Өнөөдөр Мерсед нуурын хөвөөнд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эрээлжлэн өнгөрөх замын турш элдвийг ургуулан бодож, раажав хүүгээ анхааралтай сонссоор явахад нэгэн зүйл сэтгэлд анзаарагдав. Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Америкийн ард түмэн энэ их зовлон, уй гашууг даван туулахдаа биднээс тун өөрөөр сэтгэж байна. "Хайртай хүмүүстээ баяртай ч гэж хэлж чадсангүй дээ" хэмээн харамсан ярьж байна. Монгол хэлэнд "үхэх хүнд үг бүү хэл, унтах хүнд ус бүү өг" гэдэг болохоор нөгчигсдөд үг хэлдэггүй, одогсдын хойноос нэг их нэхэл дагал болдоггүй, дотроо бодоод, буян санаад, сэтгэлдээ тэвчдэг билээ.

Америкчууд мөн "цар тахлын халдвараар хорвоогоос халигчдыг хүний ёсоор оршуулж чадсангүй" хэмээн гэмшиж байна. Бидний одоо мөрдөж буй оршуулгын ёс болбоос орос зүгийн зан үйл хэмээн би боддог. Намайг бага байхад Онгийн дээд хүрээнд шавилж явсан өвгөд Уянга сумын төвийн артельд олноороо ажилладаг байлаа. Тэдний яриагаар бол гол тасарч үхдэл болсон л бол хүний хүүртэй дайсан мэт харьцаж, ил хаяж, чоно нохойн идэш болгох хэрэгтэй, хаа нэгэнтэй хүний хөсрий ястай таарваас айж эгдүүцэх хэрэггүй, харин амьд хүнээс айж явбал өлзийтэй хэмээн сургадаг байв.

Тэгэхээр америкчууд болоод бидний хооронд үхлийн талаар нэлээд зөрөөтэй ойлголт байна даа. Бидний багад үхэл бол хүн бүрийн гэтлэх учиртай, хорвоогийн хонины нэгэн ээлж хэмээн ойлгуулдаг байжээ. Ноён хутагт Данзанравжаа "Үүл нь гараад бороо ороход үүд хоймрын ялгаа үгүй,, үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин залуугийн ялгаа үгүй" хэмээн сургаал үлдээсэн нь тун чухал утгатай юм даа. Үүнийг санах бүрт амьддаа бие биенээ хайрлах сэтгэл үнэнхүү төрнө билээ.

Цар тахал цагийн жамаар арилан одох нь зүйн хэрэг. Харин цар тахлаас үүссэн сэтгэлийн шарх энэ улсад тийм амар түргэн анихгүй биз ээ. Улс төрчдийн уур хилэн багтаж ядаж буй нь илт байна. Хятад Америкийн харьцаа ойрын хэдэн жил орвонгоороо эргэх нь тодорхой болов. Америкийн төр стратегийн том өөрчлөлт хийхээр зэхэж байна даа. Эхний удаа Хятадаас хамааралгүй болох юм гэнэ. Ингэхийн тулд Хятадаас үйлдвэрүүдээ буцааж татах ажээ. Шууд татах боломжгүй тул хэсэгтээ зэрэгцэн үйлдвэрлэл явуулж байгаад алсдаа Хятадад буй үйлдвэрүүдээ бүгдийг хаах бололтой. Нэгэнт л зоривол үүнийг мэдээж хийж чадна. Түүгээр ч зогсохгүй барууны орнуудад мөн ийм шаардлага тулгаж буй бололтой.

Хятадад бараа таваараа үйлдвэрлэхгүй, Хятадын хийсэн барааг авахгүй боллоо гэхэд Америкийн ард түмэн ажилтай болж, амьдрал нь улам эерэг сайн болно. Хятадын хувьд хэт ахиад зан гаргаж байж зах зээлээ алдана гэдэг амаргүй зүйл билээ. Хятад улс нь эдийн засгийн ололт, олз омогтоо ташуурч, дэлхийд тэрслэх бодлого явуулах болсон нь алс яваандаа коммунист систем задран унах үйлийн үр болон боловсорчээ гэж молхи би ойлгов. Цаг нь ирэхээрээ цаст уулын цагаан арслан улаан шоргоолжинд бариулж дуусдаг хорвоо хойно цагийн жамаараа болно буй за.

Америкийн төрийнхөн хэт хорссондоо Хятадын коммунист дэглэмийг унагах шалтгааныг улайран хайж эхлэв. Коммунистууд хуурдаг хулхиддаг, нуудаг хаадаг болохоор түүнийг устгачих юм бол ахиад ийм цар тахлыг дэлгэрүүлэхгүй байх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд элдэв шалтгаан Хятадаас хайж эхлэв. Энэ бол тийм сайн зүйл огт биш. Сөргөлдөөний хурц хэлбэр эндээс эхлэх болно.

Ямар ямар шалгаан хайж байна вэ гэвэл юуны өмнө "нэг хятад" гэдэг үзлийг саармагжуулахын тулд Тайваний тусгаар байдлыг тууштай дэмжих нь байна. Үүнд чимээгүй сууж байгаад Тайвань хожиж магад. Дараагийн бодлого нь Хонконгийн автономийг сэргээх олон улсын шахалтыг манлайлахаар тэд зэхэж байна. Энэ бол нэлээд маргаан чирж ирнэ. Ямар ч байсан Хятадад янз бүрийн дарамт шахалт ирэх нь ойлгомжтой. Төвдөд гадны хүмүүсийг нэвтрэхийг хориглож буйг болиулах, тэнд хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг ил тод болох зорилго тавин ажиллах ажээ. Энэ нь төвдүүдэд хэр ашигтай болохыг тааж хэлэхэд арай эрт байна. Бараг мартагдсан Шинжаан Уйгар дахь Хятадын дарангуйллыг анхаарч, сэвж эхлэв. Хятад-Уйгар хэлний бизнес толь зохиосон уйгар хүн "газар усны нэрсийг зориуд толиндоо оруулсан нь яваандаа салан тусгаарлах үзлээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн" хэмээн ял тулгаж, шоронд хорьсныг одоо л зорилготойгоор ил гаргав. Энэ мэтээр Хятадыг ухаж түнхээд, амар заяа үзүүлэхгүй байхаар шийджээ. Цар тахлаа л илүү анхаармаарсан.

Хятадууд ч их ахиад хүмүүс гэж би боддог. Толгойг нь илж байгаад тархийг нь сорж, дорой буурай үндэстнүүдийн хүйсэнд нь үрээ, хөрсөнд нь тариагаа цацсаар хавь ойрынхныгоо нэгтгэсээр эдүгээ задартлаа томорсон нь үнэн билээ. Хятадууд Америкийн бүх салбарт савраа шигтгэж, барьц олж авсан нь илт ажиглагддаг. Хамгийн сайн мэдэхээр нь Харвардын жишээг хэлье. 1997 онд намайг анх Харвардад ирэхэд бүх салбарт нь хятадууд ороод хачиг шиг шигдчихсэн, тэр бүү хэл тэд Хятадын талд үйлчилж буй нь илт мэдрэгдсэн билээ. Арай ч дээ бүр ийм болчихсон юм уу гэж бодоод, сэтгэлээр унаж байсан удаа надад бий.

Харвардын Янчин номын санд сууж ном ухахад, тоотой хэдэн монгол ном цаасан каталогт таардаг байв. Нэг удаа Өвөр Монголын "МОНГОЛ БИЧИГ" сэтгүүлийн хэдэн дугаарыг олж авчихаад, гарчиглаж суутал хажуугаар өнгөрөх номын санч залуу над руу хандаж, "Сайн байна уу? Та монгол хүн байна. Намайг Монь гэдэг. Энэ бол миний аавын гаргаж байсан сэтгүүл" гэж монголоор яриад танилцаж билээ.

Монийн аав Мандах багш гэдэг хүн 50-иад онд Монгол улсад сураад, халх бүсгүйтэй гэрлээд хамтдаа буцжээ. Монь хүүгээ Монгол явуулсан боловч, 1981 оны их баривчилгаанд өртөөд, Хятад руу ачигдсан байна. Хятадад түүнийг тосож аваад, ар Монголын тагнуул хэмээн сэжиглэж, Бугат хотын нүүрсний уурхайд ялтан болгож 5 жил ажиллуулжээ. Тэгж зүдэрч явахдаа нэг хятад бүсгүйтэй танилцаж, аав ээж нь дургүйцсэн тул түүнийгээ дагаад Америкт гарч ирсэн зураач залуу байв.

Монь хагас цагаар тэр номын санд ажиллаж байхдаа ийнхүү надтай таарсан хэрэг. Дотно танилцсаны дараа тэрээр надад номын сангийн нэгэн нууцхан өрөөг үзүүлэхэд, манж, монгол судар ном дүүрэн байлаа. Харамсалтай нь монгол, төвд, уйгар номыг хятадууд бодлогоор таг дарчихсан нь тэр байв. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийн үлгэрээр хятадууд тэр сайхан номын санд эзэн суусны дараа тийм бусармаг үйлдэл хийж буйг эрхэм андаас сонсож мэдээд, их бухимдаж билээ. Хятадын төрийн бодлого Харвардад хүртэл тэгж хэрэгжиж байсныг хараад би халагласан даа. Одоо бөөр бөгсөндөө орно гэдэгт итгэл төгөлдөр байна. Хятадуудын ил далд хийж ирсэн тиймэрхүү хориг саад арлихаар Америкт Монгол судлал лавтай хөгжинө. Аливаа юм хоёр талтай шүү дээ.

Үг олдож үхэр бүр холдлоо. Хятадыг дан хараар будахыг хүсээгүй ч өнгөрсний бодит байдлаас сөхөн өгүүлэхэд ийм байна. Өнөөдрийн хадуурсан яриагаа энд учиглая!

Ш.Баатар
2020.5.8

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу