Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкчууд чинь харин чиг хүүхдийнхээ тоосыг гөвдөг ард түмэн юм байна. Энэ талаараа нийгэм журамд аль дээр дэвсэн орон гэж бодож явсан билээ. Манай энд нэг гүүр давбал нэлээд баян хүмүүс бас байна аа. Алдарт улаан гүүрний ард гарахаар цагаан голдуу чинээлэг хүмүүс амьдардаг. Марин дүүргийн сургуулийн албаны хүн раажаваар ярьж байна. Гэрийн хорионд орохоор турсагаа хуулуулж, гомдол гаргах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байжээ. Гэтэл дуудлагын утас цохих нь хоёр дахин татарчээ. Яав ийв явдал учир юунд вэ? гээд судлаад үзтэл хүүхдүүд гудам метрлэж, элдэв муу хүний үгэнд орж, өвс татах элдэв зовлонд унахгүй байгаа тул эцэг эхээсээ эрүүний шөл уух нь татарч, тоосоо гөвүүлэхээ бараг больсон байна. Тэгэхээр хаа газрын хүүхдүүд, эцэг эхүүд адил зовлонтой юм даа.

Цар тахлын тархалтад дүн шинжилгээ хийхийн тулд эмнэлгийн мэдээллээс судалгаанд зориулж бага сага ил гаргаж эхлэв. Сан Хозе хотын Лам Ресеөрч гэдэг электроникийн компанид менежер хийдэг, 57 настай, тогтмол дасгал хийдэг, эрүүл чийрэг эмэгтэй ханиад хүрээд, гэрээсээ ажиллаж байгаад 2 сарын 6-нд гэртээ нас барсан байжээ. Тэрээр урд нь гадаадад ажлаар явж байсан ажээ. Ханиад хөнгөн тусаад эдгэчихлээ гэж бодтол ийм юм боллоо гэж охин нь ярьжээ. Тухайн үед корона вирусын шинжилгээ тодорхой болоогүй байжээ. Хамгийн анх корона вирусээр баталгаатай нас барсан хүн 2 сарын 29-нд Сиэтлийн орчим бүртгэгдсэн гэж үзэж байсан юм. Харин тэр эмэгтэйг Америкт корона вирусын улмаар нас барсан анхны хүн болох нь ийнхүү шинжилгээгээр батлагдсан, корона вирус Санта Клара дүүрэгт 1 сарын дундуур дэлгэрсэн байх магадлалтай гэж эрүүл мэндийн ажилтан мэдээлэв. Манай эндээс машинаар нэг цаг явах ийм ойрхон газар Америкийн корона вирусын анхны халдвар бүртгэгдэв.

Өчигдөр Трамп Ерөнхийлөгч корона вирусыг хэт өндөр туяа ч юмуу, наранд шараад гаднаас нь устгаж, ариутгах ухааны юм яриад эмч мэргэжилтний гижгийг хүргэв. Корона вирусээс салах гэсэн санаа нь сайхан юм. Япончууд "кимочи дакэ итатакимасу" буюу "сэтгэлийг нь зөвхөн тосоод авья" гэж урамшуулж хэлэх дуртай. Түүнтэй л адил санагдлаа. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Трамп Ерөнхийлөгч их л сэтгэл гаргаж байна. Өөрийнх нь үгээр ажиллаж буй мужийн захирагчид их сайн байна. Манай мужийн захирагч Гэйвн Ньюсомыг онцгойлон магтаж байна билээ. Ойрын хугацаанд 16 муж хоригоо цуцалж, бизнесээ нээхээр шийджээ. Лас Вегас, Маяами бийч зэргийг нээж буй нь болж л байгаа юм болов уу даа.

Монголчууд маань зам дээр болгоомжтой явж байгаарай. Сэтгэлийн гүн хямралд унасан хүмүүс тайвшрах гэдэг юм уу, галзуу хурдан сүлжиж давхидаг болжээ. Хурдны зам дээр осол аваар зөндөө таарах боллоо. Уур бухамдлаа хаа хамаагүй юманд гаргах ч базаахгүй хэрэг ээ. Гэрт суулаа ХОРИН НЭГ ХОНОГИЙН ГЭРИЙН ХОРИО
дахь өдөр гээд манай монголчууд бухимдахгүй буй за. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!

Ш.Баатар
2020.4.24

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу