Сан Франциско Марин дүүрэгт нэг иймэрхүү байна

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажилгүйдэл бол аж амьдралаа алдахын үүд болсон айхтар том гамшиг юм. Цар тахлын улмаас орон даяар хөл хорио тогтож, том бага бизнесүүд шил дараалан зогссоноор олон арван сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Одоогийн байдлаар Америкт 36.5 сая хүн ажилгүйдлийн тэтгэлэг хүссэн өргөдлөө өгсөн байна. Хүсэлтээ гаргаж чадахгүй, бас амжаагүй яваа олон сая хүн цаана нь бий. 330 сая хүний 170 сая нь ажилладаг гэсэн тул тэдний 20% нь тэтгэлэг хүсээд, ажилгүй сууж байна. Ниргэсэн дээр нь нэрмээс болж, тэр 33.5 саяас 27 сая нь эрүүл мэндийн даатгалаа алджээ. Америкт маш өндөр үнэтэй эрүүл мэндийн даатгалын бараг гуравны хоёрыг ажил олгосон пүүс компани даадаг нэг сонин нийгмийн тогтолцоотой билээ. Миний сард төлөх эрүүл мэндийн даатгал нь 850$ байлаа гэхэд өөр дээрээ эхнэр хүүхдээ нэмж оруулаад, гэр бүлийн даатгал 2550$ болох агаад түүний зөвхөн 850$-ыг би өөрөө, 1700$-ыг манай компани төлнө гэсэн үг. Үүнийг цалингаас илүү ашиг (benefit) гэж үздэг. Тэгэхээр ажил төрлөө алдахаар энэхүү ашиг давхар алга болно. Ажилгүй л болвол эрүүл мэндийн даатгал 60 хоногийн дараа хаагдчихна. Энэ хооронд ажилгүй болсон хүн арга замаа хайх хэрэгтэй. Ажилгүй болсон хүн Кобра хэмээх даатгалд өргөдөл бөглөх боломжтой боловч үнэтэй тул тэр болгон энэ даатгалыг авч чаддаггүй. Цар тахлын энэ бэрх үед 2 сарын дотор шинэ ажил олох тийм амар биш. Тэгэхээр ажилгүй л бол эрүүл мэндийн даатгалгүй болох эрсдэл үүснэ. 2 сараас дээш ажилгүй байх тохиолдолд Медикал хэмээх эрүүл мэндийн даатгалд өргөдөл бөглөж болдог боловч цар тахлын энэ мөчид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхгүй байна. Манай мужид бол 65-аас дээш насны бичиг баримтгүй хүмүүс Медикал авах боломжтой боллоо гэсэн.

Ихэнх америк хүний хэрэглээ их, тансаг талдаа, юмны үнэ өндөр тогтсон тул тэд кредит зээл ихтэй, цалингаас цалингийн хооронд ирээдүйгээсээ зээлж голдуу амьдардаг билээ. Тийм америкчууд байрны түрээс, хог, ус, цахилгааны хураамж, машины зээлээ төлөх, хоол ундаа авах мөнгөгүй болж, гэнэтийн ядууралд ороод, эдийн засгийн хувьд тун их хямарч, аргаа барьж эхлэв. Бэлэнчлээд сурчихсан хүмүүст олон сул тал илт дадал болсон байдгийг раажаваар бас ярьж байна. Гадуур голдуу хоол иддэг зуршилтай тул өөрсдөө хоол унд хийх гэж их стресстэд буй ажээ. Хоол ундаа сэтгэлдээ тултал захиалж аваад, цадахаараа үлдсэнийг нь юманд бодолгүй хаячихдаг хүмүүс ариг гамтай болох гэж гэнэт чармайх болжээ. Ихэнх америк хүн хоолныхоо 20-30%-ийг тавгандаа үлдээж, хогийн саванд хаячихдаг, байгаль орчны нэг төрлийн дайсан болсоор удсан гэнэ. Энэ ч бараг үнэн дээ. Японд амьдарч байгаад ирсэн болохоор америкчуудын тэр бийлэг занг анх хараад, "мотто най нээ" (харамсалтай юм аа) гэж боддог байлаа. Ямар ч чинээлэг япон хүн ширхэг будаа тавган дээрээ үлдээж байхыг тэнд 7 жил болохдоо би огт харсангүй. Эрхийн тэнэг болсон тэдний залуу үе л өөр болсон мэт санагддаг. Америкчуудад яаж ариг гамтай байх талаар ургуулан бодох ухамсрыг шанааг корона вирус өгчээ. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг нь энэ юм даа.

Раажав хүүгийн ам нь халж, яриа нь задгайраад, цааш нь дэлхийн хоол хүнсний хомстлын талаар, ирээдүйд хүн төрөлхтөн юу идэх тухай нэлээд далийсан юм цуурч байв. Тэр ярианаас нэг зүйл сонин санагдлаа. Хорхой шавж бол арвин их уурагтай байдаг юм гэнэ. Тэгээд ялаа шумуул, шавжаар хийсэн жигнэмэг боов ирээдүйд чухал хоол болно, нэгэнт туршаад үзчихсэн, зарим газар бүр зарж буй гэнэ. Нэг дугуй боовонд олон арван мянган шавж орох нээ. За байз, би чинь буддист ухаантай хүн, тийм олон амьтныг мангас мэт нэг үмхээд залгичих нь гэхээр сэтгэлд нэг л багтахгүй байх чинь. Манай нутгийн бичиг үсэг мэддэггүй, печенье идээд цаддаггүй нөхдүүд шавжны жигнэмгийг шаггүй их идэх болов уу? Ургуулж бодоод байвал улам л бие арзайх юм байна. За тэгээд хүн төрөлхтөн шавжаар хооллодог болтол зай ч байна лай ч байна. Мань мэтийн нас лав хүрэхгүй биз ээ.

Монголд маань цар тахлын халдвар авсан иргэдийн тоо огцом өсөж, 100 төхчихлөө. Ихэнх нь Оросын Холбооны Улсаас буцаж ирсэн оюутнууд ажээ. Цар тахал Орос оронд хяналтаас гарч буйн илрэл нь энэ биз ээ. Мэдээж хүнээ авах нь түмэн зөв. Хүргэж өгч буй оросуудыг буруутгах ч хэрэг алга. Гол олзуурхууштай нь нэг сувгаар нарийн хяналтан дор тэд орж ирсэн нь сайн хэрэг. Одоо байдал ийм болсон хойно хяналтаасаа нэг ч хүн алдаж болохгүй, улам эгзэгтэй мөч бидэнд тулгарч байна. Манайд эмч нарын тоо хэмжээтэй, бэлтгэл ч хязгаартай билээ. Уснаас ухаан сийлж гарах л үлдлээ дээ. Болдогсон бол сонгуулиа хойшлуулаад, бүтээн байгуулалтын элдэв зарлаа түр зогсоогоод, төсөв мөнгөө танаад, болзошгүй аюулд улам сайн бэлдмээр санагдах юм. Монголд бүү хэл дэлхийд ойрын 5 жилд жуулчин авах яриа гарахгүй боллоо. Цар тахал цаашилсан ч хүмүүсийн сэтгэлд үлдсэн шарх тийм амар анихгүй нь лавтай. Монголчууд бид ойрын хэдэн жилд үндэсний үйлдвэрээ сэргээж, ядаж хоол хүнсээр дотоодоо хангах бодлого барьж ажилламаар байна. Нэр дэвшигчдийн хөтөлбөрөөс үүнийг л олж харах юмсан.

Сайн унтаж амраад, сайн сайхан зүйл бодож, ажил амьдралдаа аль болох өөдрөг байгаарай гэж бүгдээс хүсье. Сэтгэлээр эрүүл байх нь бие эрүүл явахын үндэс. Яалтгүй "ариун сэтгэл авралын үндэс" ажээ.

Ш.Баатар
2020.5.14

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу