Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт цар тахлын тархалт буурахгүй, түүнтэй тэмцэх тэмцэл ч буурахгүй ёстой оволзож байна. Хажуугаар нь улс төрийн тэмцэл хурцдаж, цар тахалтай тэмцэх тэмцлийн эрч хүчийг бууруулах янзтай байна. Уг нь эв эеэ хичээвэл хамтын хүчээр гамшгийн ард хурдан гармаарсан. Энэ удаагийн Америкийн төрийн тогтолцоо нь Ардчилсан намынхан зонхилох Доод танхим (Хауз), Бүгд найрамдах намынхан олонхи болсон Дээд танхим (Конгресс), дээр нь Ерөнхийлөгчөөс бүрдэж байна. Аливаа асуудлыг доороосоо дээшээ оруулж шийдэгдэхээр Ерөнхийлөгч баталгаажуулж гарын үсэг зурдаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн асуудал ч мөн энэ замаар явж шийдэгдэнэ. Яг одоо Трамп Ерөнхийлөгч Доод танхимын дарга Пелоси хоёрын хооронд үзэн ядалт, улс төржсөн цусгүй дайн явагдаж байна. Пелоси нь бүх тохиолдолд Трампыг үгүйсгэж, шийдвэр бүрд нь саад хийхийг хичээнэ. Хүүхэд дийлдээд ирэхээрээ хаздаг шиг Трамп Ерөнхийлөгч асуудал болгон дээр Пелосиг "ард түмний дайсан" болгож нотлох гэж дэмий үг хавчуулна. Үнэндээ чадах чадах саадаа хийж асуудлыг гацаана. Энэ удаад Трамп жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэмж 450 тэрбум долларын зээл олгох асуудал Доод танхимд оруулж, Пелоси гацаачихсан тул үүнд Дээд танхимын сенатууд нэлээд ууртай байна. Улс төрд гарч буй ийм гацаа бол нэгт цар тахлын эсрэг тэмцлийг сулруулж, хоёрт ард түмнийг бухимдуулж, хямралыг гүнзгийрүүлж байна.

Хөл хорионы улмаас онгоц нисэх, машин унах нь буурч шатахууны хэрэгцээ эрс багассанаас болж газрын тосны бизнесийг урд өмнө байгаагүйгээр хямруулав. Энэ хямралаас гарахын тулд Саудын араб, Орос хоёр тохиролцоонд хүрч, үнээ унагаж, газрын тосны үйлдвэрлэлээ нэмэв. Хэт хямд газрын тос Америкийн газрын тосны компаниудыг сөнөөх тул гаднаас авах газрын тосыг хязгаарлах боломж бий болов. Гэтэл түүнээс өмнө шатахууны хэрэглээ эрс буурснаас нөөцлөх багтаамжгүй болж, илүүдэл газрын тосоо хадгалахын тулд мөнгө зарах шаардлагатай болов. Үүний улмаас нэг торх (баррель) газрын тос огт үнэгүйдэж, бүр өр болов. WTI газрын түүхий тосны хувьцаа -27.63$ хүртэл унаж урд өмнө түүхэнд гараагүй хямрал нүүрлэв. Трамп Ерөнхийлөгч илүүдэл газрын тосыг улсын нөөцөнд авна гэж зарласнаар өнөөдөр тэр хувьцаа дээшилж байх шиг. Энэ бол эдийн засаг цаашид гүн хямрахын том үзүүлэлтийн нэг болж байна.

Аливаа өвчин зовлонг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ хэлж, анхааруулж ирдэг бололтой. Энэ цар тахлын урьдчилсан анхааруулга нь 2002 оны САРС, 2006 оны шувууны ханиад N5H1 болно. Тэд хэт хүчтэй, туссан хүнийхээ 60%-ыг маш богино хугацаанд авч одож байсан учир өргөн хүрээнд тархаж чадаагүй, өөрөө өөрийгөө бараг устгачихсан хэрэг. Энэ удаа байгаль эх өргөн тархаж болохоор нэлээд боловсронгуй төрлийн вирус хүн төрөлхтөнд илгээжээ. Корона вирус нь халдвар аваад удаж илэрдэг, дорой сулыг олж авдгаас болж ийнхүү хүчтэй тархаж, дэлхий нийтийн тахал гамшиг болчихлоо. Вакцин хийхээс өмнө үнэндээ корона вирусын дархлааг (антибоди) яг олж тогтоогоогүй, эрдэмтэд энэ талаар маргалдаж байна. Манайхан энд ийм вакцин гарлаа, тэнд тийм вакцин гарлаа гээд хөөрөөд л байх юм. Тэдгээр нь зөвхөн туршилтад гарч буй болохыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нийтийн хэрэгцээнд вакцин гартал нэлээд хугацаа хэрэгтэй. Хэрвээ корона вирус улирлын чанартай болж хувирвал байдал бүр сунжирч, эдийн засаг улам хүндрэх болно.

Гэрийн хорионоос болоод сэтгэцийн өвчин улам сэдэрч, их газар авч буй талаар раажав хүү зөндөө ярив. Олны дунд мандаж байх "би" төвтэй хүмүүс ганцаардалд унаж, гэнэт хямарснаас сэтгэцийн өвчинтэй болж эхэлсэн гэнэ. Ганцаараа уйдахдаа архи уугаад, биеэ барьж дийлэхгүй архичин болж буй хүн ч олширсон гэнэ. Хоригдож бухимдсан зарим хүн араатан төрхөө харуулж, бухимдлаа ойр дотнынхондоо гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл газар авч, олон сөрөг үр дагавар гарч байна гэнэ. Эцэст нь хэлэхэд эрх дураараа жаргаж дассан хүмүүст гэрийн хорио цаашид таарахгүй болсон ажээ.

Монголд маань корона вирусын халдвар авсан хүмүүс олширч буй нь сэтгэл түгшээх боллоо. Манайх шиг жижиг улсад цар тахлын тархалт хяналтаас гарвал төсөөлөхийн аргагүй юм болж, их хэцүүднэ дээ. Манайхан хандив тусламж, хүмүүнлэгийн, буяны үйл ажиллагааг сайн ойлгодоггүй болохоор гамшиг хүнд тусна гэж бодож байна. ЭМЯ-наас өдөр бүр тогтсон цагт мэдээлэл хийж буй их сайн байна. Гадаадад өрнөх явдлыг ярьж, анхаарал сарниулаад хамаг цагаа авчих юм. Дотоод байдлаа сайтар тайлбарлах, цаашид яах ийх, хаана ямар бэлтгэл хийж буйгаа илүү тодорхой ярьж болдоггүй юм уу? УОК-той хамтраад мэдэгдэл хийж болдоггүй юм уу? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд эвэртэн туруутангууд оролцож бас болдоггүй юм уу? Хүнд хэцүү үед тэд юундаа тэгтэл үл үзэгдэн вакуумжина вэ? Одоо л ил гарч, ард түмэнтэйгээ хамт байх цаг даа. Молхи миний мунхаг бодол энэ болой.

Ш.Баатар
2020.4.21

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу