Шинэ жилээр худалдаалах гацуурхан одоо ингэж ургаж байна

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цагаан ордны хэд маань тоглоомчгүй гэрийн хорионд орчихжээ. Учир нь 2 ч туслах ажилтан нь корона вирусын халдвартай гарсан ажээ. Даана ч нэг цагаачийг цагаа, цагаан морийг ногоо хатгана гэдэг шиг эз нь хатгаад эрэлхэг царайлаад, маск ч үгүй, бүр буудуулах гэж буй дүлий ятуун сүрэг шиг нэг дороо овоороод байсан юм аа. Нүдэнд үл үзэгдэх корона вирус бол шувууны бууны хорголжин сумнаас илүү онч мэргэн тусгалтай байж таарна. Барууны төр засгийнхан хоорондын зайгаа бариад, манай эрүүл мэндийн яамныхан маскаа тогтмол зүүгээд, ард түмэндээ үлгэр жишээ харагдаж байхад цагаан ордныхон үнэн хэнэггүй, тэнэг эго-той, ямар ч үлгэр дуурайлгүй шавалдаад байсны гор юм. Гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг болохоор одоо яах вэ, хурдан 14 хоног нь дуусах байлгүй дээ.

Раажав хүүгээр латинуудын халдвар харьцангуй их, тэд бусдаас илүү хохирч байна, тэднийг төрөөс онцгой анхаарч, өндөр настны зиндаанд халамж эдлүүлэх хэрэгтэй боллоо гээд матрын нулимс унагаж байна. Тэд чинь саяхан л хууль дүрмээ сахихгүй, олон арван мянгаараа хуран цуглаад, шашны баяр хийгээд, наадаж баясаад байсан биш билэв үү. Латин хүмүүсийн ихэнх нь хар бор ажил хийгээд, эрүүл мэндийн даатгалгүй амьдардаг тул суурь өвчин ихтэй, сурсан эрдэм бага тэдэнд нийгмийн халамж нэн даруй хэрэгтэй гэж засгийг шахаж байна. Латин хүмүүс нэг дор шавалдаж амьдардаг, тэгээд их нийтэч соёлтой болохоор корона вирусын халдвар авахад ахуй нь илүү ихээр нөлөөлж буй болов уу? Саяхан л раажаваар Итали, Испанид уламжлал байр байшинд хэдэн үе, ах дүү төрөл төрөгсдөөрөө амьдардаг уламжлалтайгаас халдвар түргэн тархаж байхад Швед, Швейцарь зэрэг гэр байшиндаа 1, 2-оор амьдардаг ахуйтай газар корона вирусын халдвар авах эрсдэл бага байна гээд ярьж байсан. Тэр лав ортой байх.

Гэрийн хорионоос болоод сургууль хаагдахад "Энэ жил их дээд сургуулиуд элсэлт авахдаа SAT шаардахгүй, ерөнхий боловсролын дүнгээр нь тооцно" гээд ярьж байсан чинь өнөөдөр болохоор зарим газар SAT-ийг онлайнаар 45 минутанд авна, сурах бичих харах боломжтой" ухааны юм ярьж байна. Зарим газар нь алга урвахын хооронд шийдвэрээ ингэж өөрчлөгдөж буй бололтой. Цагийн хязгаар тавьсан болохоор сайн бэлдээгүй сурагч бол сурах бичиг хараад юу шалих вэ гэж тооцоолсон биз ээ. Тэгэхээр манайхны хүүхдүүд бас энэ тал дээр назгайрах явдалгүй анхааралтай байгаарай.

Калифорни мужид гэрийн хорио цуцлаагүй бага зэрэг сулруулж буй ч "хэрэггүй газар хатуу хориотой байна" гэж хэл ам таталсны улмаас мужийн захирагч Гэйвн Ньюсом мэдэгдэл гаргаж, өмнөд Калифорнийн Санта Ана хавиас бусад газрын далайн хөвөөг (бийч) нээхээр боллоо. Бэй Аэриа хэмээх Сан Франциско хот орчмын хойгт гадаад орноос ирсэн ачааны усан онгоц нэлээд хуримтлагдаж, ачаагаа буулгахаар хүлээж буй гэнэ. Оакланд боомтын ажил ажилчдын халдвар, ариутгал хийх хугацаа, үйл ажиллагаа нь хаалттай үйлдвэр, компаниуд сэлбэгийн захиалгаа цаг тухайд нь татаж аваагүйгээс бөөгнөрөл үүсчээ. Жимс ногоог буулгахгүй удвал ялзарч мууддаг юм байна. Худалдаа арилжааны харилцаа гэж бие биенээсээ их хамааралтай юм даа.

Шинэ долоо хоног эхлэж, бачуу суух тул тэмдэглэлээ эрт орууллаа. Өдрөө, үдшээ сайхан өнгөрүүлээрэй!

Ш.Баатар
2020.5.11

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу