Стэнфордын их сургуульд оройгоор хичээл авч байх даа

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За жар хоног. Ийм нэртэй ном байдаг билэв үү? Тэмдэглэлээ ном болгочих уу? Үгүй ээ, наргисан хэрэг. Ном гэдэг болбоос хүмүүний мэдлэг боловсролд тус дэм болох эрхэм зүйл. Над шиг араажавын аливаа янзын бурааг хураасан юм хэрхэн ном болох билээ. Хоёр сар ч чухам бага хугацаа биш. Энэ хооронд зөндөө л юм болоод өнгөрлөө. Манай нэвтрүүлэгтэй хамт байсанд баярлалаа гэдэг шиг Бичснийг маань цаг гарган уншиж ирсэн та бүхэнд баярлалаа.

Маск зүүлгүй гүрийдэг Трамп Ерөнхийлөгч жаахан сандрангүй байна. Түүний хэлсэн үг, хийсэн үйл, бодит байдлаас алд дэлэм зөрж байна гэж экспертүүд шүүмжилж эхлэв. Эдийн засгаа яаран нээх гэсэн нь 11 сар гэхэд тогтворуулж, сонгуульд коко авах гэсэн заль мэх болохоос энэрэнгүй үйлс бус гэж тэд үзжээ. Учир нь хүмүүс эрсдэлд аз үзэж, ажилдаа эргэн орох нь тэдэнд төрөөс олгох тэтгэлгийн мөнгийг зогсоох зорилготой гэнэ. Шинжилгээний тоо хангалтгүй байхад дэлхийд хамгийн ихийг хийж буй гэсэн буруу ухуулга хийж байна гэж шүүмжлэв. 323 сая хүнд дөнгөж 7.5 сая шинжилгээ хийнэ гэдэг бол хэний ч мэдээжийн хангалтгүй ажээ. Бас түүнийг үнэнийг нуун дарагдуулсан, Маяамид амссан хохирол өндөр байсан ч хэл амнаас зайлс хийхийн тулд нуусан, нууснаа барагдуулахгүйн тулд халдварт өвчний гол эксперт Антони Фаучи зэрэг багийнхаа нөхдийг Конгрессод байцаалт өгөхөд хориг саад хийсэн гэж буруутгаж байна. Шинжилгээний тоо хангалтгүй байгаа нь эдийн засгаа нээснээс болж цар тахлын 2 дахь давалгаа үүсгэх эрсдэлтэй, хэрвээ тийм юм болбол эмчийн тоо, эмнэлгийн бэлтгэл хангалтгүй гэж үзэж байна. Тэгэхээр Трамп ямар хүнд байдалд яарсан сонголт хийж буй нь илт мэдрэгдэж буй ажээ.

Калифорни мужийн захирагч Гэйвн Ньюсом "Цар тахлын хямралаас болоод мужийн төсөв ихээхэн алдагдалд орж, боломж бүхий бүх эх үүсвэрээс мөнгө гаргаж санхүүжүүлэхийг хичээж байна. Ийм үед бид Холбооны засгаас тусламж хүсэж байна. Хүнд цагт ард түмнээ аварч туслахгүй бол төр засаг гэж байгаад яах вэ?" гэсэн ширүүн үг шидэж байна. Ямар ч байсан манай муж шат дараатайгаар эдийн засгаа нээх тактик төлөвлөгөөгөө боловсруулж дуусжээ. Хүн цөөн, эрсдэл бага дүүргүүдээ хоригоо сулруулж эхлэх юм байна.

Хятадыг хилээ хаах сургаар тэнд бараа бүтээгдэхүүнээ хийлгэдэг компаниуд бэлэн бүх бараагаа тун яааралтай татжээ. Бараа нь 45-50 хоног далайгаар яваад ирэхэд нь энд хориг тогтож, бараагаа борлуулдаг дэлгүүрүүд нь хаагдсан тул дээр дээрээсээ ирэх бараандаа дарагдсан агуулахууд нь дүүрч үлдсэнийг нь усан онгоцноосоо буулгаж чадахгүй, усан онгоцууд Сан Диего, Лос Анжелес, Оакландын боомтууд дүүрчихсэн байгаа ажээ. Өөр хоорондоо хэт хамааралтай олон хямрал нүүрлэчих нэг ийм байдалтай байна. Хятадаас их хамааралтай Европт асуудал адил гэнэ. Контейнер дүүргэж ачсан том усан онгоц Суэцийн сувгаар гарахад хагас сая долларын хураамж төлдөг юм байна. Хичнээн усан онгоц гарах билээ? Мөн их мөнгө өө? Тэгэхээр манайхан нутаг дээгүүрээ хийн хоолой гаргаад хураамжаа идээд ажил хийхгүй, толгойгоо салаавчлаад хэвтчихье гэдэг нь зөв ч юм шиг.

Өмнөд Калифорнид буй латин тосгонууд ихэнхдээ өлсгөлөнгийн байдалд оржээ. Цалин нэг шөнө цагийн зүү мэт зогссон ч түрээс төлбөр хэдэн сар үргэлжилж буй тул аргагүй ажээ. Ядахдаа сургууль тарж, хүүхдийн өдрийн хоол зогссон нь хүүхдүүд тэнд өлсөх нэгэн шалтгаан болжээ. Бага цалингаар их хар бор ажил амжуулдаг латин нөхдүүдийн амьдрал хүндхэн л байгаа юм байна. За тэгээд корона вирус нүдэнд үл үзэгдэх тул тэнэсэн сум мэт хаана ч хэнийг онож болно. Гадуур гарах бүртээ хаашаа юуны төлөө яах гэж явах гэж буйгаа бодож байгаарай! Хий дэмий алхам хийхгүй байхыг хичээгээрэй!

Ш.Баатар
2020.5.15

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу