Серрамонте Лексис

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр бидний тэмдэглэж ирсэн ялалтын баярын өдөр. 50 сая хүний амь насыг авч одсон дэлхийн 2-р дайнд 20 сая хүнээ алдсан Орос улс 75 дахь удаагийн ялалтын баяраа цэргийн сүрт жагсаалгүй, гэр гэртээ намуухан тэмдэглэв. Цар тахлын тархалт Орос оронд ид хүчээ авч буй тул ялалтын парадаа цуцлахаас өөр арга байсангүй. Дэлхийн 2-р дайн бол Орос орны хувьд эх орноо хамгаалах "ариун дайн", олон улсын түвшинд фашизмаас салах "чөлөөлөх дайн" байсан юм. Тус дайнд Америк, Англи холбоотон болж оролцсон тул өнөөдөр олон нийтийн раажаваар ялалтын баярын тухай дурдаж, Европын хөрсөнд оршуулсан 107 мянган эрэлхэг дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж байна.

Дайн дэгдээх хэмжээнд Герман яагаад хүчирхэг болов? Дэлхийн 1-р дайнд ялагдсан Германы ард түмний гутрал, ичгүүрийг овжин ашиглаж, үндэсний социалист намыг (фашист) толгойлон гарч ирсэн Гитлер засгийн эрхийг гартаа авснаар үйлдвэр, эдийн засгаа огцом хөгжүүлж, үлэмж цэргийн хүчийг хуримтлуулж аваад, түүхий эдийн эх үүсвэртэй болохын төлөө эзэмшил нутгаа тэлэх цахилгаанжуулсан түрэмгий дайныг эхлүүлэв. Цэргийн бат сахилга, өндөр технологи тэдэнд хормын зуур их амжилт авчирсан тул Гитлер олсон ялалтдаа эрдэж, бүх дэлхийг эзлэх, юуны өмнө коммунизмын аюулыг дарахаар ЗХУ руу харилцан үл довтлох гэрээгээ зөрчин 1941 оны 6 сарын 22-ны үүрээр гэнэдүүлэн довтолсон билээ.

Орос хэрхэн хүчирхэг болов гэдэг нь мөн их сонин түүхтэй. Большевикууд өөр хоорондоо эвээ олохгүй тэмцэлдэж байснаа засгийн эрх Сталины гарт бүрэн шилжсэнээр коммунизмыг хамгаалах төмөр мэт сахилга бат тогтоохын тулд асар их харгислал үйлдэж, Зөвлөлтийн арми, улс төр, олон нийтийн дунд их цэвэрлэгээ хийв. Жишээлбэл нэг орцны 15 өрхийн 5-аас дээш нь хэн дургүй хүнээ матсан тохиолдолд тэрээр "ард түмний дайсан" (враг народов) болж, дотоод яамныханд баригдан буудуулдаг байв. Ажлын байр болгонд намын шүүмж гаарч, хариуцлага алдаж, намаасаа л хөөгдлөө бол буудуулах хувь заяа хүлээж байв. Бүх салбарт Сталинг эсэргүүцэх хүч үгүй болсны улмаас цэвэрлэгээний жилүүд буюу эхний 2 таван жилийн дотор Зөвлөлтийн хүнд үйлдвэр эрчимтэй хөгжиж, эдийн засаг огцом өссөн нь дайн эхэлсэн ч галын шугам дээр удаан эсэргүүцэх боломж бүрдүүлсэн байна. Дайны эхэн үед Сталины хэрэгжүүлсэн бас харгис тактик бол дайсанд сөрөг цохилт өгөх явдал байв. Нүцгэн гараараа шахам сөрөг довтолгоонд орсон улаан арми асар их хохирол амссан ч Германы довтолгоог удаашруулж, цаг хожих хоорондоо орос хүн бүр хөлс цусаа зэрэг урсган байж, дайны үйлдвэрлэлээ нөхөж чаджээ. Сталин бол Оросын ард түмний хувьд аймшигт ярагчин, авралын эзэн хоёр зэрэг болдог. Түүний харгислалаар олсон төмөр сахилга бат нь ялалтын түлхүүр болсон гэгддэг юм.

Хэрцгий Сталин монголчуудад ашигтай ганцхан том үйл хийсэн нь Ялтын гэрээгээр Японтой хийх дайнд оролцох нөхцөлд БНМАУ-ыг байгаа газар нутгаар нь тусгаар улс болгохыг заалт оруулсан явдал болно. Ингэснээр Монгол улс олон улсын хэмжээнд туурга тусгаар улс болох зам нь шулуудсан билээ. Сталин түүхэнд хэн байсан нь бидэнд тийм чухал биш, харин Монголыг тусгаар улс болгон авч үлдсэн түүний гавьяаг монголчууд мартаж хэрхэвч болохгүй. Сталин үхэхэд өмссөн хувцаснаасаа өөр өмч түүнд байгаагүй нь коммунист үзэлдээ хичнээн үнэнч хүн байсныг нотолдог ажээ. Японоос чөлөөлөх дайнд Зөвлөлт Монголын дайчид мөр зэрэгцэн оролцсон гэж оросууд хэлдэг нь дэлхийн 2-р дайны түүхэнд тэр чигээрээ орж, бичигдэн үлдсэн. Харамсалтай нь хятадууд Монголын чөлөөлөх дайнд оролцсоныг ер дурддаггүй тул хятад хүмүүс энэ талаар огт мэдлэггүй юм. Бодлого бол чинжүү л дээ.

Америкийн улс төр судлаачид Путины талаар сул үг ярихгүй байна. Тэрээр задран унаад, элгээрээ мөлхсөн Орос орныг хүлээж аваад, дэлхийн супер хүчний эргүүлж хэмжээнд нь авчирсныг америкчууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн хандаж байна. Мөн Путиныг ард түмэндээ их хайртай, илүү үг хэлдэггүй, "Америк бол манай стратегийн удаан хугацааны түнш гэж ямагт ярьдаг" хэмээн үнэлэн хэлэв. Путины ойрын үед гаргасан алдаа нь Саудын Арабын ханхүүг хэт даврааж, газрын тосны үнийг унагасан гэж үзэж байна. Оросын мэдээг япон сувгаар харж байхад цар тахалтай тэмцэх тал дээр Путин чин сэтгэлээсээ, үнэн шаргуу ажиллаж байна билээ. Япончууд түүнд их талтай байдаг юм байна. Түүний засгийн газрын 3 сайд корона вирусын халдвар авсан хэмээн дурдаж байсан.

Амралтын өдөр ажлаа амжуулахаар Нижияа хэмээх японы хүнсний дэлгүүр орлоо. Харуул хамгаалалтаа их сайжруулсан байна. 2 хүн лангуу бүрийг тойрон арчиж, худалдан авагчийн хэрэглэсэн сагсыг дор бүрд нь ариутгаж тавиад, тун шуурхай үйлчилж харагдана. Яах аргагүй үйлчилгээний япон соёл шууд анзаарагдлаа. Хүнсний үнэ алгуурхан нэмэгдэж байна даа. Корона вирусыг ариутгах зардлаа шингээсэн байж ч болох юм.

Машины тооромз солих шаарлагатай болсон тул Серрамонто гудамжны Лексисийн үйлчилгээний төв орлоо. Ажилчдынхаа 75%-ийг халсан гэнэ. 5 жилийн дотор машины загвар гайхалтай хурдан өөрчлөгджээ. Шинэ загварын машиныг сонжин үзэж, хэсэгтээ л жаал нүдээ хужирлуулав. Найдвартай машин бол замын сайн нөхөр юм. Америкчуудын эрх чөлөөний нэг бэлгэдэл нь машин байдаг билээ. Ийм уудам нутагтай хүмүүс хаа хүссэн газраа машинаар хүрэх тул аргагүй биз ээ. Гэрийн хорионы өдрүүдэд зайлшгүй шаардлагаар ажиллаж буй хүмүүсээ зөөгөөд түмэн завгүй яваа тул машиныхаа үйлчилгээг цаг тухайд нь нарийн чанд хийлгэж нь зүйн хэрэг билээ.

Аль болох корона вирусын хар мэдээнээс хол байхыг хичээн амралтын өдрөө ийнхүү завгүй өнгөрүүлж байна. Бүгдээрээ сайхан амарч, сайн энерги аваад, ирэх долоо хоногийнхоо ажилдаа эрч хүчтэй ороорой! Над шиг битгий тэнээд байгаарай! Би болбоос гэрээс ажилладаг, гэдэс алддаггүй, гүзээ ихт Гүнт жанжин шүү.

Ш.Баатар
2020.5.9

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу