Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулан хагас их наяд долларын (350 тэрбум болжээ) зээл, тэтгэлгийн асуудал өнөөдөр Доод танхимаар (Хауз) орох ажээ. Жижиг бизнесээ байр түрээсэлж явуулдаг хүмүүст голдуу зориулах бололтой юм байна. Манай монголчууд байр түрээсэлж, хими цэвэрлэгээ, хумсны салон, үсчин, сүши зэрэг зоогийн газар ажиллуулдаг болохоор энэ зээлийг даруйхан олж авбал зохино. Эртхэн шиг хүсэлт гаргах анкетаа бөглөөд, хойноос нь анхаарал тавьж, асууж сураглаж байвал хэдэн төгрөг олдох янзтай боллоо.

Өчигдөр УОК-ын шуурхай штабаас 4 сарын 30-ны өдөр Солонгосоор дамжин ирэх зорчигчдоо авах болсон тухай мэдэгдэв. Миний ойлгосноор элчин, консулын газруудад хүсэлтээ гаргасан хүмүүсийн өргөдлийг УОК хүлээж аваад, тодорхой нөхцөл биелүүлсэн хэдийг шигшиж авснаа эргэж элчин, консулын газарт мэдэгдэж, сонгогдсон хүмүүстээ МИАТ-аар дамжуулан билетээ ав гэж хэлэх ажээ. Ердөө 7 хоногийн дотор сандарсан хүмүүс тив алгасан үүнийг хийж амжих уу? Америкаас Сөүл рүү нисэх билетээ МИАТ-аар дамжуулж давхар авна гэсэн үг үү? Америк агаарын хилээ хаасан гээд буй ч Солонгос руу нисэх нислэг хэвээрээ байна уу? Харин сонгогдсон иргэд заавал 48 цагийн дотор корона вирусын халдварын шинжилгээ өгсөн байх хэрэгтэй гэсэн хатуу заалттай оржээ. Тэр заалтыг гаргасан эрх мэдэл бүхий хүмүүс Америкт халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүсээс шинжилгээ авахгүй байгааг мэдсэнгүй юу? Хэрвээ энэ заалт хүчин төгөлдөр байсан бол Москвагаас ирсэн корона вирусын халдвартай оюутнууд онгоцонд суухын өмнө шинжилгээ өгөөд халдвар илрээгүй хэрэг үү? 2-3 мянган хүн буцах хүсэлтээ гаргасан байгаагаас 10%-ийг өндөр шалгуураар авах ажээ. Үүнд 80-аас дээш насны иргэд гарцаагүй орох уу? Сонголт хийсэн нэрсийн жагсаалтаа ямар шалтгаанаар сонгосон тайлбартайгаар нийтэд ил гаргавал хэл ам, хэрүүл уруул, гомдол санал бага дагуулах байх даа.

Нэгэнт 2 долоо хоног хүнсний дэлгүүр ороогүй тул өнөө өглөө бөөний худалдааны төв Костко орлоо. Бараг бүх бараа байна. Цэвэрлэгээний зориулалттай уусмалууд, бээлий зэрэг зүйлс алга байна. Үүдэнд шалгаад, амны хаалтгүй хүнийг оруулахгүй байна. Хүмүүс хоорондоо зай сайн барьж байна. Ажилчдаа хэрэндээ сайн хамгаалж байгаа нь илт харагдав. Барааны үнэ бага зэрэг нэмэгджээ. Нядалгааны газрын ажилчид халдвар авсны улмаас ажиллах хүн цөөрч, ажлын гүйцэтгэл буурсаар махны үнэ өсөх төлөвтэй байна гэнэ. Гурил, будаа, нойлийн цаас лав элбэг байна лээ.

Цар тахлын үед гэртээ хоригдож буй тул эцэг эх нь багш, эхнэр нь үсчин, хүн бүр тогооч, цэвэрлэгч болсон гэнэ дээ. Сониноос манай хотод усны хэрэглээ 30% буурсан нь хүмүүс өглөө орой хоёр тогтмол усанд орохоо больсонтой холбоотой гэнэ. Биеэ угаадаггүй билэг танхай америкчууд болжээ. Би л лав өглөө оройгүй нугас, галуу шиг усанд умбаж шумбаад байдаггүй болохоор энэ тоонд нь орохгүй биз ээ. Манай мужийн захирагч гэрийн хориогоо цуцлах хугацааг одоогийн байдлаар тодорхой хэлж чадахгүй гэж байна. Учир нь мужийн хэмжээгээр өдөртөө 16 мянган шинжилгээ авч буй, үүнийг ядаж 3 дахин нэмж байж нээнэ гэв. Шинжилгээнд зориулж их мөнгө цацаж буй ажээ. Сайн цаг удахгүй ирэх болтугай!

Ш.Баатар
2020.4.23

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу