Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай мужийн захирагч хууль бусаар ажиллаж амьдардаг гадаад иргэн бүрд нэг удаагийн 500$-ын тусламж олгохоор зарласан ч нэлээд олон саад бэрхшээлийг давах янзтай боллоо. Нийгмийн даатгалын дугааргүй (харласан) хүмүүст нийтийн нөөцийн сангаас тэтгэлэг олгох нь хууль зөрчсөн буруу үйлдэл хэмээн хуульчдаар бамбайлсан байгууллагууд эсэргүүцэж, мужийн захирагчийг шүүмжилж эхэлжээ. Өчигдрийн мэдэгдэлдээ "Хуулийн хувьд боломжтойг судалсан, хүмүүнлэгийн талаасаа өгөх нь зөв" гэж Гэйвн Ньюсом ямар ч хийгүй хариулав. Энэ тусламж хэрэгжихээрээ олон нийтийн байгууллагуудтай холбогдоно. Хэрвээ манай монголчуудын холбоонд ямар нэгэн заавар ирвэл бид нутаг нэгтнүүдтэйгээ холбогдох болно.

Америк болоод Европт сүүлийн нэгэн жарны турш ямар нэгэн халдварт өвчин өргөн цар хүрээтэй тархаагүй, түүнтэй тэмцэх байгууллагын санхүүжилт хэт нимгэн, үйл ажиллагаа эрс суларсан, цар тахлын халдлагад ямар ч бэлтгэлгүй өртөж, ард иргэд нь наад захын ойлголт, халдвартай тэмцэх туршлага, мэдлэг, сэтгэл зүйн бэлтгэл, ухамсар, сахилга бат, цочрол дутагдаж буйгаас болж их хохиролтой гэнэт учрав. Байнга халдварт өвчний халдлагад өртөж ирсэн хөгжил буурай орнууд харьцангуй бага тархалттай байна. Гэлээ ч тархалт улам ширүүсвэл буурай хөгжилтэй орнууд дэд бүтэц, эмнэлэг хангамжийн хүрэлцээгүй байдлаас болж бүр их хохирол амсах болно. Экваторын өнөөгийн жишээ бол үүний нэг илрэл болж байна.

Гэрийн хорионд буй энэ хугацаанд төрөл бүрийн шуудангийн ачаалал маш ихэссэн боловч тус салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс бага, нийгмийн хамгаалалт сул дорой, халдвар авах эрсдэл өндөр зэргээс болж үнийн тарифыг 4 дахин ихэсгэх санал яригдаж байна. Үүнд Амазон компани хамгийн түрүүнд өртөх ажээ. Маш бага цалингаар хамгийн эмзэг давхрын хүмүүсийг түр ажиллуулдаг компани юм байна. Нярай хүүхдээ тэвэрсэн латин эх илгээмж түгээж яваатай таарч байсан. Америкийн шуудан (UPS) нь боломжийн цалин хангамжтай, байнгын ажилчидтай боловч ачаалал ихтэй өнөөгийн нөхцөлд ердөө 3 сарын төсөвтэй үлдсэн, төрөөс мөнгө хуваарилахгүй бол таг зогсохоор болоод буй гэнэ. Ажилчид нь корона вирусын халдварт өртөх тутам шуудан түгээх нь удааширч америкчууд хүссэн юмаа цаг тухайд нь хүлээж авахгүй болно хэмээн тайлбарлаж байна. Бүх юм уялдаа холбоо, учир жанцантай ажээ.

Вакцин гаргаж авахад үүсэж буй нэг давуу тал нь корона вирус тийм амархан мутацад орж хувирахгүй байна гэнэ. Уг нь ханиадны ихэнх вирус очсон газартаа дасаж зохицоод, хамелеон шиг зүсээ хувиргаад баригдахгүй явчихдаг юм байх аа. Хэрвээ тэгвэл вакцин хийхэд бүр хүндрэлтэй болох ажээ. Корона вирус ил далд янз бүрийн замаар тусаж буйгаас шалтгаалан сүүлийн 2 сард бусад төрлийн өвчнөөр нас барсан гэж үзэж буй хүмүүсийн эсийн шинжилгээг ахин судалж, үхлийг нь корона вирустэй холбоотой эсэхийг шалгах ажээ. Ингэснээр цар тахлын улмаас өөд болсон хүний тоо улам ихэснэ гэж үзэж байна.

Корона вирусыг анх хүнсний зах, биологийн лабораториос тарсан гэдгийг ялгаж салгаж тогтоож чадаагүй, одоо болтол маргасаар байна. Ямартай ч Хятадын Ухань хотоос гарсан буцах замтай, буух мөртэй хэрэг. Хэрвээ санаатайгаар Биологийн лабораторит корона вирусыг үржүүлж байгаад гадагш алдсан бол Хятад улс хүн төрөлхтний өмнө үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг хэзээ нэгэн цагт хүлээх болно. Энэ бол одоохондоо батлагдаагүй таамаг төдий зүйл, хятадууд дэлхийд итгэл алдсанаас болж ийм хардалт, гүтгэлэгт унаж буй магадлал өндөр. Үнэнийг хэлэхэд тийм юм болоогүй байгаасай гэж бодож байна. Учир нь сайн ч бай муу ч бай Хятад улс манай мөнхийн хөрш болохоор бид үүн дээр их хүлээцтэй хандсан дээр. Айл хүний ам нэг гэж бас сүрхий үг шүү. Дэмий юман дээр дэрвээд байвал мөн л тусгүй, бидэнд илүү зовлон болно. Хэрвээ хүнсний захаас корона вирус тарсан бол дэлхий нийтээрээ Хятадыг шахаж, элдэв бузар амьтан идүүлэхгүй хориг тавиулах хэрэгтэй. Аль ч тохиолдолд Хятадад тулгарах олон улсын шахалт ихсэж бүр өр нэхэх төлөвтэй болов. Америкийн Миссури муж Ухань дахь биологийн 2 лаборатори, хүнсний зах, Хятадын коммунист намыг тус бүрд нь шүүхдэж, гарсан хохирлоо төлүүлэхээр мэдэгдэв. Муж улс гадаад улсыг шүүхдэж байсан тохиолдол урд өмнө гарч байсангүй. Эл асуудал цаашид хэрхэн өрнөх нь сонин байна.

Хавар болохоор урин цаг ирж, гадаа гарахад гоё байна даа. Далайн хөвөөгөөр алхахад даанч сайхан байлаа. Наргиан болгож, бага хүүгийн дунд сургуульд байхдаа хийлгэсэн "Made in Mongolia” цамцыг өмсөв. Цагийн жамаар хүүхдүүд өсөж, бид жижгэрч буй биз ээ.

Ш.Баатар
2020.4.25

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу