2 сарын дотор арьс өнгөний үзэл үнэн гаарч байна. Хар тамхины хэргээр нэг бор нөхрийг цагаан арьстан цагдаа нар шөнө дөлөөр гэнэдүүлэн гэрт нь дайран ороход, өнөө хар аргагүй хамгаалалт хийж өөдөөс нь буудаад, нэг цагдаагийн хөлийг шархдуулж, тэд ч газар дээр нь нөгөө харыг оронд нь эхнэрийн хамт зүйл дуусгажээ. Энэ бол үнэндээ үндсэн хууль зөрчсөн, даварсан үйл явдал юм. Америкт бол гэртээ зөвшөөрөлгүй орж ирсэн хүнийг буудах эрхтэй байдаг. Асуудлыг давуу эрхээ ашиглан дарж байтал сошиал дээр шуугиад ирэхээр өнөө цагдаа нар "анхааруулга өгч орсон" гэж мэлзэж, гэрчүүд "ямарч анхааруулга өгөөгүй дайрч орсон" гэж ам зөрөөд, асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Мөрөөрөө гүйж явсан хар хүнийг цагаан арьстан аав хүү 2 буудаж алаад, "дээрэм хийх гэхээр нь аргагүй хамгаалалт хийсэн" гэж мэдүүлээд, хуулийн байгууллагаар өөрсдийгөө хамгаалуулж, үхсэний хохь болоод өнгөрсөн боловч хөндлөнгөөс бичсэн бичлэг нь сошиалд ил гарч, үнэнийг түмэн олонд мэдүүлжээ. Мөрөөрөө гүйж явсан харыг аав хүү 2 зогсоож, ямар нэгэн юмнаас болж маргаад, нэг нь машинаасаа буу авчирч буудсан нь бичигджээ. Аав хүү хоёр ялаа эдэлж, асуудалд гоомой хандсан ерөнхий шүүгч ажлаасаа халагджээ. 4 цагаан арьстан цагдаа баригдсан хар арьстан хүнийг гавлаж газар унагаснаа өвдөглөж хоолойг нь боогоод, амьсгаа авч чадахгүй байна гэж хэлээд байхад нь тохуурхаж байтал ухаан алдаад, эмнэлэгт очоод үхжээ. Үндсэндээ түүнийг хүч буруу хэрэглээд алчихлаа. Тэд ажлаасаа халагдсан, удахгүй Мөрдөх товчооны шалгалт дуусахаар мэдээж ял авна. Нью Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд нохойныхоо баасыг аваагүй цагаан арьстан эмэгтэйд шувуу ажиглагч хар хүн зүй ёсны шаарлага тавихад тэр эмэгтэй бачуурч арьс өнгөний үзэл гаргасан үгээр доромжилж, өөрөө цагдаа дуудаж бөөн асуудал дэгдээжээ. Азаар хөндлөнгөөс бичсэн бичлэг сошиалд ил болж, хар хүн хилс ялаас мултарч, тэр эмэгтэй эхний тохиолдолд ажлаасаа халагджээ. Цаашид ял авах бололтой. Харууд нь муйхардуу, цагаанууд нь адгуудуу, нийлэхээрээ чүдэнз зурах мэт асаж, хэн нийгмийн байр суурь муутай нь хохирдог, зөвхөн олны анхааралд хэрэг нь өртөж байж гэм үнэн мөнөө олддог гажиг тогтолцоо энэ улсад байна. Цар тахлаас болоод азиуд нүд үзүүрлэгдэж эхэлсэн тул яваандаа харуудын адил доромжлол амсахгүй гэхийн аргагүй болжээ. Болгоомж сэрэмж монгол хүн бүрт хэрэгтэй байна. Тэр тусмаа хаана хэдийд хэрхэн яаж явах вэ гэдгээ гэрээсээ гарахаас өмнө эргэж нэг бодож байвал аминд өлзийтэй болно буй за.

Аваагүй байхад авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэж нэг зүйр үг бий дээ. Түүнтэй адил гараагүй байхад нь вакциныг хэн яаж олж авах талаар чамгүй маргаан өрнөж байна. Америк түрүүлж вакцин хийвэл эхлээд америк хүндээ хийх нь тодорхой л гэнэ. Хятад түрүүлж хийвэл дэлхий нийтэд хүртээх талаас нь бодно гэж ДЭМБ үзэж буй гэнэ. Орос болоод Европын холбооны аль нэгэн улс түрүүлж вакцин хийвэл яах бол? Ямар ч байсан хөгжил дорой орнууд дарааллын сүүл мушгиж, улам их хохирол учрах вий гээд ярьж байна. Манайхан суу заль ихтэй хүмүүс тул олон улсын байгууллагын хөлд сууж байгаад тэр "алаагүй үнэг" мэт вакциныг нь олоод авна биз ээ.

Бизнес нээх болсонтой холбогдуулан манай мужийн захирагч хүн бүрээс хариуцлага нэхэн шаардаж байна. Тэр нь зөв дөө. Энэ олон чихгүй толгой ч амаргүй шүү. Мужийн өндөр настны газруудад чихгүй толгойнууд корона вирус хүргэж, 9 мянган хүнд халдварлуулаад, 1800 нь тэнгэрт дэвшээд байна. Гэм зэмгүй, мөрөөрөө амьдарч суугаа настнуудыг хамгаалахын тулд хүний зовлонгоор бизнес хийгчидтэй мужаас хатуу тэмцэж, халз үзэлцэх бололтой. Тэд хариуцлагыг уландаа гишгэж орхисон хүмүүс бололтой. Манай нутгаар нэг иймэрхүү сонинтой. Өдрөө сайхан өнгөрүүлж, өлзий хийморьтой яваарай!

Ш.Баатар
2020.5.27

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу