Багадаа бахархаж өссөн аравгар хээрийн хөшөөний өмнө. Арвайхээр хот

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт цар тахлын тархалт өдөр ирэх тутам улам газар авсаар, улс амьтныг сандаргасаар байна. Хоногтоо 2 мянган хүнээ алдаж байхад "Оргилдоо хүрлээ, одоо жаахан буурлаа, хонгилын үзүүрт гэрэл ёлтойв" гэх мэт Трамп Ерөнхийлөгчийн хэлэх үг чихэн дээр цэцэг ургах мэт санагдах болжээ. Харин Нью Йорк мужийн захирагч Андрью Куомогийн хоолойгоо чичрүүлэн байж "Та нар ирж туслаач ээ! Бид үнэхээр хэцүүдэж байна шүү!" гэж хэлсэн үнэн үг сэтгэл хэрчиж, зүрх зүснэ. Уг нь цар тахал хаанаас гарсан нь нэн тодорхой баймаар бодогдох юм. Гэтэл үүнийг тойрсон явган хэрүүл улс орнууд дамнан үргэлжилнэ. Ухань хотын хүнсний захаас гарсан, үгүй ээ цэргийн зориулалттай биологийн лабораторид туршилт хийж байгаад гадагш алдсан, үгүй ээ Америкийн цэргийнхэн Уханьд авчирч тараасан гээд хаашаа л бол хаашаа энэ сэдэв савална. Нэгэнт цар тахал тархаад дэлхийг бүрхсэн энэ цагт хаанаас дэгдсэн нь бус хэрхэн хамтын хүчээр дарж авах нь нэн чухал баймаар даа. Үүнтэй холбогдуулаад адил чанарын САРС вирус хэрхэн тархаж, яаж дарсныг товч хэлье.

2002-2003 оны зааган дээр Хятадын Гуаньжоу мужаас анх дэгдэж, Хонконгоос дамжин, Вьетнамд орж ирээд мэргэжлийн хүний хараа, сонор сэрэмжид өртөж, ДЭМБ ч цаг алдалгүй хөдөлж, Хятад, Вьетнам улстай хамжин дарж аваад, дэлхий дахиныг аюулт САРС тахлаас аварсан билээ. ДЭМБ-ын зүгээс хумхаа өвчний халдвартай тэмцэх Вьетнамын төсөл дээр Карло Урбани гэдэг итали эмч Ханой хотноо ажиллаж байв. Хонконгоос ирсэн өвчтөнд хатгаа тусаж, эмнэлэгт хэвтээд үтэр түргэн хүндэрсэн учир Карло эмчийг дуудаж үзүүлжээ. Өвчтөн хэт өндөр халуурч, түүний уушгины рентген зураг цав цагаан шахуу болсныг Карло эмч хараад, тахлын шинжтэй гэж үзсэн тул яаралтай тусгаарлахыг шаарджээ. Гэтэл Гонконгийн талаас онгоц явуулж, тус өвчтөнийг авахуулахад, Карло эмч дургүйцсэн боловч тэд зөвлөгөөг тоолгүй, хүндэрсэн ханиад гэж үзээд явуулчихжээ. Тун удалгүй тус өвчтөнийг асарч байсан 4 эмч, сувилагч өндөр халуурч, хатгаа болоод, хормын зуур амьсгалын аппаратад шилжжээ. Карло эмч тэднийг нэг бүрчлэн үзэж, шинж тэмдгийг нь сайтар бичиж аваад, Вьетнамын Эрүүл мэндийн яам болоод ДЭМБ-д "шинэ төрлийн тахал илрэв" гэж яаралтай мэдэгдсэн байна. Тэр хооронд Хонконгт очсон өвчтөн 4 хонож үхээд, түүнийг эмчилсэн 9 эмч, сувилагч халдвар авч, сэхээнд оржээ. Карло эмч яаралтай Гонконг орж тэдгээр эмч сувилагч нараас өвчний явцыг нарийн тэмдэглэж авах зуур Гуанжоуд хүмүүс их халуурч, хурдан үхэж буйг олж мэдээд ДЭМБ-аар дамжуулан эмч нартай нь холбоо тогтоосон байна. Карло эмч Вьетнамын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдэд "энэ тахлын халдварыг нэн яаралтай дарж авахгүй бол танай улсын эдийн засаг, хүн амд нөхөж баршгүй хохирол учруулж,улмаар дэлхий дахиныг мөхлийн аюулд хүргэнэ" гэж ятган ойлгуулж, ДЭМБ, Вьетнам, Хятадын хамтарсан хуралдааныг хийж, яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Халдвар авсан Карло эмчийн бие муудаж, Бангкокийн эмнэлэгт очоод, хэд хоногийн дараа өөд болжээ. Түүний 28 хоногийн тэмдэглэл нь маш чухал мэдээлэл агуулсан, САРС-тай тэмцэхэд чухал баримт болж үлдсэн байна. Аюулын харангыг цаг алдалгүй дэлдэж чадсан Карло Урбани эмчийн гавьяаг их үнэлдэг ажээ. Харин энэхүү цар тахал дээр анх мэдээлсэн эмч нарыг Хятадын эрх мэдэлтнүүд шоронд хорих зэргээр асуудлыг дарагдуулж, цаг нэлээд алдсан байна.

Калифорни мужийн Сан Диего хотод гэрийн хориог эсэргүүцсэн жагсаал болов. Мужийн захирагч тэдний жагсах, үг хэлэх эрхийг хүндэтгэж байна хэмээн хэлээд хэрэгсэхгүй орхив. Өндөр настны газруудыг хэрхэн хамгаалах талаар тун сайн анхаарч байна. Энд гарч буй нэг хүндрэл нь өндөр настныг тусдаа эмчлэх боломжгүй, корона вирусын халдвар авсан хүмүүстэй холилдох тул эрсдэл ихтэй болчихоод байна. Анхнаасаа бэлтгэлтэй байж, зөвхөн цар тахлын халдвар авсан хүмүүст зориулсан эмнэлэгтэй болоогүй тул ийм хүндрэл гарав. Хятад улс энэ тал дээр тун зөв шийдвэр гаргажээ.

Өглөө Сан Франциско хот дахь Калифорнийн их сургууль (зөвхөн анагаах) орж, хуваарь ёсоор нүдээ үзүүлэв. UCSF нь Харвард, Стэнфорд, Колумбын анагаах ухааны их сургуулиудтай өрсөлддөг, дэлхийд дээгүүр зиндаанд ордог анагаахын их сургууль юм. Энд төгссөн япончууд нутагтаа очоод ёстой хамрынхаа үзүүрийг хардаг юм билээ. Жаахан гэм нь оюутнуудын туршилтын туулай болчих гээд байдаг тал бий. Корона вирусын халдвараас сэргийлэхийн тулд дэг нь маш чангарсан байна. Гадаа үүдэнд нь хамгаалалтын залуус холхиод, "Хэрэг зориг юунд вэ?" гэж сэжигтэй асуув. Үзлэгийн хуваарьтай гэхэд дотогш дохиод оруулав. Дотор үүдэнд нь хэдэн ширээ тавьсан байна. Сувилагчийн хувцастай нэг хүүхэн "Наанаа зогс! Тэр хогийн саванд амны хаалт, бээлийгээ хая! Тэгээд гараа ариутгаад шинэ маск авч зүүгээд, эмнэлэгт нэвтрэх шошгоос нэгийг авч зүү! Та өнөөдөр бүтэн өдөр эмнэлэг дотуур явах эрхтэй боллоо." гэв. Дараа нь "Хэт нутаг хаана вэ? Хэрэг зориг юунд вэ? 14 хоногийн дотор гадаад явсан уу? Нью Йорк орсон уу? Халдвар тарсан газраар яваагүй биз? 24 цагийн дотор халуурсан уу? Ханиалгасан уу? Хоолой сэрвэгнэсэн үү? Биеэр чинь шархирч өвдсөн үү? Ханиадны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү? Гэр оронд чинь корона вирусээр өвдсөн хүн бий юу? Корона туссан хүнтэй ойртсон тохиолдол байна уу?" гээд гинж шиг урт асуулт дуржигнатал асуугаад, би ч бараг асуухаас нь өмнө Үгүй гэж хариулаад л байлаа. 5 минутын байцаалт дуусангуут нүдний тасаг руу жирийв. Давхартаа гартал шатны ойрхон бас 2 сувилагч ширээ тавьчихсан, миний нэрийг жагсаалтаас олсны дараа доор асуусан бүх асуултыг давхар асууж тэмдэглэж аваад, хүлээн авах дээр дагуулж очив. Ийм 2 давхар хяналт нэмэгдсэн байна. Эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалж буй нь нэн сайн хэрэг. Зорьсон хэрэг ч зовох юмгүй бүтлээ. Эмнэлэг ч халдвар авахад тун ойрхон газар шүү! Тун болгоомжтой эмнэлгээр орж гарна биз ээ.

Ш.Баатар
2020.4.20

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу