Санчгийн үс нь буурал болоход сайхан залуу насаа дурсах юм аа

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай энд манан хөөрсөн ч тэнгэр бүрхэг хэвээр үлдэв. Гэрийн хорионд суугаа болохоор амралтын өдрөө ном уншиж, Япон зурагтын баримтат кинонуудыг үзэж, раажав хүүгээсээ хол өнгөрүүллээ. Корона вирусын тухай мэдээнээс хэсэгтээ холдож, бодол санаагаа өөр чигт бэлчээхийг хичээв. Хүмүүс яагаад гэрийн хориог эсэргүүцэж жагсаад байна аа гэж надаас асуусан билээ. Гэрийн хорионы улмаас хүмүүсийн харьцаа царцаж, хүмүүсийн харьцаан дээр бизнес хийдэг иргэдийн орлого олох зам хаагдсанаас бухимдал үүссэн хэмээн гэж би бодож байна. Хоригт жижиг бизнесүүд л хүнд өртсөн буй за. Бизнес зогсохоор мөнгөний эргэлтгүй болж, түрээсээ төлөх боломжоо алдах, хоол хомсдож өлөн зэлмүүн болох учраас тэсэж үздэхийн төлөө гэрийн хориог эсэргүүцэж, гудамжинд гарч жагсаад, тэмцлийнхээ анхны хэлбэрийг үзүүлсэн хэрэг. Энэ бухимдлыг Америкийн төр засаг сайтар ойлгож буй тул хоригийг удаалгүй цуцлах чиг барьж байна. Хориг цуцалснаар хэн хожих вэ гэвэл бүх бизнес эрхлэгчид мөнгөний эргэлттэй болж, урьд үүссэн хохирлоо нөхөн амьдралаа хэвийн байдалд оруулах ажилдаа орно. Элдэв эрсдэл байлаа ч гэсэн тэдэнд буцах өөр зам алга. Тэд өөрсдөө халдвар авах эрсдэлд орох нь зүгээр суусаар юу ч үгүй болохоос хол давуу гэж үзэж байна. Бусдад учрах эрсдлээс хамгийн хүнд нь настай хүмүүст тусахаар болоод байна. Яг үнэндээ бол настай хүмүүсээ золигт гаргаад, өөрсдөө амьд үлдэх гэсэн орших, эс оршихын тэмцэл юм. Ийм нөхцөл үүсгэж буйгаараа цар тахал нь дайны шинжтэй болсон ажээ. Эрт цагт аюулаас хэлтэрч, амьд үлдэхийн тулд хүч чадал буурай хөгшин хөвөөгөө золиосолдог байсан нь олон үндэстний түүхэнд толбо болон тодорхой үлджээ. Өөрийн мэдэх хоёрхон жишээ дурдъя.

Японд Нараяама уулын домог гэж бий. Тэр домгоор бүтээсэн уран сайхны кино 1984 онд дэлхийд их алдаршиж билээ. Домгийн гол утга нь ядуу тарчиг хүмүүс өвлийнхөө хоолыг хэмнэхийн тулд хавар онд орохгүй байрын хөгшин хөвөө эцэг, эхээ намар анхны цаснаар бурхантай уулзуулах нэрээр хуурч, ууланд аваачиж орхиход тэр шөнөдөө хөлдөж үхдэг тухай юм. Уг кинонд бие сайтай нэгэн эмгэн бага хүүгээ найз бүсгүйгээ гэртээ авчрах санаатайг гадарлаад, хүүдээ туслахын тулд Нараяма ууланд гарч бурхантай уулзахаар шийддэг. Ууланд гарах нөхцлийн нэг нь ядаж үүдэн шүдгүй байх хэрэгтэй. Эмгэн үүдэн шүдээ хуга цохиод, том хүүгээсээ гуйсаар анхны цаснаар хүүдээ үүрүүлэн ууланд очиж, залбирч суугаад үлддэг. Тэдний замд ууланд очихыг хүсэхгүй байхад нь хүлж орилуулсаар эцгээ үүрч яваа хүн ч таарна. Настай хүмүүсээ цар тахлын эрсдэлд оруулах нь Японы балар эртний энэхүү ёсноос нэг их ялгаа алга мэт санагдана.

Монгол хэлэнд "ам тосдох ачийн хүү" гэдэг айхтар сүрхий утгатай үг үлджээ. Жилийн дөрвөн улирлын эрхээр өөд уруугүй нүүдэллэж ирсэн малчин түмэн хэвтэрт орсон өтгөсөө нүүдэл дамжуулан зовоохгүйн тул ачийнхаа хүүд зааж өгөөд, аманд нь сүүлний өөх хийлгэж, араас нь шаант чөмгөөр чихүүлээд, хоолойд нь тээглүүлж, хорвоог үдүүлдэг ёс байжээ. Яагаад ачийн хүүг сонгодог нь ухаан суугаагүй балчир нялх, мөн хөгшидтэй ойрхон өсөөгүй тул юу хэлснийг нь эргэлзэх юмгүй хийх болоод тэр. Хөгшид их урт наслах муу, өөрөө зүдэрч, өрөөлийг зовооно гэдэг байлаа. Бусдыг эрсдэлд оруулахгүй л гэсэн санаа буй за.

Гэрийн хориог цуцалж эдийн засгаа авран, өндөр настныг эрсдэлд оруулах нь манай эмч нарын хэлдгээр "Та одоо сайхан насалжээ" гэсэн үгтэй дүйх болно. Хэдий ийм харгис, хатуу сонголт дээр ирсэн ч ахмад хүмүүстээ сэтгэлээ нээж, тусламжийн гараа сунган, буяны ажил хийж буй мянга мянган нинжин сэтгэлтэй хүмүүс байгаа нь сайхан. Эрсдэлтэй насны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар мужийн захирагч маань олон сайн санаа дэвшүүлж, бүр байдал болохоо байвал ахиад хориг тавина гэсэн. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг билээ. Баахан уйтгартай зүйл бичсэнд хүлцэл өчье! Ямартай ч үхлийн муу тахал үтэр түргэн зайлж, зон олны бие сэтгэлийг чилээхгүй болох сайн цаг хурдан ирэхийг бэлгэдэж, энэхүү зурвасаа өндөрлөе.

Ш.Баатар
2020.4.26

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу