Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр Америкт ээж нарын баярын өдөр. Монголын сайхан ээж нартаа энэ сайхан баярын мэнд хүргэе! Тэнгэрт одсон ээж, буурай хоёртоо баярлаж, бас дурсаж сууна даа. Манай мужид гэрийн хорио арай суларч, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь халаг л байна. Хадам аав, ээж хоёр маань энэ этгээдэд гацсан тул салхинд гаргахаар далайн хөвөөгөөр давхиж, буцах замдаа Стэнфордын их сургуулиар буугаад мордлоо. Хүн хар бол ёстой сайхан задгай бэлчиж байна аа. Зай барьж буй юм алга. Амны хаалт зүүсэн хүн ч алга. Сураагүй юмыг сургана гэдэг нөгөө дургүй ламыг дарж байж сахил хүртээв гэдэгтэй адил буй за. Хаана ч очсон нийтийн бие засах газар хаалттай байна. Цар тахлаас хамгаалж буй янз нь бололтой. Стэнфорд ороход зөвхөн ажилчид, гэр бүлийнхэнд нь үйлчилж байна. Нэртэй газрын хүмүүс нимгэн сэтгэлтэй болж, үнэн дүрдээ орсныг нэг их гайхсангүй, болдог юм болдгоороо мэт бодож явлаа. Хүний харьцаа хүйтэн төмөр шиг болж буйд сэтгэл санааны бэлтгэлтэй болчихсон байна.

Замын турш раажав хүүд чих дэвсэж явлаа. Ажилгүйдлийн тэтгэлэг бөглөсөн 33.5 сая хүнээс янз бүрийн шалтгаанаар сар хүлээсэн ч мөнгө авч чадаагүй хүмүүс гомдол тоочиж байна. Угаасаа авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг нь хаа газрын ёс ч гэлээ, үл ялиг шалтгаанаар тэтгэлгээ авч чадахгүй гацсан хүмүүсийн яриаг нэлээд сонсов. Өргөдлөө бөглөхдөө санаатай, санаагүй хариулт андуурсан, худал хуурмаг бөглөлөө гэж хардагдсан, нэмэлт баталгаа гаргаж чадахгүй болсон гээд буман шалтгаан үүсжээ. Сиймхийнээр шургаа хийдэг сайн эрс олон тул ажилгүйдлийн албаныхан олон буудуулсан чоно шиг хашир болсон, ихэнх хүн анх удаагаа өргөдөл гаргаж буй тул гэнэн тэнэг зан гаргасан нь олон ажээ. Мөн тэтгэлэг зээл хөөцөлдөж буй зарим бизнесийн байгууллага заль мэхийг уралдуулаад баригдаж байна. Ажилчдаа халчихсан мөртөө сарын цалин таслахгүй зээлээс мөнгө авах гэж оролдох жишээтэй. Цар тахлын халдвараас айж ажлаас гарсан, эсвэл ажиллах саналаас татгалзсан мөртөө ажилгүйдлийн тэтгэлэг хүссэн шударга бус хүмүүс ч илэрч байна. Хүний л хорвоо хойно хуурч мэхлэхийн зангаа тавихгүй байна. Хүн ядраад ирэхээрээ мөн чанар нь илэрдэг юм байна шүү. Ийм олон шалтгаанаас болоод тэтгэлэг олж чадаагүй, хий бухимдсан олон зуун мянган хүн байна гэнэ дээ.

Хагас бүтэн сайн дамнаад Америкийн төр засгийн тэргүүдийн яриаг сонсоход намчирхаж талцсан, бусдаас буруу хайсан, өөрийгөө зөвтгөсөн яриа дүүрэн байна. Хятадыг буруутгасан хэвээрээ, Пелоси, Байденыг Хятадын талд наасан чигээрээ үзэл бодлын дайн үргэлжилсээр байна. Өөх ч биш булчирхай ч биш тэр маргааныг шүүж бичих сонирхол алга тул энэ удаад тэвчмүй. Хаа ч гэж Монголд маань цар тахалтай үлгэр жишээ тэмцэж байна. Өдий удахад ингэж сайн тархалтыг хязгаарлаж байна гэдэг манайханд хамтран ажиллах олон давуу тал байна шүү. Ээдээ энэ эрчээ л алдаж болохгүй, хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй хэвээрээ байна. Цагаа тулахаар монголчууд маань их дуулгавартай хүмүүс байна шүү.

Өглөө эрт босоод өнгөрсөн долоо хоногийн үлдсэн ажлаа хэдэн цагт багтаан хумьж хийсэн болохоор одоо маргаашийн эрч хүч авахын тулд далайн хөвөөгөөр салхи Дамбий шиг тэнэсүгэй!

Ш.Баатар
2020.5.10

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу