101-р хурдны зам дээр

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажлын өдөр замын уртад раажав хүүтэйгээ нөхөрлөж явлаа. Эмч нар, улс төрчид, корона вирусын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн яриаг чих тавин сонсов. Аливаа учир зангийг аль болох өөрөөс нь сонсох шиг хэрэгтэй юм алга байна. Үг олон дамжихаараа үнэнээс гажаад холдчихдог жамтай билээ. Тийм болохоор өвгөд маань "гэнэ лээ" гэдэг үгэнд итгэж, бусдад бүү дамжуулж бай. "Гэнэ лээ" гэдэг чинь "гэнэн сүүлтэй" байдаг хэмээн сургадаг байв аа. Тэгэхээр миний хэлж ярьсныг өөртөө шингээнэ үү гэхээс "гэнэ лээ" болгож цааш яриад дэмий л байх шүү.

Эмч нар Америк цар тахал яагаад ийм хүнд тусав гээд маргаж, хэлэлцэж, шүүн тунгааж байна. "Дэлхийд эмнэлэг, эмчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлдэг Америк орон яахаараа ингэтлээ хохирол амсаж байна" хэмээн шүүн ярилцав. Эдгээр амжилттай үзүүлэлтээрээ Америкаас дор ордог Герман, Солонгос хоёр орон цар тахалтай хэрхэн тэмцэж, ард нь гарах төлөвтэй болов хэмээн хэлэлцэв. Тэд төрийн нарийн зохион байгуулалттай, төрд ажиллаж буй хүмүүс нь өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлж чаддаг, ард түмэн нь төрийнхөө шийдвэрийг сайтар дагадаг, дэг журамтай тул хамтдаа зүтгэж, цар тахлыг хамаагүй сайн хазаарлаж чадаж байна гэв. Америкийн удирдлага бол мэдээлэл тааруу, мэдрэмж муу, хэт өөрийгөө сүрхий гэж бодоод итгэчихсэн, ямар ч бэлтгэлгүй, назгай налгар, зохион байгуулалт, удирдлага муу, халдварын аюулын талаар төсөөлөлгүй байсаар ийм хүнд байдалд орсон талаар ярилцаж байна. Үүнийг молхи миний бие магад хэмээн итгэж хүлээн авлаа. Наад захын жишээ татахад ард түмний татвараар ажлаа явуулдаг, дэд Ерөнхийлөгч Майк Пэйнс эмнэлэгт маскгүй очиж, түмний хурц шүүмжлэлд өртөөд, адаг сүүлд нь аргагүйн эрхэнд амны хаалт зүүв. Өөрөө үлгэр дуурайлал болох хүмүүс ийм байдалтай биеэ авч явахаар ард түмэн нь хэрхэн маск зүүж, амьдралын дадал болох билээ. Үүн дээр манай төр засгийн удирдлага маш сайн байгааг дашрамд нь магтмаар байна. Манайхан маскийн хүчээр өдий болтол цар тахлын тархалтыг хязгаарлаж байгаа ч юм билүү? Вакцин гарч, цар тахал бүтэн дарагдтал масктайгаа байх нь өлзийтэй байх биз ээ.

Цар тахлаар өвдсөн хүмүүсээс нэгэн сонирхолтой, сургамжтай яриа сонссоноо та бүхэнд хүргэе. Нэг сувилагч эмэгтэй корона вирустэй өвчтнүүдтэй харьцаж байгаад халуурч, хоолой нь өвдөөд, ханиагаад эхэлжээ. Шинжилгээ өгөөд сөрөг гарсан ч корона вирус туссан гэж мэдэрч, ажлаасаа чөлөө авч өөрийгөө тусгаарласан байна. 2 долоо хоног халуурахдаа 4 удаа корона вирусын шинжилгээ өгсөн боловч сөрөг гарсаар байжээ. Тэгээд 3 дахь 7 хоногтоо ороход бие нь сайжирч, ядрахаа байсан ч ханиалга нь зогсохгүй, заримдаа амьсгал нь хаагдах шахан сандаргасан байна. Тэгээд дараагийн шинжилгээ нь эсрэг биеттэй гарч, корона вирусээр өвчилсөн нь баттай болжээ. Халдвар авсан атлаа шинжилгээ сөрөг гараад буйг худал сөрөг (false negative) гэж хэлээд байна. Ийм худал сөрөг үзүүлэлт их олшрох юм бол оношилгоо, эмчилгээ хийхэд улам төвөгтэй болно гэнэ. Монголд маань ийм тохиолдол бүү гараасай.

30 гаруй сая хүн ажилгүйн тэтгэлэг хүссэн энэ үед хүнсний нөөцийн сангаас(food bank) тарааж буй хүнс маш олон хүнд хүрч байна. 8 сая орчим хүнтэй манай энэ Бэй Аэриад хүнс тарааж буй хэд хэдэн цэг байна. Зөвхөн Аламеда хотын хүнс тараах цэг долоо хоногт нэг сая уут хүнс түгээжээ. 200 мянган машинтай хүн очиж хоол авсан байна. Тэр хүнсний нөөцийн санг бүрдүүлж, түгээж буй хүмүүс мөн ариун сэтгэлтэй, ач буянтай яа. "Ариун сэтгэл авралын үндэс" хэмээн айлдсан Дилав хутагтын мэргэн үгийг үнэхээр санагдууллаа. Та бүхэн эрүүл саруул, энх тунх байх болтугай.

Ш.Баатар
2020.5.5

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу