Цагийн сайханд гайгүй тэнэдэг хүн байлаа. Харин одоо хаана л очно ийм самбар угтах болжээ.

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажлын өдөр эхэлж, раажав хүүтэйгээ ахиад нөхөрлөв. Раажав хүү маань хоцрогдсон технологийн үлдэгдэл "хуучин хүү" мөн тул тэнгэрийн хаяанаас наашихыг л сайн бурж, тэртээ улсуудын мэдээг барин тавин хэлдэг юм. Ойроор нь орон нутгийн мэдээг чих тавин жаал сонсож явлаа. Тэтгэлэг, зээлээр олгох 350 тэрбум доллароос гэрийн хориотой Калифорни мужийн жижиг бизнес эрхлэгчдийн зөвхөн 15% нь хишиг хүртсэн байхад гэрийн хорио зарлаагүй Хойд ба Өмнөд Дакота, Небраска, Айова мужуудын жижиг бизнес эрхлэгчид 50-60%-ийн хишиг хүртжээ. Энэ бол ариун явдал бус гэнэ. Учир нь тэтгэлэг, зээлийг корона вируст өртөж, гэрийн хориогоор хаагдсан жижиг бизнесүүдэд зориулсан болохоос огт хаагдаагүй жижиг бизнест өгөх ёсгүй байжээ. Тэтгэлгийн мөнгийг хуваарилж буй хүмүүс ажлын амрыг бодож, нарийн шалгалтгүй хэн түрүүлж өргөдөл өгсөнд нь тараасан байна. Тэднийг эргээд шалгах гэхээр мужаас нь улс төрийн дарамт шахалт үүсээд, ихээхэн төвөг учирч байна гэнэ. Тэтгэлэг, зээл авалгүй хохирч буй нь корона вируст ихээр өртөж, гэрийн хорио тогтоосон Ардчилсан намд ихэвчлэн санал өгдөг мужууд, завшиж хожсон нь корона вируст бараг өртөөгүй, гэрийн хорио ч зарлаагүй Бүгд найрамдах намд саналаа өгдөг мужууд ажээ. Энэ замбараагүй байдлаас болж асуудлыг давхар улс төржүүллээ хэмээн зарим хүн Трамп Ерөнхийлөгчид дургүйцлээ илэрхийлжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр тэр мужууд хууль дүрмийн түүхий заалтыг овжин ашиглаж, бусдын боломжийг өрсөн завшиж, "би үхэхээр чи үх" гэсэн үзэл санаа гаргаж, хямарсан дээр нь хямруулж орхив гэнэ. Ийм хөгжилтэй, баян том оронд тийм муухай хандлага гарч байгаа юм чинь буурай хөгжилтэй орнуудад алаан болох нь аргагүй биз ээ. Шар мэдээнээс дам сураг сонсвол замбараагүй байдал гарч магад гэж үзээд, Хятад улс Африк тивд буй цэргийн баазуудаа зузаатгасан ажээ. Том гүрнүүд тив дэлхийд нөлөөгөө алдаагүй гэж бас л улайрч байна.

Испани улсад цар тахлын тархалт буурах төлөвтэй болсон тул оройдоо нэг цагийн турш эцэг эх нь хүүхдээ дагуулж, зай барьж салхинд гарах зөвшөөрөл олгожээ. Гэтэл эцэг эх, хүүхдүүд зай барихгүй төвөгтэй нөхцөл үүссэн байна гэнэ. Итали улс цар тахлын тархалтыг хязгаарлаж чадсан гэж үзээд гэрийн хориогоо бага багаар цуцлах болжээ. Эхний ээлжинд 5 сарын 6-аас үйлвэр, албан ажлын газрууд, худалдааны том төвүүдийг нээж, 2 долоо хоногийн дараа музей зэрэг олон нийтийн газруудыг хяналттайгаар онгойлгох, хоол зоогийн газруудыг 8-9 сар хүртэл нээхгүй байхаар тогтжээ. Америкт энэ 7 хоногоос Жоржиа муж хориогоо цуцалж буй боловч, кино театрууд нээгдэх болсон нь олны шүүмжлэлд өртөж байна. Газар газрын сэтгэлгээ өөр тул одоо яах вэ.

Тэнгисийн цэргийн баазууд дээр цар тахал улам дэлгэрч, төр засгийн анхаарлыг нэлээд татаж байна. Агаар муутай орчинд олон хүн бөөгнөрснөөс халдвар хурдан тархжээ гэж үзэв. Энэ нөхцөл нь онгоцон дотор халдвар тарах боломж нэн өндөр болохыг давхар баталж байна. Баруун Виржиниа мужид төвлөрч амьдардаг новоха индианчуудын дунд цар тахал ихээр дэлгэрсэн нь төрөөс зохицуулах бас нэгэн тулгамдсан асуудал болж байна. Америкт мөхөж буй овог аймгуудыг төрөөс их анхаарсаар ирсэн ажээ. Улс төрчдийн уран үгэнд хууртаж, газар нутгаасаа алдаж нэг дор бөөгнөрөх болсон новоха индианчууд ихээхэн гомдолтой байна.

Бидний амьдардаг Бэй Аэриагийн Аламеда дүүргийн Баруун Оакланд хот далайн боомттой, ачаа тээврийн тэргүүд их холхидог учир тэнд агаарын бохирдол их учраас багтраатай ядуус олон, тэд цар тахалд амархан өртөж, байдал хүндэрч, олон хүн өөд болжээ. Энэ бүгдээс харахад Америк орны нүсэр том дэд бүтэц шаазан сав мэт их хэврэг гэдгийг корона вирус илчилж орхив. Хойшид юун дээрээ энэ улс анхаарах талаар маш том ухамсрын хичээл боллоо доо. Цар тахлын асуудлаас болоод зарим монгол хүний сэтгэл санаа их тогтворгүй байгаа янзтай. Өчигдөр нэг залуу "Солонгос руу эцэг эхээ явуулах гэсэн юм. Цар тахал 5 сард манай энд ямар болсон байх вэ?" гэж асуув. Үнэндээ би сайн мэдэхгүй байгаагаа хэлтэл элдвээр хараагаад эхлэв. Амар байна уу гэсэн биш гай болсон, хуурамч аккаунттай тэр хүнийг дор нь блоклов. Үүнээс үүдээд хэлэхэд бухимдсан, сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүсээс болгоомжилж яваарай. Ядарч зүдэрсэн хүн бол ямагт зөөлөн харьцдаг билээ.

Ш.Баатар
2020.4.27

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу