Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ази, Европ, Америкт унасан эдийн засгаа сэргээхээр бага багаар алхам хийж эхлээд байгаа энэ үед хөгжиж байгаа орнууд, ялангуяа Бразилд эвгүй байх шиг байна. Тэнд Хятадын тоо хэмжээг өнгөрөөд 105 мянга гаруй халдвар, 7 мянга гарсан нас баралттай байна. Ерөнхийлөгч нь "жижигхэн томуу" гэж энэ цар тахлыг үл тоож, өөр шиг нь тамирчин хүнд бараг тусахгүй гэчихсэн, хөл хорио тогтоохыг санал болгосон эрүүл мэднийн сайдаа ажлаас халчихсан аж. Хүн ам дотор нь ч гэсэн буруу ойлголт их, аяллаж зугаалдаг баячуудын өвчин гэж үзэж байсан байх жишээтэй. Тест шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ муутай энэ орон одоогоор дэлхийн халдварын цөм болж байх шиг байна. Тэндхийн халдварын байдлыг бусад улсуудтай харьцуулсан графикийг оруулав. Энэтхэгт хөл хорио эхэлснээс хойш сар болж байгаа хугацаанд 40 мянга гаруй халдвар, 1300 орчим нас баралт бүртэгджээ. одоогоо 5/18 хүртэл хөл хорио хүчинтэй байх юм байна.

Шведын ковид19-ын эсрэг тэмцсэн загвар буюу тестийн болон эмнэлгийн чадавхдаа илүүтэй анхаарч, харин хатуу хөл хорио тогтоолгүй иргэдээ ухамсраараа сошиал зай барихыг анхааруулаад орхисон явдал юм. Гэхдээ 50-аас дээш тооны хүмүүс цугларах, хөгшчүүлийн асрамжийн газар эргэлтийг хориглосон аж. Өмнө өгүүлж байснаар бусад хөрш улсуудаа бодвол халдвар, нас баралтын тоо харьцангуй өндөртэй байгаа ч тогтворжиж ирж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ улс вакцин эмчилгээ гартал вирусын эсрэг "тогтвортой" стратегийг баримтлахын хамт эдийн засгаа бүр унагаачихгүй байх замыг сонгосон хэрэг. Иймэрхүү маягаар явбал бараг сарын дараа гэхэд Стокольм хотод дархлааны сүрэг үүснэ гэж томоохон мэргэжилтэн нь мэдэгджээ. Бусад улс хатуу хөл хорио тогтоосноор халдвар, нас баралтын тоог удаашруулж чадсан нь ч өргөн хэмжээний дархлаа үүсэх боломжоо алдаж байгаа. Аль нь зөв гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү ч бүх зүйл дуусч хорьж удаашруулаад удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд гарсан өвчлөл, нас баралтыг сул тавьчихаад хурдхан шиг дархлаатай болчхоод зогсоох хооронд гарсан тоотой харьцуулснаар л тогтоогдох байх. Гэхдээ өвчилсөн хүмүүсээ эмчилж чадах эрүүл мэндийн салбартай байж л энэ орон шиг том загнана шүү дээ тиймээ.

Хонг Конг маш амжилттай,14 хоногт ямар ч шинэ халдвар тэмдэглэгдээгүй байна.Одоо эдийн засгаа алхам алхмаар нээж эхэлж байна. Саяхан хүртэл хилээ хаалттай байлгаж байсан бөгөөд өнгөрсөн 7 хоногоос хятадаас хүүхдүүд,бизнес хүмүүсийг сургууль, бизнесийн чиглэлээр орж ирэхийг зөвшөөрчээ.

Улс орнууд вирусын эсрэг арга хэмжээ, эмчилгээ, вакцин, эдийн засгийн сэргэлтэндээ ихээр хамтран ажиллаж байна. Европийн холбооны вирусын эсрэг тэмцэлд зориулж 8 тэрбус долларын хандивыг Япон, Канад, Турк гэхчилэн улсууд, нэлээд олон ашгийн бус байгууллага, сангийн хандиваар босгожээ. Хэдийгээр Америк улс үүнд оролцоогүй ч Билл Мелинда Гэйтс сан, дуучин Мадонно (1 сая доллар хандивласанг) гэхчилэн оролцож хандив өгчээ.

Улс бүр, муж бүр өөр өөрийн нөхцөлтэйгээр эдийн засгаа эхлүүлж байна. Америкийн 30 орчим мужуудад ямар нэгэн хэмжээгээр бизнесүүдийг ажиллаж эхлэхийг зөвшөөрч эхлээд байна.
5/1-ны байдлаар Америкийн мужууд ямар хэмжээнд хоригтой байгааг доорх графикаас харьцуулж хараарай. Хамгийн чөлөөтэй байгаа мужуудыг шаргалаар тэмдэглэсэн байгаа. Өнөөдрийн сонин дээр Мичиган мужийн нэгэн дэлгүүрийн хамгаалалтын ажилчныг мужийн захирагчийн захирамжийн дагуу үйлчлэгчээс маск зүүхийн шаардаж, байхгүй бол үйлчлэхгүй гэсний улмаас түүн үрүү уурлаж нулимаад гэртээ очиж нөхөр хүү 2-оо дагуулж ирээд араас буудаад алчихсан гэжээ. хөөрхий тэр залуу 8 хүүхдийн эцэг. Уур буу 2 хэзээ ч нийлэхгүй ээ гэж.

Нөгөө эмнэлэгт хэвтэх хугацааг багасгаж байгаа гэж Америкт албан ёсоор эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгогдсон remdesivir эмийн үйлдвэрлэгч Gilead компани чинь Sovaldi элэгний С вирусыг устгагдаг эм бүтээсэн компани юм байна. Анх тэр эмээ 84 мянгаар зарж байсан шүү дээ. Одоо байгаа remdesivir эмийнхээ бүх нөөцөө хандивлаж байгаа зарласан байна лээ.

Өнгөрсөн долоо хоногт Харвардын олон нийтийн эрүүл мэндийн сургуулиас гаргасан судалгааны дүнгээр PM2.5 гэж нэрлэгдэх агаарын бохирдлын микро элементэд урт хугацаанд өртөж байсан хүмүүс ковид вирусээр нас барах магадлалыг 8%-иар нэмэгдүүлдэг гэжээ. Мэдээж уушиг, амьсгалын замын өвчин учраас агаарын бохирдолд удаан байсан хүнд илүүтэй хүнд тусах нь ойлгомжтой. Хүн ихтэй хотууд буюу агаарын бохирдол ихтэй газруудад өвчлөл их байгаа ч холбож тайлбарлаж. мэдээж агаараас гадна бас нь тархалт ихтэй байгаа нөлөөлж байгаа. Азаар Монголд маань дулаан цаг ирж явна.

Одоогоор Америкийн зах зээл дээр байгаа 160 орчим антибоди буюу эсрэг биетийг тогтоодог дархлааны тест дээр FDA тодорхой стандарт тогтоож эхэллээ. Эдгээрийн ихэнх нь Азиас орж ирж байгаа бөгөөд чанаргүй, худал үр дүн ихээр гаргаж байгааг нь шалгаж, ангилах болно гэжээ. одоогоор албан ёсоор 13 тест сорил FDA түргэвчилсэн зөвшөөрлийг авсан юм байна. Жишээ нь үүний нэг Швецарийн Roche компани нь эсрэг биетийн тестээ цусан дахь Ковидын эсрэг биетийг 100% таньдаг, 99.8%-тайгаар тэдгээр эсрэг биетийн байгаа эсэхийг баталдаг буюу 1000 тестээс 2-хонд нь "хуурамч эерэг" үзүүлэлт үзүүлэх магадлалтай гэжээ.

Оксфордын их сургуулийн боловсруулж байгаа вакцин нь эртнээс найдвар төрүүлж байгаа цөөн тооны вакцины нэг тул дэлхий нийтийн ихээхэн анхаарлыг татаж байгаагийн улмаас Их Британы цахим хамгаалалтын албаны онцгой хамгаалтандаа авсан гэжээ. Судалгаа, мэдээллийн сан уруу Хойд Солонгос, Хятад, Иран, Оросын талаас хакерийн довтлогоонууд орж ирсэн гэж байна.

Дэлхийд хэд хэдэн эмнэлгүүд ковидын вирусын өвчлөлийн хүндрэлийн хэмжээг тогтоохдоо AI буюу хиймэл оюун ухааны программыг ашиглаж эхэлсэн гэж байна. Вирусын тестийн дүнг хэдэн өдөр хүлээх хэрэгтэй болдог тул уушигны скан болон рентген зургийн дүнг, мөн бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг үзүүлэлтийг нэмээд энэ төрлийн проргаммд оруулснаар хурдтай оношлогоог хийх боломжийг эмч нарт олгож байгаа юм байна. Одоогоор уушгин дахь "жирийн бус" байдлыг олж илрүүлэхдээ AI нь өөр төрлийн өвчнийг андуурах зэрэг алдаа гаргаж байгаа ч ерөнхийдөө өвчтөний оношлогоо, эмнэлэгт хэвтэх хугацааг түргэсгэж эмч нарт тус хүргэж чадаж байна гэж үзэж байна. Нэг сайн тал нь хиймэл оюун ухаан чинь алдаанаасаа суралцаад өөрийгөө засаад явчихдаг болохоор удахгүй улам сайжрах бизээ. Тэгээд бодлоо. Монголд эмч нөгөө өвчлөад эдгэрсэн хүүхний уушгийг анх чагнаж үзээд АнхОтгоныхтой адилхан сонсогдож байсан тул шинжилгээний дүн ирэхээс өмнө нэлээд хүндэрснийг чинь мэдсэн гэж эдгэрсэн хойно нь хэлсэн гэж байсан. Монгол эмч нар ч дотоод мэдрэмжээрээ яахын аргагүй сайн шүү. Гэхдээ гадаадад хэдэн мянган хүн өвчлөөд ирж байгаа үед тэр бүр цаг зарцуулж, анхаарал тавьж чадахгүй тул техник технологид илүүтэй найдахаас яахав дээ. Бас манайхан их сэргэлэн. Хамгийн их туршлагажсан хүмүүс болох Хятад эмч нараасзөвлөгөө аваад, адилхан эм, танг нь авчруулаад эмчлээд байсан байгаа юм.

Калифорни мужийн хэмжээгээр халдварын хурд буурсан байгаа. Харин хамгийн их хэмжээгээр шинэ халдвар нэмэгдэж байгаа газар бол өмнөд CA, нөгөө жагсаал цуглаан хийгээд байгаа Orange county-д байна гэж бичжээ. Америкийн 1 саяас дээш хүн амтай 50 гаруй том хотууд дотроо Сакраменто бүс нутаг маань (Sacramento, Placer, Yolo, El Dorado ороод 2.3 сая орчим хүн амтай)хамгийн бага тооны халдвартай хотуудын нэгд орж байна. Томоотой байвал шагнагдана ш дээ. Эмнэлгүүд өвчлөл нэмэгдэнэ гэж ихээхэн бэлтгэлтэй байсан нь ч азаар айхтар хурдтай өсөөгүйгээс болон өөр төрлийн өвчтэй хүмүүс болгоомжлоод эмнэлгээр үйчлүүлэхгүйгээс болоод хоосон өрөөнүүдтэй, ажилчдадаа цөөхөн өдрүүдээр ажиллуулахад хүрлээ гэж гомдолсон байна даа.

CA-ийн цэцэг, ном, хувцасны дэлгүүрүүд энэ 5 дахиас үйлчлүүлэгчид зөвхөн pick up хийх боломжтойгоор онгойж болно гэж мужийн захирагч мэдэгдлээ. Хотын паркуудын теннисийн талбай гэхчилэн ойртох шаардлагагүй нийтийн спортын талбайг ажиллахыг зөвшөөрсөн.
Хүүхдүүдийн хичээл маш их тасарч байгаа учраас сургуулиудыг 7 сард эрт хичээлээ эхэлж болно гэсэн нь сургууль дистриктууд өөрсдөө шийднэ гэжээ. Гэвч хамгийн гол нөлөөг үзүүлдэг багш нарын холбоо хэрэв багш нарынхаа эрүүл мэндийн аюулгүй байдалд санаа зовж байна гэчихвэл бараг үгүй болох биз. Ер нь бол тэгтээ тэргүй цалингүй авчихдаг учраас багш нар амрахыг л бодох бизээ.

Манай хотод гэртээ интернэтгүй хүүхдүүдэд хичээлээ хийхэд нь зориулж wifi-тай автобус энэ тэнд зогсоолуудад байруулсан гэж байна. Мэдээллийг www.thewifibus.com орж аваарай.

Түмэн амгалан байх болтугай

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу